УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг хэлэлцлээ. Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлж, асуулт асуун, хариулт авав.

УИХ-ын гишүүн Ш.АДЬШАА: Нүүрсний хэргийг хянан шалгах түр хорооны анхны цуглуулсан нотлох баримтууд сонсголын үеэр хэлэлцэгдээгүй. Зорилгоосоо хазайсан гэж үзэж байна. Олон асуудал дарагдсан шүү. Тэр мэдээлэл нь бидэнд байна.

Түр хорооны шинжээчдэд би маш их эргэлзэж байна. Гэрчүүдийг дуудахдаа нас барсан гурван хүнийг дуудсан. Энэ хүмүүсийг ямар баримтаар яах гэж дуудсан юм бэ. Нүүрсний сонсгол энэ парламентын үеэр дуусаж байгаа гэж битгий ойлгоорой. Дараагийн парламентын үеэр энэ асуудал ноцтой хэмжээнд яригдана шүү” гэв. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.ЭНХБАЯР: Хяналт шалгалтын Түр хороогоор “Тавантолгой”, “Эрдэнэс Тавантолгой”-н нүүрсний хэргийг шалгасан. УИХ-аас бусад нүүрсний уурхайг шалгах даалгавар өгөөгүй. Тухайлбал, таны төмөр замын хэрэг рүү ороогүй гэсэн үг. Зөвхөн энэ хоёр компанитай холбоотой асуудлыг шалгасан.

Хоёрдугаарт, шинжээчид 12-13 жилийн хугацаан дахь цаасан нотлох баримтын хүрээнд хяналт, шалгалт хийсэн. Тухайн үеийн хүмүүс нас барсан эсэх нь тодорхойгүй учир шинжээчид мэдэхгүйгээр нас барсан хоёр, гурван хүнийг зарласан. Тухайн үед талийгаач болсон хүнийг дуудсандаа тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйсан. Энд дахин уучлалт хүсье.

12:00 цагт Түр хороо хуралдаж, нэрс зарлаж байхад өмнөх шөнө нь шинжээчид нойргүй хонож байсан. Тэр үер Түр хорооны дарга шинжээчдийн дүгнэлтэд нөлөөлж, хэн нэгнийг дуудаагүй.

Түр хороо намрын чуулганы хугацаанд тайлангаа гаргах үүрэгтэйгээр байгуулагдсан. Бидэнд хоёрхон сарын хугацаа байсан. Энэ асуудалд Хөгжлийн банкны хэрэг шиг зургаан сарын хугацаанд ажиллах боломж байсан бол олон асуудал тодорхой болох байлаа. 

Ш.АДЬШАА: –Б.Энхбаяр аа, би хатуухан хэлье. Нүүрсний сонсгол сөрөг хүчнээ намнах, том гэмт хэргийг дарах үйл ажиллагаа болсон шүү. Үүнийг цаг хугацаа харуулна.

Б.ЭНХБАЯР: Цаг хугацаагаар олон юм тодорхой болсон. Тухайлбал, Н.Алтанхуягийн хамаарал бүхий Дэнзэнгийн гэх 17 тэрбумын нүүрс ачиж, буулгах талбай (НАБТ)-н асуудал Ш.Адьшаа гишүүнтэй холбоотой байсан юм билээ. Ш.Адьшаа гишүүн тэрийгээ авч чадаагүй. Түүндээ хорсоод, холбогдох мэдээллийг тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ынханд дамжуулж, тэднээр Дэнзэнг “хусуулж”, Я.Батсуурийг хонгилоор чирүүлж явсан түүхтэй хүн юм билээ.
 
Нүүрсний хэргийг хянан шалгах Түр хороог анх байгуулсан шалтгаан нь нүүрстэй холбоотой асуудлаар монопол болъё гэх байдлаар, шантааж хэлбэрээр санаачилж, байгуулж байгаад мэхт мэхэндээ болчихсон.
             
Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу