ОХУ-ын Эрчим хүчний яам энэ сарын 15-ны өдөр “Нижний Новгородын “Лукойл” газрын тос боловсруулах үйлдвэр (NORSI)-ийн катализаторт гэмтэл гарсны улмаас төлөвлөөгүй засвар хийх шаардлагатай болж, шатахууны үйлдвэрлэл буурах хандлагатай байна” гэж мэдээлжээ.

Тус яам болон газрын тосны компаниуд Шуурхай штаб байгуулан, аж ахуйн нэгжийн засварын ажлын хугацаанд дотоодын зах зээлд шатахуун тасралтгүй нийлүүлэх арга хэмжээ авах төлөвлөгөө боловсруулсан байна.

Шуурхай штабын мэдэгдэлд “Экспортын хэмжээг бууруулж, зах зээлийн бусад оролцогчдын нөөцөд тулгуурлан, дотоодын зах зээлийн эрэлт, хэрэгцээг хангахаар тогтлоо” хэмээн дурджээ. Улмаар “Оросын аж ахуйн нэгжүүдийн шатахууны нөөц 2 сая тонн бөгөөд энэ нь эрэлтийг хангахад хангалттай юм” гэж онцолсон байна.

“ОХУ-ын Засгийн газар “Лукойл”-ын тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсны улмаас шатахууны экспортод хориг тавих тухай асуудлыг хэлэлцэж байна” гэж хэд хэдэн эх сурвалжийн мэдээллээс иш татан “Интерфакс” агентлаг өнгөрсөн Даваа гарагт мэдээлснийг “The Moscow Times” уламжлав.

“Ройтерс” агентлагийн эх сурвалжууд ослын дараа өндөр октантай шатахууны үйлдвэрлэлийг хоёр дахин бууруулж, шатахуун түгээх станцуудаа хангахын тулд дотоодоос шатахуун худалдаж авна” гэж мэдээлжээ.

Тус газрын тос боловсруулах үйлдвэрийн катализаторт нэгдүгээр сарын 4-ний өдөр эвдрэл гарсан байна. Энэ нь гаднын оронд үйлдвэрлэгдсэн төхөөрөмж тул Оросын газрын тосны салбарын эсрэг тавьсан барууны хоригийн улмаас ойрын хугацаанд солих, шинэчлэх боломжгүй байгаа аж.

“Ройтерс” агентлаг эвдрэл гэмтлийн улмаас үйлдвэрлэлийн гарц хоёр дахин буурч, өндөр октант түлш болох АИ-95, АИ-98 бензиний үйлдвэрлэл эрс буурах төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

ОХУ 2023 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн моторын түлшний экспортод хориг тавьж, улмаар хэсэгчлэн сулруулж, дотоодын зах зээл ханасны дараа буюу 2023 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр бүрэн цуцалж байв.

“Лукойл” (хуучнаар НОРСИ) газрын тосны үйлдвэр нь автомашин, нисэхийн болон дизель түлш, битум, парафин зэрэг 50 гаруй төрлийн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, Оросын хамгийн том үйлдвэрүүдийн нэг юм.

Эх сурвалж: MOSCOW TIMES, INTERFAX
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу