Швейцарийн Давос хотноо жил бүр болдог Дэлхийн эдийн засгийн чуулган өнөөдөр (2024.01.17) үл танигдах “Х өвчинд бэлтгэх нь” сэдвээр үргэлжилнэ. ДЭМБ-аас энэ өвчнөөс үүдэлтэй нас баралтын тоо COVID-19-өөс 20 дахин их байж болзошгүй гэж мэдэгдээд буй юм.

Энэ өдрийн хуралдаанаар дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд тулгамдаж буй сорилтод бэлтгэхийн тулд улс орнууд ямар хүчин чармайлт гаргах шаардлагатайг хэлэлцэх ажээ.

ДЭМБ-ын захирал Тедрос Адхан Гебрейюс, Бразилын Эрүүл мэндийн сайд Низиа Тринидад, эмийн үйлдвэрийн “Astrazeneca” компанийн ТУЗ-ийн дарга Мишель Десмарайс нар энэхүү “Х” өвчний талаар илтгэл тавих юм байна.

Тус байгууллага цахим хуудастаа “Сэрэмжлүүлж буй “X” өвчин нь коронавируст тахлаас 20 дахин илүү үхэлд хүргэж болзошгүй тул эрүүл мэндийн системийг ирээдүйд тулгарч болох олон сорилтод бэлтгэх талаар хэлэлцэнэ” гэж тодотгожээ.

“Өвчин X” гэж нэрлэгдсэн шинэ халдвар нь Эбола вирустэй адил өндөр халдвартай, цусархаг халууралтын хүнд шинж тэмдэгтэй аж. Эрдэмтэд судалгаа, шинжилгээ хийсний үр днд “Энэ нь Эбола, эсвэл өөр зүйл биш, цоо шинэ зүйл” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

CNN агентлагийн мэдээлснээр, уг вирус 2021 онд Конгогийн баруун хэсэгт амьдардаг нэгэн эмэгтэйгээс илэрчээ. Микробиологичид түүнийг шинэ эмгэг төрүүлэгчийн тээгч гэж үзсэн байна. Эрдэмтэд өдгөө энэ өвчний талаар хийж буй судалгаагаа үргэлжлүүлж байгаа аж.

“Х” өвчин гэдэг нь олон улсын хэмжээний цар тахлыг үүсгэх ирээдүйн үл танигдах өвчний тухай хийсвэр ойлголт бөгөөд “Х” нь гэнэтийн гэсэн сануулга юм байна.

Зарим эрдэмтэд “X” өвчин нь урьд өмнө мэдэгдээгүй, эсвэл урьд өмнө нь хүмүүст хор хөнөөлгүй эмгэг төрүүлэгчийн улмаас үүссэн тахал өвчний эрсдэл гэж үзжээ. Ийм халдвар нь мутаци, террорист халдлага, лабораторид ажиллахдаа хайхрамжгүйн улмаас алдаа гаргасны үр дүнд гарч ирсэн байх магадлалтай бөгөөд энэ нэр томъёог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) анх гаргажээ.

Хятадад 2019 оны сүүлээр гарч, улмаар дэлхий даяар тархсан коронавирусыг эмч нар “X халдвар” гэж нэрлэсэн. ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхий даяар 6.9 сая орчим хүн нас барсан нь коронавирусын тахал түүхэн дэх хамгийн их үхлийн аюултай тахлын нэг болжээ.

Зарим эмч нар өвчний урьдчилан таамаглах боломжгүй байдал нь дараагийн  “X” өвчнийг улам аюултай болгож болзошгүй гэж эмээж байгаа аж. Америкийн дархлаа судлаач, Цагаан ордны эмнэлгийн зөвлөх асан Энтони Фаук “Хүн төрөлхтөн “хүлээж байгаагүй зүйл”-дээ ихэвчлэн цочирддог” гэж хэлжээ.

Оросын эрүүл ахуйн ерөнхий эмч асан Геннадий Онищенко 2021 оны нэгдүгээр сард шинэ халдвар гарч ирэхийг “зайлшгүй хувьслын үйл явц” гэж нэрлэсэн байна. Түүний ийм мэдэгдэл хийх болсон шалтгаан нь Конгод үхлийн аюултай “X өвчин” гарсан тухай мэдээтэй холбоотой байжээ. Тэрбээр “Шинэ өвчин дэгдэхэд хамгийн чухал зүйл нь сандрах, уран зөгнөл тархахаас урьдчилан сэргийлэх явдал юм” гэж хэлсэн байна.

Америкийн хэвлэлүүд ДЭМБ-ын мэргэжилтнүүд хэт болгоомжтой хандаж, айдас төрүүлэхийг оролдсон гэж шүүмжилжээ. Үүний зэрэгцээ эмч, “Тахлын төгсгөл” номын зохиолч Жонатан Квик ДЭМБ-ын бодлого тэнцвэртэй байгаа бөгөөд “тайван байдал одоогоор ихээхэн эрсдэл дагуулж байна” гэж үзэл бодлоо илэрхийлсэн байна.

ДЭМБ 2015 оноос хойш хамгийн аюултай өвчний жагсаалтыг гаргаж буй. Эмгэг төрүүлэгчдийн жагсаалтад коронавирус, флавивирус, цусархаг халууралт оржээ. Мөн 2018 оны хоёрдугаар сард вакцин, эмчилгээг яаралтай хийх шаардлагатай эмгэг төрүүлэгч болон өвчний жагсаалтад “X” өвчнийг ч нэмж оруулсан байна.

Судлаачид шинэ тахал өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд “X” өвчний анхны тохиолдол илэрснээс хойш хэдэн сарын дотор вакцин бүтээхэд туслах платформ хөгжүүлж байгаа аж. Энгийнээр хэлэхэд, тэд шинэ вакцинжуулалтын жор бий болгох нь.

Вирусыг илрүүлсний дараа хөгжүүлэгчид вирусын геномын дарааллыг эрэмбэлж, урьдчилан бэлтгэсэн платформд оруулах боломжтой гэж үзэж буй юм байна.

Эх сурвалж: WHO, CNN, KOMMERSANT
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу