УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар нүүрсний сонсголын тайлан, дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хянан шалгах түр хороо сайн ажилласан. Ажиллах бололцоогоор хангаж өгсөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар нарт талархах ёстой. Хөгжлийн банк болон нүүрсний сонсголоор ил болсон мэдээллээс ард түмэн тодорхой дүр зураг олж харсан. 

Байгалийн баялгийг иргэдэд тэгш хүртээх ёстой. Гэтэл нэлээд их хэсгийг нь хулгайн замаар урсгасан нь шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болсон. Гэхдээ шинжээчдийн дүгнэлт үнэн зөв гэсэн үг биш. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж, тогтоох ёстой. Мөрдөн шалгах ажиллагаа руу ард түмэн нэхэл хатуутай харж байгаа шүү.  

Монгол Улсын нүд, чих болсон хил гааль, татвар болон Үндэсний архивын газрын мэдээлэл хоорондоо зөрүүтэй байна. Тэднээс бодит мэдээлэл авах нэгдсэн платформ байхгүйг нүүрсний сонсголоор баталгаатай харлаа. Тиймээс мэдээллийн нэгдсэн сантай болох асуудлыг тусгаж оруулж байна. 

Нөгөө талаас, алдагдсан боломж үнэхээр байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг байшин хороолол болгоод дэд бүтэц бүрэн татах хэмжээний мөнгө хулгайгаар гарсан байна. 

Авлигалын систем хэрхэн барьж болохыг сонсголоор харуулсан гэж ярьж байна. Үнэхээр ийм асуудал байна. Үүнийг бид таслан зогсоохгүй бол агаарын бохирдол, эрүүл мэндийн салбарын хүндрэл шийдэгдэхгүй, боловсролын байгууллагууд нь хуучны ширээ сандалтайгаа сууж л байх юм байна. 

Хянан шалгах түр хорооны ажлын үр дүн эхнээсээ гарч байна. Тухайлбал, Гадаадын компаниудад газар олгосон асуудлыг хуулийн байгууллага шалгаад эхэлчихсэн юм билээ. Энэ хэргийн үнэн мөн нь тогтоогдох байх. 

Мөн ЗГХЭГ-ын дарга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийн сонгон шалгаруулахад оролцож, гэрээ байгуулсан МТАС түншлэлийн гэрээг цуцлах чиглэл өгсөн байна.  Энэ гэрээг цуцалснаар Монгол Улс 50 сая ам.долларын өрөнд орох эрсдэлтэй гэдэг асуудал олон нийтийн сүлжээгээр яригдаж эхэллээ. Ийм хэмжээний өрөнд орох уу” гэлээ. 

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд, Түр хорооны дарга Б.Энхбаяр “Энэ тендер анхнаасаа Монгол Улсын хяналт шалгалтыг зөрчсөн нь тогтоогдсон. Нэг компанид давуу байдал олгосон хүмүүсийн албан тушаалын асуудал яригдана. Сонсголоос болоод Монгол Улс өрөнд орно гэсэн ойлголт байхгүй.

Бид УИХ-д тайлангаа тавиад, тогтоол гаргаж энэ гэрээг хүчингүй болгох гэж байсан. Гэтэл түр хороо тайлангаа тавихаас өмнө хууль бусаар хүчингүй болгох гэж байна. Үүнээс болоод хууль зүйн үндэслэлгүйгээр хүчингүй болгосон гэдгээр Монгол Улсыг өрөнд оруулах ажиллагаа явагдаж байж мэднэ.

“Эрдэнэс Монгол” ХХК-иас “Эрдэнэс Тавантолгой”-н БЭТ Ж.Ганбатад үүнийг яаралтай хүчингүй болгох бичиг очсон байна лээ. Энэ асуудлыг УИХ-ын шийдвэр гарахаас өмнө шийдвэрлэхгүй байхыг би Ж.Ганбат даргад сануулсан” гэв.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу