Бид энэ удаад Буудлагын спортын ОУХМ Э.Даваахүүг урьж ярилцлаа. Тэрбээр Индонез улсын Жакарта хотод зохион байгуулагдсан Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 10 метрийн дасгалд “Хүрэл”, 25 метрийн дасгалд “Мөнгөн” медаль тус тус хүртэж, “Парис 2024” олимпын эрх авсан юм.

Буудлагын спортод шинэ өнгө төрх болон гялалзаж яваа түүний гэргий болон ах нь ч мөн уг спортоор хичээллэдэг. “Багаасаа бай онох, цэц мэргэн шаардсан тоглоомд дуртай байлаа” хэмээн ярих түүнийг эх орондоо ирээд удаагүй байхад нь бид уулзсан юм. Том зорилгынхоо эхлэлийг амжилттай тавьсандаа сэтгэл хангалуун байгаа түүнээс тогтуун тайван төрхийг мэдэрч болно. Ганц сумны оноогоор бүх зорилго нь шийдэгдэх мөчид ч тэр ийнхүү тайван байсан биз ээ.

-Та анх энэ спортод хэрхэн хөл тавьж байв? 

-Бидний багад манайх Налайхад байсан. Би эхээс тавуулаа. Хамгийн бага дүү маань охин, бусад нь эрэгтэй. Жил дараалсан дөрвөн залуу байдаг. Биднийг эрэгтэй хүүхдүүд болохоор жаахан байхад модоор буу хийж их тоглуулна. Тэгээд л тоглоомон буу их авч өгдөг байлаа. Би нэг түүхийг ярья л даа.

Бид дөрөвт нэг удаа яг адилхан дөрвөн буу аваад өгчихсөн юм. Дөрвүүлээ нэг тоглоод л, эвдрээд л, тоглоод л, эвдрээд л байна шүү дээ. Тэгээд би өөрийнхөө бууг өөрөөсөө нуучихав аа. Хайгаад олдоггүй. Нөгөө хэдийн буу бол эвдрээд дуусчихсан шүү дээ. Би буугаа хаана хийснээ санадаггүй. Бүр хоёр, гурав хоног хайгаад олдоггүй. Тэгж байгаад нэг шөнө унтаж байхдаа зүүдлэв ээ (инээв).

Зүүдлээд, яаж буугаа олсон бэ гэхээр хоёр давхар руу гардаг шатны хажуу талын таазны фанерыг хуулаад, дээр нь тавингуутаа наанаас нь хадчихсан байсан. Зүүдэндээ нөгөө буугаа хаана хийснээ санаж олж аваад байгаа юм. Ашгүй маргааш нь ганц буугаа гаргаж ирээд, эвдчихгүйг хичээн хичээн, ээлжлэн тоглож байсан даа.

Бас чавхаар тоглоно гэх мэт бай онодог төрлийн юм их сонирхдог хүүхэд байж. Бадамаа ахтайгаа нийлээд нум сум хийж хүртэл тоглоно. Байсхийгээд л аавтай хөдөө гадаа явна. Хулгана, зуурам буудуулна. Аав байнга л надад зааж сургаж байж дээ. Сүүлд жаахан томроод ирэхээрээ ан гөрөөнд ч явдаг болсон. Энэ мэтчилэнгээс харахаар багаас минь зэвсэгтэй харьцуулдаг байсан. Тэр болгон л их сайн нөлөөлсөн байх даа.

-Энэ спортын яг юу таныг татдаг вэ?

-Буудлагын спорт бол бие бялдар хүчнээс гадна сэтгэл зүйн спорт. Тамирчдаас сэтгэл зүй шаарддаг. Олон тэмцээн уралдаан, үйл явдал байна, янз янзын уур амьсгалтай тэмцээнүүд байна. Тэр тусмаа финалд шалгарахад маш их сэтгэл зүй шаарддаг. Тэгээд л тэр болгонд төвлөрөхөөс эхлээд олон л юм бий. Намайг бүр багад аав маань “Хүүгээ буудлагын спортоор хичээллүүлнэ” гэж ярьдаг байсан юм. Тэр их түлхүү нөлөөлсөн болов уу. 2008 оны 10 сараас эхэлж буудлагын спортын хаалгаар алхаж орж ирээд, өнөөдрийг хүртэл хичээллэж, донтож явна даа. Нэг зүйлд татагдах, түүндээ донтох, туйлшрах гэх мэт. Энэ спорт намайг төдийгөөс өдий хүртэл өөртөө татсаар л байна. Дээрээс нь өөрийгөө зөв удирдан залж, чиглүүлж сургадаг спорт.

-Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу? 

-Гэргийг маань Г.Хэрлэнцэцэг гэдэг. Буудлагын спортын Олон улсын хэмжээний мастер. Манай хүн надаас өмнө энэ спортоор хичээллэдэг байсан. Анх яг энэ бэлтгэл сургуулилт дээрээ л танилцаж байлаа. Түүнээс хойш залуу хосуудын амьдралаар амьдарч, өнөөдрийг хүрсэн байна. Бид дөрвөн хүүхэдтэй. Халуун дулаан, энгийн сайхан амьдарч байна. Хоёулаа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороонд харъяалагддаг. Энэ удаад Азийн аварга шалгаруулах тэмцээнд гэр бүлийнхээ хүнтэй 10 метрийн холимог багийн тэмцээнд амжилттай оролцоод, финалд шалгарсан. БНСУ-ын тамирчидтай хүрэл медаль медалийн төлөө өрсөлдөөд хараахан ялаагүй. Дөрөвдүгээр байранд орсон.

May be an image of 5 people and text

Гэр бүлийнхээ хүнтэй нэг спортын төрлөөр хичээллэж, тив дэлхийн олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцож, хамт яваадаа баярладаг. Бие биеийнхээ хараагүй өнцгийг харна. Чи тэгж байна шүү, ингэж байна шүү гээд л ярилцана. Тэр болгон дээрээ зөвлөлдөнө. Хамгийн сайн хамтрагч, зөвлөгч, дэмжигч маань байдаг гэргийдээ маш их баярлаж явдаг.

Хамгийн түрүүнд ээж рүүгээ, том ах руугаа ярьж хэлдэг

Баяртай, сайхан мөчүүдэд хамгийн түрүүнд хэн рүү залгаж, баяраа хуваалцдаг вэ. Хэн хамгийн ойр байдаг вэ?

-Яг дээд талынхаа ахыг би уруу татаад, буудлагын спорт руу оруулчихсан юм. Э.Бадамгарав гэдэг. “Цуг буудъя, хоёулаа хамт хичээллэе” гээд (инээв). Хамтдаа ер нь олон тэмцээний галын шугамд зэрэгцээд зогсож байсан.May be an image of 4 people and text

Бид хоёр 2015 онд Универсал наадмаас багийн хүрэл медаль авч байлаа. 2019 онд Бээжинд зохиогдсон дэлхийн цомд, мөн Токиогийн олимпын эрх авахад яг намайг дасгалжуулаад, миний хойно галын шугам дээр сууж л байдаг. Энэ удаагийн тэмцээнд ч, олимпын эрх авахад цуг байсан. Энэ болгон дээр хамтдаа түүх бүтээгээд, хамт байгаадаа баярладаг юм. Амжилт, ялагдал бүх зүйлд маань нурууг минь алгадаад зогсож байдаг ахаараа үнэхээр бахархдаг. Сайхан мөчүүдээ, тэмцээнийхээ догдлол, алдаа оноо бүх зүйлээ л ахтайгаа ярилцана шүү дээ.No photo description available.

Ялалт, ялагдал бүхэнд маань хамгийн ойр, яг миний хажууд эхнэр, ах хоёр маань байлаа. Мэдээж тухайн үеийн эмоци, сэтгэл хөөрөл гарна. Хамгийн түрүүнд ээж рүүгээ, том ах руугаа ярьж хэлдэг. Чадах, ялах мэдрэмжээ, цаг мөчөө хайртай гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах бол үнэндээ үгээр хэлэх аргагүй сайхан зүйл гэж боддог.

-Индонез улсад болсон тэмцээнийхээ сонин хачнаас хуваалцахгүй юу?

-Тэгэлгүй яах вэ, 2024 оны Парисын олимпын наадмын эрхийг буудлагын спортын төрлөөр дөрвөн тэмцээнд олгох төлөвлөгөөтэй байсан. Олон улсын буудлагын холбооноос 2022 оны ДАШТ-д эхний хоёр байрт эрх өгсөн. Мөн 2023 онд ДАШТ-д бас эхний хоёр байрт өгөөд, хоёр дэлхийн аварга, хоёр Азийн аваргад олимпын эрх олгох прогнозтой байсан юм.

Эдгээр тэмцээний аль нэгээс олимпын эрхээ авна гэсэн зорилготой 2022 оны дэлхийн аваргад оролцсон ч хараахан эрхээ авч чадаагүй. Тэгээд ганцхан боломж үлдсэн нь сая болж өнгөрсөн  Азийн аварга шалгаруулах тэмцээн байсан.

Энэ тэмцээнд мэдээж хэрэг бэртэл гэмтэл гайгүй болчихсон, бэлтгэлээ сайн хийгээд, өөрийнхөө чадах зүйлийг хийвэл финалд шалгарч, олимпын эрх авна гэсэн бодолтой оролцсон. Сэтгэл зүйгээ ч гэсэн тэгж бэлдсэн. Найдвартай ажиллагаагаар, найдвартай үзүүлэлт амжилтаар финалд шалгарч, олимпын эрхийн төлөө өрсөлдөнө гэсэн зорилго байсан.

Сая финалд өрсөлдсөн найман тамирчны долоо нь олимпын эрхгүй, нэг нь эрхтэй. Энэтхэг улсын нэг тамирчин олимпын эрхээ авчихсан байсан. Энэтхэг улсын хоёр тамирчин, тэгээд Монгол, араас нь Казакстан, Узбекстан, Солонгосын гэх мэт тамирчид цэц сорьсон. Аваргын төлөө буудахад нийт 24 сум бий. Финал дээр суурь онооны 10 сум, улмаар 12 дахь сумаасаа эхлээд хасагдаж явсаар аварга нь тодордог. Эхний таван сумаараа буудчихаад хартал 8-р байрт явж байсан. Тамирчин болгоны урд талд дэлгэц дээр дүн нь гарч байдаг. Хэдэн онооны зөрүүтэй явж байна, хэн тэргүүлж явна гээд бүх мэдээлэл харагддаг.

Эхний таван сумыг боломжийн буудчихаад “За болоогүй байна шүү. Дахиад таван сум байгаа, сайн буудчихвал дээшээ өрсөлдөх боломжтой” гээд, өөрөө өөртэйгөө ярилцаад л төвлөрсөн. Үлдсэн таван сумаа сайн бодсон, чамлахааргүй ч байндаа оносон. Тавдугаар байрт  гарч ирээд хасагдах шатны буудалт эхлэхэд хоёр сумаар буудаж үргэлжилсэн. Тавдугаар байраасаа дөрөв рүү ороод, эсвэл нэг рүү ороод, ингээд л хэлбэлзээд, их өрсөлдөөнтэй болсон. Тэгж явсаар гурван тамирчинтай хамт тунаж үлдсэн.  Сүүлийн сум яг хасагдах шатны, хамгийн сүүлд байсан. Хүрэл медаль тодрох сум шүү дээ. Тэр сум дээр миний арын тамирчин надаас 1, 2 онооны зөрүүтэй байсан. Тухайн үед бодсон л доо. Ерөнхийдөө нэг их шунахгүйгээр аятайхан буудчихвал медалиа авна, эрхээ ч авна гэж. Угаасаа бүх юм дэлгэц дээр ил байгаа юм чинь. Чадна гэж бодсондоо л хүрсэн. Сэтгэгдэл маш өндөр байна.

-Шантрах үе гарч байсан уу? Тэр үедээ юу бодож хөл дээрээ босож байв?

-Байхгүй, би хэзээ ч шантарч байгаагүй. Бүх цаг үед “Би чадна, би дийлнэ” гэж өөртөө хэлдэг. Бэлтгэлээ хийхдээ ч гэсэн дандаа яг төв байдаг. Тамирчин болгонд үндсэн техник байдаг, тэрийгээ л хийнэ.

Худлаа хийхгүй. Худлаа хийгээд яах юм бэ, юунд хүрнэ гэж худлаа хийх вэ. Өөрийгөө хуурахгүй байх хэрэгтэй. Сум болгон дээрээ өөрийгөө дайчлах хэрэгтэй. Сум болгоныг зөв бодохыг хичээх хэрэгтэй. Маш их цаг хугацаанд дандаа энийг бодож, өөрийгөө бэлдэж байх хэрэгтэй. 

Нийгмийн хар бараан, муу муухай зүйлээс аль болох ангид байж, спортоор хичээллээсэй

-Монголын буудлагын спортын хөгжлийн талаар та юу хэлэх вэ?

-Ерөөсөө олимпын наадам тасалдаагүй, буудлагын спортын төрлөөр тогтмол оролцож байна. Ер нь олон улс тив дэлхийн тэмцээнд тамирчдын оролцож байгаа үзүүлэлт амжилтаар л хөгжлийг нь тодорхойлдог. Одоо миний харж байгаагаар Монголын буудлагын спортын хөгжил галт тэрэг хөдлөөд, нэгэнт явчихсан гэдэг шиг угаасаа топ спортын төрөл хэвээрээ л байна. Маш олон шинэ залуу тамирчин гарч ирэх байх гэж бодож байна.

Бас хүүхэд, залуучууд зөвхөн буудлагын спорт гэлтгүй бүх төрлийн спортоор хичээллээсэй. Энэ нийгмийн хар бараан, муу муухай зүйлээс аль болох ангид байж, амьдралдаа хэрэгтэй, өөртөө, эрүүл мэндэд тустай зүйлээр хичээллээсэй.

Олимп дэлхийн аварга маш олон бий. Хичээллэж эхлээгүй л болохоос биш зөндөө байгаа байх гэж би боддог. Буудлагын спорт чинь өөрөө онч мэргэн сорьдог, дээрээс нь оюун ухаан сорьдог спорт. Ер нь бүх төрлийн спортоор залуус, хүүхдүүдийг сайн хичээллээсэй гэж их боддог. Дүү нартаа ч гэсэн хамаатан садныхаа хүүхдүүд ч гэсэн их захидаг.

Заавал буудлага гэхгүй ээ. Бусад төрлийн зөндөө спорт байна. Аль нь чамд таалагдаж байна? Чи алийг нь чадах юм шиг байна? Тэр спортоо сонгож, хичээллээрэй гэж захидаг. Нийт Монголын хүүхэд залуучууддаа үүнийг л захимаар байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу