Төрийн шагналт, яруу найрагч Д.Сэнгээгийн “Цолмон” шүлэг “Уралдаж явсан гурвыг орхиод, Урдаа явсан дөрвийг гүйцээд, Цоохор даага жирийхээрээ жирийнэ, Цолмон хүү мэрийхээрээ мэрийнэ” гэж эхэлдэг. Түүн шиг Гүйцэтгэх засаглалын тэргүүн мэрийхээрээ мэрийж байна.

Саарал ордон, парламентын босгыг олон арван жил элээсэн хөгшин “бурхи”-нуудтай харьцуулахад тэр “балчир” л даа. Гэхдээ “том” ярьж, том “хөдөлж” буй зүрх зоригоос нь харахад тэр тийм ч амар зажлуулах хатуу самар биш бололтой.

Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын тэргүүнээр сонгогдсоноос хойш хэр сайн ажиллаж байна вэ? Түүний баг хөрсөн дээр хэр сайн буусан, оновчтой бодлого шийдвэр гаргаж, хэрэгжүүлж чадаж байна вэ? Улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулж дөнгөж байна уу гээд төгсгөл үгүй олон асуултыг одоо тавихад эртдэхгүй, бас оройтохгүй.

Тэр хамгийн хүнд цаг үед Засгийн эрхийг гартаа атгасан, “үнэхээр азгүй” Ерөнхий сайдаар нэрлэгдсэн. Өөрөөр хэлбэл, Монголын улс төр, эдийн засгийн хүнд хэцүү, Covid-19-ийн сорилттой, “Оюутолгой” төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн газрын 32 дахь тэргүүнээр томилогдсон. Тухайн үед түүнийг нэг их удалгүй огцорно гэж олон хүн “ам гарцгааж” байв.

Covid-19 цар тахлын хүндрэл дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засаг, боловсрол, соёл, гадаад харилцаанд хүчтэй доргилт өгч, хүн төрөлхтний амьдралын хэмнэлийг танигдахын аргагүй болтол өөрчилсөн. Энэхүү хүндрэл бэрхшээл Монгол Улсыг ч тойроогүй.

Цар тахлын халдварын ноцтой эрсдэлд орж, экспорт тасалдаж, ачаа тээврийн эргэлт удааширч, эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 12 хувийг эзэлж, 250 орчим мянган ажлын байр эрсдэлд орсон. Энэ нь 1992 оны нийгмийн шилжилтийн үетэй тоон утгаар дүйцсэн байдаг.

Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхий сайдаар ажилласан хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёр дахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформ хийхэд бүхэлд нь зориулсанаа мэдэгдсэн.

Улс орны эдийн засгийг сэргээхэд Л.Оюун-Эрдэнийн засгийн газар юу хийж амжуулсан бэ?

Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр Монгол Улс 12 жилийн хугацаанд хуримтлагдсан “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулав. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцуулжээ.

“Оюутолгой”-н Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орсон. Үүний үр дүнд зэсийн баяжмалын экспорт 1.5 сая тоннд хүрч, 2.6 тэрбум ам.доллар, алтны экспорт 11 тоннд хүрч, 0.7 тэрбум ам.доллар тус тус төвлөрсөн. Дэлхийн зах зээл дэх үнэ өссөнөөр хилийн үнэ өнгөрсөн мөн үеэс 9 хувиар өссөн үзүүлэлттэй.

“Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав.

Нийт экспортын орлого жилийн эцсийн байдлаар 15.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оноос 21 хувиар өсөв. Энэ нь экспортын түүхэн дээд хэмжээ юм. Голлох бүтээгдэхүүний хувьд, ТӨК-иуд дээр Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчдийг томилж, экспортын тээврийн зохион байгуулалтыг сайжруулснаар нүүрсний экспорт 69 сая тоннд хүрч, 8.9 тэрбум ам.доллар төвлөрсөн.

Төмөр замын тээврийн зохион байгуулалт сайжирч, төмрийн хүдрийн экспорт 5.6 сая тоннд хүрч, 0.4 тэрбум доллар, газрын тосны экспорт 4.6 сая баррелд хүрч, 0.4 тэрбум ам.доллар тус тус төвлөрчээ.

Экспортын хязгаарласан зохицуулалтуудыг түдгэлзүүлснээр ноолуурын экспорт 7.5 мянган тоннд хүрч, 0.4 тэрбум ам.долларын орлого, махны экспортын квотыг цуцалсны үр дүнд экспорт нь 76 мянган тоннд хүрч, 0.3 тэрбум ам.долларын орлого тус тус төвлөрсөн байна.

Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдын цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадсан.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ачаа тээврийн эргэлтийг анх удаа 105 сая тоннд хүргэж, дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн либеральчлалын бодлогыг амжилттай хэрэгжүүлсэнийг дурдах хэрэгтэй.

Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650.000 жуулчин хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого олов.

Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлэх бүсчлэлийн бодлого эрчимжиж, хүнсний хувьсгалын хүрээнд 165.000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж, түүхэн дээд амжилтыг тогтоосон амжилттай.

Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрсэн нь сайн үзүүлэлт юм.

Гадаад худалдааны тэнцэл 5.9 тэрбум ам.долларын ашигтай гарсан. Монгол Улсын гадаад валютын улсын нөөц 2023 оны эцэст 4 тэрбум 918 ам.долларт хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн. Өмнө нь 2012 оны 12 сард 4 тэрбум 126 сая, 2020 оны 2 сард 4 тэрбум 371 сая, 2021 оны 4 сард 4 тэрбум 892 сая ам.долларт тус тус хүрч байжээ.

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2022 онд оны эхнээс 595 суларч байсан бол 2023 онд 35 төгрөгөөр чангарсан. Гадаад валютын улсын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханш тогтворжсон нь импортын гаралтай инфляц буурахад голлон нөлөөлөв. Импортын гаралтай инфляц 2022 оны эцэст 48 хувь байсан бол 2023 оны эцэст 35 хувь болж буурсан байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоонд шилжиж, биржээр 2023 онд 14 сая тонн нүүрс, 646 мянган тонн төмрийн хүдэр арилжаалав. Ашигт малтмалыг олборлохоос борлуулах хүртэлх бүх гэрээг цахим системд бүртгэж, уул уурхайн салбар ил тод болсон. Ашигт малтмалыг хил үнээр борлуулах тогтолцоонд шилжиж, экспортын тээвэр ил тод болж, зардал буурчээ.

2022-2023 онд үнийн өсөлт саарсан бараа, үйлчилгээний бүлгүүдийн тухайд өгүүлэхэд, хувцасны бүлгийн инфляц 18.5-6.3 хувь, орон сууц, ус, цахилгааны инфляц 15.4-4.3 хувь, эм тарианы бүлгийн инфляц 17.4-7.5 хувь, гэр ахуйн бараа, тавилгын инфляц 14.7-6.4 хувь, амралт, соёлын үйлчилгээний инфляц 10.0-3.8 хувь, тээврийн бүлгийн инфляц 6.2-0.5 хувь, хүнсний барааны инфляц 15.4-12.2 хувьтай байв.

Засгийн газраас 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ашигт малтмалын экспорт, тээвэрлэлтийн зохион байгуулалтыг сайжруулах, уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тогтолцоог нэвтрүүлэх, гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системээр дамжуулан ашигт малтмалын олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийн ил тод байдлыг хангах, хяналтыг сайжруулах чиглэлээр цогц арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүн ийн гарчээ.

Эдийн засаг тогтворжиж, 2023 оны эхний гурван улирлын байдлаар 6.9 хувиар өссөн. Үүнд, уул уурхайн салбар 33 хувь, тээврийн салбар 58 хувь, мэдээлэл холбооны салбар 16 хувь, худалдааны салбар 6 хувь, эрчим хүчний салбар 5 хувь, боловсруулах салбар 4 хувь, барилгын салбар 2 хувиар тус тус өсчээ. Харин ХАА-н салбар байгаль, цаг уурын хүндрэлийн улмаас 9 хувиар агшсан үзүүлэлттэй гарав.

Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ирэх онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орно гэж зарласан.

Өрийг өрөөр дарах стратеги хол явахгүй. Алдаа, онооны аль алиныг нь зэрэгцүүлж буй Гүйцэтгэх засаглалын тэргүүний дараа дараачийн хийх ажил “уул овоо” мэт, нэн даруй шийдвэрлэх асуудлууд ч үстэй толгойноос нь арвин буй. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тосны үйлдвэрээс эхлээд олон асуудал шил даран, шийдлээ хүлээсээр байна.

Засгийн газрын тэргүүн шинэ оны босгон дээр “Ужгирсан асуудлууд бүрэн цэгцлэгдэхэд хугацаа хэрэгтэй ч улс орон маань углуургаараа өөрчлөгдөж, авлига, хариуцлагагүй байдлын түнэр харанхуйг үлдэн хөөсөн МАНДАХ нарны туяа тусаж, ардчиллын хоёр дахь давлагаа болсон шинэ 30 жил ийнхүү эхэлж байна” гэж хэлсэн…

Л.Оюун-Эрдэнийн баг аанайж сууж биш, урагш тэмүүлсээр байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу