УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Бөхчулууны Пүрэвдоржтой ярилцлаа.

-Сар шинийн өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани иргэн тус бүрд ногдол ашиг 580 мянган төгрөг олгох санаачилгыг та гаргасан. Иргэдэд ийм хэмжээний ногдол ашиг тараах боломж байна уу. Нэг талаасаа зөв мэт ч нөгөө талаасаа сонгууль угтсан шоу болчихов уу гэж харагдлаа?

-“Эрдэнэс Тавантолгой” компани өнгөрөгч онд өмнө нь байгаагүй их хэмжээний нүүрс экспортолсон. Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар газрын доорх баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Энэ хүрээнд 1072 хувьцааг Монголын ард түмэнд тараасан. Тиймээс ашигтай гарсан жилдээ ард түмэндээ тодорхой хэмжээнд ногдол ашиг олгох ёстой юм. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 2016 онд ганц удаа 300 мянган төгрөгийн ногдол ашиг олгосон. Түүнээс хойш ашигтай ажиллах боломж их байсан ч эрх баригчдын хулгайгаас болоод ард түмэн ногдол ашиг авч чадаагүй. Нэг үгээр хэлбэл, ард түмэнд очих ёстой байсан ногдол ашгийг МАН-ынхан дээрэмдсэн гэсэн үг.

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний арилжаа наймаа ил тод болж, нүүрсний хулгайтай тэмцэж, экспорт нэмэгдсэнээр ногдол ашиг тараах боломж бүрдсэн. Уурхайн аман дээрээс 60 ам.доллараар борлуулж байсан бол нүүрсээ биржээр арилжаалж эхэлснээр 180 ам.доллар болж нэмэгдсэн.

“Эрдэнэс Тавантолгой” компани 2022 онд 1.3 их наядын цэвэр ашигтай ажилласан. Тэгвэл 2023 онд гурван их наядын цэвэр ашигтай ажилласан байгаа юм. Тэгэхээр сүүлийн хоёр жилийн 4.3 их наядын ашгаас компанийн үйл ажиллагааны зардал, шаардлагатай тоног төхөөрөмжийн зардлыг хасаад, үлдсэн цэвэр ашгаас иргэн бүрд 580 мянган төгрөг ногдож байгаа юм. Тэгэхээр сонгууль угтсан шоу, популизм гэж харж болохгүй л дээ.

-Энэ мөнгөөр иргэд сар шинээ тэмдэглэх нь зөв юм уу?

-Иргэдийн амьдрал ямар байгааг эрх баригчид мэдэхгүй байгаа бол хөдөө гадаа явж иргэдтэй уулзаж, ахуй амьдралыг нь судлах хэрэгтэй. Иргэд цагаан сараа яаж хийх вэ хэмээн үгээ барж сууна. Эрх баригч намынхан биш, иргэд өрнөөс өрийн хооронд өдрийн бор хоногийг өнгөрүүлж байна. Тиймээс цагаан сарын өмнө “Эрдэнэс Тавантолгой” компани Монголын 3.4 сая иргэн тус бүрд ногдол ашиг тараах ёстой.

-Сөрөг хүчний гишүүн шаардлага тавихаар эрх баригчид хөдлөх үү?

-Эрх баригчид “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг иргэдэд бүтэн эзэмшүүлэх УИХ-ын тогтоолын төслийг оруулж ирсэн. Уг тогтоолын төслийг баталснаар иргэддээ хувьцааны ногдол ашиг тараах арга хэмжээ авна.

Дөрөвдүгээр сарын 1-нд цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Мөн дөрөвдүгээр сарын сүүл, тавдугаар сарын эхээр “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг тараана. Нэг талаасаа ногдол ашиг өгч байгаа мэт боловч нөгөө үзүүрт нь МАН ард түмнээ боддог гэсэн мессэж тарааж, сонгууль угтсан санал авах адын хүсэл уяатай яваа.

-Үүнийг дагаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх байх даа…

-Дөрөвдүгээр сарын цалин, тэтгэврийн нэмэгдэл, “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг тарааснаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өснө. Наймдугаар сар гэхэд цалин, тэтгэвэр нэмсний ялгаа огт байхгүй болно. Ногдол ашиг өгсөн нь ч үр дүнгүй болох юм.

Хэрэв цалин, тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс нэмсэн бол тавдугаар сар гэхэд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх байсан. Тиймээс сонгуулийн өмнө тэгж оноо алдахыг хүсээгүй.

-Зургаадугаар сард УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр анх удаа болох гэж байна. Та Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт ажиллаад ирсэн. Холын хүнээс үг сонс гэдэг. Баруун аймгийн иргэд юу ярьж байх юм?

-Ард түмэн эрх баригчдаас хулгай хийхээ боль гэж шаардаж байна. Баруун аймгуудад цас их орж, зудын байдалд орсонтой холбоотойгоор иргэд малаа нядалж байна. Тухайлбал, 500 малтай өрх өвөлжилт хүндэрснээс болж 300 толгойг нь нядалж, хотоо харлуулалгүй цөөн хэдэн малаа авч үлдэж байх жишээтэй.

Улсын нөөцөөс суманд 20 тонн тэжээл өгдөг. Түүнийг нь өрхүүдэд хуваахаар нэг айлд нэг шуудай тэжээл ногддог. Зах зээл дээр малын тэжээл ховордож, үнэ нь тэнгэрт хадсанаас болж малчид малын тэжээлээ авч чадахгүйд хүрлээ. Засгийн газар үүнд анхаарч, малчид зах зээл дээрээс аль болох хямд үнээр хивэг, тэжээлээ худалдаж авах боломжийг нээж өгөх ёстой.

-Угаасаа манай дотоодод хивэг, тэжээл хомс байгаа юм биш үү?

-ОХУ-д малын тэжээл маш хямд байна. Ойролцоогоор нэг шуудай малын тэжээл 30 орчим мянган төгрөгөөр орж ирэх боломжтой байгаа юм. Энэ боломжийг нээх замаар аль болох хямд үнэтэй тэжээл ороод ирвэл иргэд Улсын нөөцөөс ганц шуудай тэжээл хүлээгээд суух шаардлагагүй. Тиймээс хямд тэжээл авч, малаа онд оруулах хүсэл малчдад их байна. Засгийн газар, ХХААХҮ үүн дээр анхаарч ажиллах шаардлагатай.

-Үнийн өсөлтийн талаар иргэд бухимдалтай байна уу?

-Мэдээж, асар их бухимдал байна. Бухимдал нь буцалж байна. Засгийн газар өөрсдийн хийсэн хулгайг ээлж, дараагаар нь илрүүлэх үзүүлэх тоглолт хийж байна. Үүний зэрэгцээ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, төгрөгийн ханшийн уналтаас болж ажлын байрны олдоц тааруу, шинэ бизнес эхлүүлэх ямар ч боломж алга.

Эрх баригчид иргэдийнхээ амьдрал руу орсон, хөрсөн дээр буусан ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүй байна. Иргэдийнхээ амьдралын хөрсөн дээр бууж ажилламаар байгаа юм. Саран дээрээс яаж иргэдийн амьдралыг харах юм бэ.

-Засгийн газар авлига, хулгайтайгаа тэмцэж чадав уу?

-Засгийн газар нүүрсний хулгай дээр сайн ажилласан гэж иргэд харж байна. Харамсалтай нь, энэ олон хулгай ил болоод байхад хуулийн хүрээнд шийдэгдэж байгаа юм алга. Намынхаа хэн нэгнийг намнах замаар өгөөш гаргаж шидэхээс биш, хариуцлага тооцож чадахгүй байна.

-Сонгууль бүсчилсэн хэлбэрээр явахаар нэг нэр дэвшигчээс гарах зардал төдийчинээ нэмэгдэнэ гэсэн үг. Нэг аймагт гаргадаг зардал дөрвөн аймагт гарах нь. Та дэмжиж байгаа юу?

-Олигархиуд өмнө нь нэг аймгийг сонгогчидтой нь бүхэлд нь худалдаад авчихдаг байсан. Төрд ажиллаж, мөнгөө арвижуулсны үндсэн дээр дөрвөн аймгийг худалдаж авах чадалтай, мөнгөтэй болсон. Тиймээс АН болон бусад нам, нэр дэвшигчдийг санхүүгийн хувьд боомилох, хүч хүрэхгүй байлгах замаар бүсчилсэн сонгууль хийх гэж байгаад харамсаж байна.

-“Эрдэнэс Монгол” компанийн захирал С.Наранцогт 580 мянган төгрөг олгох боломжгүй, харин 233 мянган төгрөг олгох боломжтой. Хэрэв таны хүсээд байгаа хэмжээгээр олговол “Эрдэнэс Тавантолгой” компани цаашлаад “Эрдэнэс Монгол” дампуурна гэж ярьсан шүү дээ?

-“Эрдэнэс Тавантолгой” компани 11 оффтейк гэрээнд зориулж 20 гаруй их наяд төгрөгийн зардал гаргасан. Эрх баригч намын томоохон албан тушаалтнууд уг мөнгөнөөс идэцгээсэн. Тухайлбал, төмөр замыг нэг дахин илүү өртгөөр тавьсан байх жишээтэй. Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ 450 ам.долларт хүрчихээд байхад уурхайн амнаас 60 ам.доллараар зарж, төмөр зам бариулсан. Тэр төмөр зам нь мухар.

Эрх баригчид идэж уух болохоороо “Эрдэнэс Тавантолгой”-г халбагадаж дуусгачихаад, ард түмэндээ өгөх болохоор 580 мянган төгрөг өгөх боломжгүй, 233 мянган төгрөг өгнө гээд байгаа. Ийм л хүмүүсээр бид төр бариулж байна.

Э.ЭНХБОЛД

2 САНАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу