Нийслэлд өнөөдөр (2024.01.18) өглөөнөөс эхлэн өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Зарим иргэд эл үнэрийг шахмал түлшнээс болж хүхэр тархаж байна хэмээн цахим сүлжээнд бичиж буй. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад мэдээлэл ирээгүй гэсэн бол Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас (НАОБТГ) дараах тайлбарыг өглөө. 

НАОБТГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Б.Угтахбаяр “Нийслэлд 18 суурин харуул бий. Үүний зургаа нь манайд, 12 нь ЦУОШГ-т харьяалагддаг юм. Суурин харуулуудын дүнгээр хүмүүсийн яриад байгаа шиг хүхэр үнэртэж байна гэх дүгнэлт гараагүй.

Өөрөөр хэлбэл, шахмал түлшнээс шалтгаалсан үнэр биш.

Өглөө 4 цагаас хойш салхи баруун урдаас байсныг тооцоход Төв цэвэрлэх байгууламжийн үнэр үнэртэж байна. Улмаар салхины чиглэл өөрчлөгдөж, зүүн хойноос чиглэлтэй болоход үнэр нь алга болчихож байгаа юм.

Агаарын бохирдлын үнэр тодорхой хэмжээнд байгаа. 

Хэрвээ хүхэр өндөр байсан бол хойноос салхилах үед бүх газраар үнэртэх ёстой. Гэтэл салхины чиглэл өөрчлөгдөх үед алга болчихсон” гэлээ. 

Харин Төв цэвэрлэх байгууламжаас “Манай ажил хэвийн үргэлжилж байна. Технологи өдөр тутмынхаараа ажиллаж байгаа. Ямар ч саатал гараагүй” хэмээв.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. […] Нийслэлд өнөөдөр (2024.01.18) өглөөнөөс эхлэн өмхий үнэр үнэртэж эхэлсэн. Зарим иргэд эл үнэрийг шахмал түлшнээс болж хүхэр тархаж байна хэмээн цахим сүлжээнд бичиж буй. Энэ талаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газраас “Төв цэвэрлэх байгууламжийн үнэр тархсан” гэсэн юм. […]

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу