Цахим орчны хараа хяналт болон өсвөр насныхны хүмүүжлийн асуудал өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал болсон. Ардчилсан нийгмийнхээ хэв маягийг дагаж, хүүхэд залуус олон салбарт эрх чөлөөтэй, энгийнээр аж төрж буй. Атал өсвөр насныхны үйл хөдлөл бүр эмзэглэл төрүүлэм харагдах боллоо. Тэд амиа хорлох, мансуурах, гаж зүйл хийж үзэх, үе тэнгийнхэн болон бусдад уруу татагдах гэх мэтээр байж болох ёс бус бүхэн рүү хуруугаа дүрж үзэж байна.

ДЭМБ-ын 2022 онд гаргасан тайланд, 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж дурджээ. Мөн 15-24 насныхны нас баралтын дөрөв дэх шалтгаан нь амиа хорлолт байгаа юм. Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгаа аж. 

Монгол Улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна.

Нэгэн жишээ дурдахад, фэйсбүүк хуудаснаа “Аймаар бичлэг үзэх үү” гэх групп бий. Тэнд арван мянган хаяг бүхий дагагч байх бөгөөд байнгын идэвхитэй нь ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд байх аж. Тэдний сонирхол юу болоод ингэж цуглав гэхээр харгис, хэрцгий аллага, хүчирхийлэл, амиа хорлолт, тамлалт, зүй бус бэлгийн харьцааны бичлэгүүдийг хуваалцдаг байна. Энэ мэтчилэн маш олон хаалттай групп бий. Гэтэл тэр бүгдийг үзэж, таашаал авах дуртай хэсэг гараад ирж. Эцэг, эхчүүд харин хаана байв?

Өнгөрсөн оны аравдугаар сард фэйсбүүкийн “Erdenee Erdenee”, “ Doko Diko” нэртэй хуурамч хаяг ашиглан насанд хүрээгүй охидтой харилцан, нүцгэн зураг болон дүрс бичлэгийг нь авч, улмаар заналхийлэн, бэлгийн харьцаанд орохыг санал болгох, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангадаг 28 настай, эрэгтэй “П” гэгчийг Чингэлтэй дүүргээс олж тогтоон баривчилсан байдаг. Гар утас гэх соёлт хэрэглээнээс үүдэн бидний бүтээсэн цахим орчин хамгийн аюултай зүйл болж хувирлаа. Үнэхээр хүн бүрийн зорилгод тус дэм болсон энэ цахим хэрэглээнд хэн хяналт тавьж, хэн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэгтэй вэ. 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Насанд хүрээгүй охидыг цахим сүлжээ ашиглан садар самуунд уруу татдаг этгээдийг илрүүллээ" гэж ЦЕГ-аас мэдээлжээ

Өсвөр насны хүүхдийн цахим орчны хэрэглээг бид төдийлөн хязгаарладаггүй. Энэ ч утгаараа ёс бус бичлэг, ямар нэгэн зан үйлийн тухай мэдээллийг шүүлтүүргүйгээр тэд үзэх болжээ. Энэ нь сэтгэлзүйн хувьд хэрхэн эрсдэл дагуулж, нийгэмд ямар хор уршигтай болох талаар “Ариус” сэтгэл заслын төвийн сэтгэл зүйч Т.Мөнгөнбаяртай ярилцсаныг хүргэж байна.

Т.МӨНГӨНБАЯР: ХҮҮХДИЙН СЭТГЭЛ ЗҮЙН ДАРХЛАА УНАСНААР БУСДЫГ ДАГАН ДУУРАЙХ ШИНЖ ИЛЭРДЭГ

-Өсвөр насныхан цахим орчинд хараа хяналт маш багатай зочилж байна. Эх сурвалжийн мэдээлснээр, маш олон ёс бус бичлэг хуваалцах групп байдаг аж. Тэр бүгдэд хүүхдүүд олноороо татагдаж, сонирхож эхэлсэн байна. Энэ нь сэтгэлзүйн хувьд ямар эрсдэл дагуулах вэ?

-Цахим орчны хэрэглээнд хяналт тавихгүйгээс болж өсвөр насны хүүхэд ямар нэгэн садар самуун, таагүй сэдэлтэй зүйлсэд уруу татагдах явц ажиглагдаж болно. Тодорхой давтамжаар тийм бичлэг үзлээ гэхэд түүнээсээ сэдэлжих, таагүй дадал зуршлыг өөртөө бий болгох, түүнээсээ хэт хамааралтай болох шинж илэрч болдог. Сэтгэлзүйн хувьд дархлаа гэж байдаг. Аливаа нэг таагүй мэдээллийг авахдаа шүүмжлэлтэй хандаж хүлээж авалгүйгээр өөрийгөө хамгаалж байдаг зүйлийг хэлнэ. Тэгэхээр ямар нэгэн ёс бус, гаж зураг бичлэг үзэж байна гэдэг нь сэтгэлзүйн дархлаа байхгүй байна л гэсэн үг.

Сэтгэлзүйн хувьд өөрийн гэсэн үнэт зүйлсгүй хүн нэг талдаа дархлаа нь байхгүй болчихсон байдаг. Энэ нь л ямар нэгэн буруу зүйлээс сэдэлжих үндсэн шалтгаан болж буй. Сэтгэлзүйн дархлааг бүрдүүлдэг хамгийн чухал нэгж бол гэр бүл юм. Хүүхдэд 0-3 насанд нь сэтгэлзүйн суурь мэдрэмжүүд үүсэж эхэлдэг. Тэр үед гэр бүлийн орчин таатай, аюулгүй, өөрийг нь хүлээн зөвшөөрдөг, байгаагаар нь хайрладаг байвал дархлаа мэдээж сайн байна. Эсрэгээрээ хаягдсан, орхигдсон, таагүй уур амьсгал, тодорхой хэмжээний зөрчилдөөн хэрүүл маргаантай нөхцөлд өссөн хүүхдийн сэтгэлзүйн дархлаа тодорхой хэмжээнд унасан байдаг.

Өсвөр насны хүүхдийн цахим орчин дахь хэрэглээг гэр бүлийн хэмжээнд заавал хянаж байх хэрэгтэй. Учир нь цахим орчинд хүүхдэд зориулагдаагүй маш олон мэдээлэл бий. Шүүлтүүртэй, шүүлтүүргүй янз бүр. Тэрийг хүүхэд олж үзэж, сонирхсоноороо тодорхой хэмжээний эрсдэлийг үүрч л байна гэсэн үг.

-Даган дуурайх процесс хэрхэн явагддаг вэ?

-Энэ нь өөрөө цэвэр физиологийн үндэстэй зүйл. Хэн нэгний хийж буй зан үйлийг хараад тухайн үеийнх нь мэдрэмжийг яг өөрийнхөө тархинд мэдэрч байдаг. Энэ бол эмпати буюу бусдын оронд өөрийгөө тавих хэв шинж. Нөгөө талаар сэтгэлзүйн хувьд амиа хорлох эрсдэлтэй, таагүй, гутарсан мэдрэмжтэй хүмүүсийн зан үйл, мэдрэмжид автаж, даган дуурайх сэдэлжилт авч байдаг. Харин спортоор хичээллэдэг ч юм уу, тодорхой хэмжээгээр стрессээ гадагшлуулж чаддаг хүн бол таагүй нөхцөл байдлыг даган дуурайж, уусахгүй.

Хүүхдэд үүсэж байгаа хамгийн том эрсдэл бол адилхан мэдрэмжтэй хүмүүс хоорондоо хурдан нөхөрлөдөг. Сэтгэлзүйн хувьд асуудалтай хүмүүс, ёс бус, гаж зан үйлийн, эсвэл бүр цус нөжтэй бичлэг үздэг хүмүүс адилхан нэгэнтэйгээ найзалж эхэлдэг байна. Энэ мэтчилэнгээр цугласан хүмүүс, хүүхдүүдийн бүлэг томрох тусам сөрөг зан үйлийг үйлдэж эхэлдэг. Хамгийн наад зах нь хулгай хийдэг, хэн нэгнийг зодож танхайрдаг, өөрийгөө хохироодог гэх мэт эрсдэл дагаж л байдаг.

Гэр бүлийн хувьд хүүхдийнхээ цахим орчны хэрэглээнд зөв хяналт тавих хэрэгтэй. Зөв хяналт тавина гэдэг нь буруутгаж, шүүмжилж, хянаж байх биш. Хүүхдийнхээ хүсэл сонирхол, мэдрэмж нь аль талдаа илүү хөгжиж байна. Түүнийг нь мэдэрч, ойлгож, харилцан ярилцаж, найз нөхөд шиг байж чадвал тухайн хүүхдийн сонирхол зөв хөгждөг.

Гаднын орон шиг хэт нээлттэй байдал нь сөрөг зан үйлийн эхлэл мөн үү?. Нөгөө талаараа бид хүүхдээ яаж зөв хүмүүжүүлэх вэ, хүүхдийнхээ дотоод нөөцийг яаж зөв нээх вэ гэдгээс л шалтгаалж хүмүүжил нь тогтворжиж байдаг. Тэгэхээр хэт нээлттэй ардчилсан нийгэм энэ бүхний эхлэл гэхээс илүүтэй нийгмийн анхдагч нэгж гэр бүлийн хүмүүжлээс л гаж буруу зүйлд автах эсэх нь шалтгаалж байдаг.

-Та эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юу. Юуг хамгийн сайн анхаарах ёстой вэ?

-Эцэг, эх нь ч бага балчир насыг туулсан. Сэтгэл зүйн хүчтэй хөдлөлд нь бэлэн байж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдсөн хүүхэд хэзээ ч эцэг, эхээсээ юм нуудаггүй. Юу үзэж, хэрэглэж, найзалж нөхөрлөж байгаагаа чөлөөтэй ярилцаж чаддаг. Тиймээс эцэг, эхийн зүгээс гэр бүлийн орчинд хүүхдээ хүлээн зөвшөөрөхөөс л эхэлнэ.

Хүүхдийн хамгийн аюулгүй байх газар бол гэр, сургууль. Гэтэл гэрт нь утсаа ухаад, буруу хараад сууцгаачихна, сургууль нь ч мөн ялгаагүй. Нэг удаа, хоёр удаа. Магадгүй олон удаа үзсэн хэрцгий үйлдлээ нэг удаа туршиж үзмээр санагдвал, түүнийгээ үйлдвэл тэр хүүхэд шууд л гэмт хэрэгтэн болж хувирна. Үүнд хэн буруутай вэ? Хэн энэ бүхнийг эхнээс нь засаагүй вэ гэдэг асуултыг уншигч танд үлдээе.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу