Нетаньяхугийн Засгийн газар өнгөрсөн Даваа гарагт 2024 оны төсвийг нэмэгдүүлж, боловсролоос бусад салбарын санхүүжилтийг өсгөж, дайнд зориулан 55 тэрбум шекел буюу 15 тэрбум ам.доллар нэмж хуваарилжээ.

Тус улсын Боловсролын сайд Йоав Киш салбарынх нь санхүүжилтийг бууруулах санал дэвшүүлэхэд ихэд хилэгнэсэн байна. Израилийн Засгийн газар шөнөжин хуралдсаны эцэст Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху боловсрол болон эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэхээ мэдэгдсэнээр Кишийн санаа амарчээ.

Израилийн Засгийн газар өнгөрсөн Ням гаригт хуралдаж, тавдугаар сард баталсан 2023, 2024 оны хоёр жилийн төсвийг 270 тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр болсон байна.

Израиль даяар нэр хүндээ бараад буй Нетаньяху төсвийн зорилгыг танилцуулж буй бөгөөд “Юуны түрүүнд дайны зардлыг нөхөж, ирэх онд дайныг дуусгах, тэр дундаа ХАМАС бүлэглэлийг устгах, барьцаалагдсан хүмүүсийг суллаж, аюулгүй байдлыг сайтар хангах шаардлагатай байна” гэж хэлжээ.

Израилийн дайралтын улмаас орон сууцны олон арван барилга нурж, Нассер болон Аль-Амал эмнэлгүүд бүрэн сүйдэж, Хан Юнис хотод дор хаяж 23 палестин хүн амиа алджээ.

Израиль газар нутгийг нь бөмбөгдөж, бүслэн, тусламжийн цувааг хаасаар байгаа аж. НҮБ-ын мэргэжилтнүүд “Газын хүн бүр өлсөж байна” гэж мэдэгдсэн байна.

Мөн Израилийн зэвсэгт хүчин Баруун эрэг орчмын Наблусын ойролцоох Балата хуаранд “террорист бүлэглэлийн” гишүүдийг тээвэрлэж явсан машинд нисгэгчгүй онгоцоор цохилт өгсөн гэж мэдээлжээ.

Халдлагын улмаас хэдэн хүн амиа алдсан нь тодорхойгүй хэвээр байгаа бөгөөд “Вафа” агентлаг тухайн үед машинд хэдэн залуус байсан гэж мэдэгджээ.

Газын зурваст Палестины ХАМАС хөдөлгөөний барьцаанд байсан, Израилийн иргэд болох Йосси Шараби, Итай Свирски нар нас барсан талаар “The Times of Israil” сонин мэдээлсэн байна.

Эх сурвалж: ALJAZEERA, TIMES OF ISRAIL
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу