Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр ОХУ-ын эсрэг тэмцлээ эрчимжүүлэхийг уриалж, хэлэлцээр хийх боломжоос татгалзжээ.

Тэрбээр цэргийн тусламж хангалтгүй, ОХУ-ын эсрэг авсан хориг арга хэмжээ үр дүнд хүрэхгүй байгаа талаар гомдоллосон байна. Түүний хэлснээр, барууныхан илүү шийдэмгий ажилласан бол асуудал хэдийнэ “цэгцэрчих” байсан аж.

Бүгдийн эсрэг нэг

“Bloomberg” агентлаг “Зеленский Швейцарь руу ниссэн нь зөвхөн хатуухан мэдэгдэл хийх бус, хамгийн гол нь аль болох их хэмжээний хөрөнгө оруулалт татах явдал юм” гэж тэмдэглэжээ.

Тус хэвлэл “Түүний багийн гишүүд дайны дараах сэргээн босголт, Оросын царцаасан хөрөнгийг Киевт шилжүүлэх зэрэг асуудлаар хэд хэдэн дугуй ширээний уулзалтад оролцохоор төлөвлөсөн ч даяаршлын элитүүд Украинд санаа тавихаа хэдийнэ больжээ” гэж дүгнэсэн байна.

Зуны сөрөг довтолгоо амжилтгүй болсонд тэд маш их сэтгэл дундуур байгаа аж. Нэмж дурдахад, Израилийн Газад явуулж буй тусгай ажиллагаа, Улаан тэнгис дэх хуситуудын үйл ажиллагаа, Дональд Трамп АНУ-д дахин сонгогдох “эрсдэл” зэрэг нь тэдний анхаарлыг сарниулж буй юм байна.

Зеленский НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенбергтэй байлдааны ажиллагааны явц, Киевийн цэргийн хэрэгцээ, тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах системийг бэхжүүлэх талаар ярилцсан байна. Киевийн дэглэмийн тэргүүн “Вашингтонд болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаас Украиныг эвсэлд нэгтгэх шинэ шийдвэр гарна” гэж онцлон тэмдэглэжээ.

Украины төрийн тэргүүн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен, Америкийн Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан нартай уулзаж, мөн дээрх сэдвээр ярилцсан байна. “Bloomberg”-ийн мэдээлснээр, тэд довтолгоог орхиж, хамгаалалтад орох тухай Байдены шаардлагыг түүнд дамжуулах ёстой байжээ.

Европын комиссын тэргүүн Урсула фон дер Лейен Украин Оросыг ялж, Европын холбоонд элсэх ёстой гэж дахин мэдэгдсэн байна. Үүнд их хэмжээний хөрөнгө шаардлагатай нь тодорхой юм.

 Дипломат гамшиг

“Bloomberg”-ийн мэдээлснээр, нэгдүгээр сарын 14-нд Зеленскийн энх тайвны томъёолол (өөрөөр хэлбэл Оросыг буулгаж авах) сэдэвт үндэсний аюулгүй байдлын зөвлөхүүдийн уулзалт үр дүнд хүрээгүй ажээ. Иймд Киевийн төлөөлөгчид Украины асуудлаарх олон улсын дээд хэмжээний уулзалтыг ирэх хоёрдугаар сард зохион байгуулна гэж амласан ч тодорхой тов тогтоогоогүй байна.

Швейцарийн Гадаад хэргийн сайд Игнацио Кассис “Ийм форматтай уулзалт сүүлчийнх байж мэднэ” гэж хэлжээ. Түүний хэлснээр, Москва яриа хэлэлцээнд оролцох шаардлагатай аж.

Зеленский өөрийн байр суурин дээрээ бат зогсож, Украины асуудлаар, Оросыг оролцуулахгүйгээр бараг дэлхийн дээд хэмжээний уулзалт хийхийг мөрөөддөгөө мэдэгджээ.

Давосын уулзалтад Азийн 18, Африкийн 12 зэрэг нийт 83 орны төлөөлөгч оролцжээ. Хятад улс урилгыг “үл тоомсорлосон” байна.

Брюссель дэх “Financial Times”-ын Хенри Фой “Украинд болсон арга хэмжээний гол ололт бол оролцогчид хамтдаа гэрэл зураг авахуулах байв” гэж ёжлон хэлжээ.

Киев өмнөх өдөр нь Их Британитай аюулгүй байдлын гэрээ байгуулсан. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунакийн хэлснээр, Оростой хийж буй мөргөлдөөн дууссаны дараа мөргөлдөөн дэгдвэл Лондон дахин Украины талд орно гэж гэрээнд заасан байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Игорь Жовква “Британичууд тулалдана гэж амлаагүй нь үнэн. Хааны аюулгүй байдлын баталгааг арван жилийн хугацаатай сунгах боломжтой. Түүгээр ч барахгүй Сунак “баталгаа” гэсэн үгээс зайлсхийж, заавал биелүүлэх шаардлагагүй “баталгаа”-г илүүд үзэж байна” гэжээ.

 Байдал улам дордов

Украины улс төр судлаач Владимир Фесенко польшчуудад тайлбар хийхдээ “Гол даалгавар бол мэдээж ялах явдал юм” гэжээ. Түүний хэлснээр, Украины төлөөлөгчдийн сэтгэл санаа “тогтворгүй”, “хэцүү” байгаа аж. Ялангуяа дэлхийн өмнөд хэсгийн олон орны анхаарлаа хандуулж буй БНХАУ Киеийн талаар тийм ч таатай байр суурьтай биш байгаа юм байна.

Фесенко “Бээжин хэлэлцээрээс зайлсхийсэн. Учир нь Орос оролцохгүйтэй холбоотой. Хятад улс төвийг сахихыг хичээж байна… Украин хэлэлцээр хийхгүй, учир нь юу ч бүтэхгүй, Хятад Москватай үргэлжлүүлэн хамтран ажиллана” гэжээ.

ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн их сургуулийн шинжээч Денис Денисов Зеленскийн багийн гол асуудал бол шинэ зүйл санал болгож чадахгүй байгаа явдал гэж үзэж байгаа аж.

Шинжээч “Цэргийн болон санхүүгийн тусламж багасч, Украинтай холбоотой асуудал чирэгдэл болсоор байна. Зеленский цаг хугацаа түүний эсрэг ажиллаж байгааг хажр байна. Гэхдээ тэр зүгээр л дэмжлэг шаардсаар байна” гэж “РИА Новости” агентлагт өгсөн ярилцлагадаа дурдсан аж.

Зеленский Давост үг хэлэх боломжгүй байсан. Учир нь бүгд түүнээс юу сонсохоо аль хэдийнэ мэдэж байсан. Ийм яриагаар хэн нэгнийг итгүүлэх нь бодитой бус юм.

Эх сурвалж: RIA NOVOSTI, BLOOMBERG
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу