Тайванийн Гүйцэтгэх засаглал өнөөдөр (2024.01.18) хуралдаж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргажээ. Арлын төв мэдээллийн агентлагийн мэдээлснээр, саяхан болж өнгөрсөн сонгууль болон хууль тогтоох байгууллага шинээр байгуулагдсантай холбогдуулан ийм шийдвэрт хүрсэн байна.

Үдийн хоолны дараа албан ёсоор огцрох өргөдлөө бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Ерөнхийлөгч Цай Ин Вэнд өгөх ажээ.

Тус агентлагийн мэдээлснээр, шинэ парламентын хоёрдугаар сарын 1-нд болох анхны хуралдаанаас өмнө Засгийн газрын танхим огцрох ёстой юм байна.

Тайваньд өнгөрсөн долоо хоногийн Бямба гараг (2024.01.13)-т ерөнхийлөгчийн сонгууль болж, эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас нэр дэвшсэн Лай Чин Тэ 40.05 хувийн санал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан. Тэрбээр Тайванийн тусгаар тогтнолыг дэмждэг улс төрч гэдгээрээ танигдсан бөгөөд ирэх тавдугаар сард албан тушаалаа хүлээж авах ажээ. Лай Чин Тэ өмнөх Ерөнхийлөгчийн баримталж байсан гадаад бодлогыг үргэлжлүүлэхээ амалсан байна.

Лай Чин Тэ Тайванийн Ерөнхийлөгч болсноор эрх баригч Ардчилсан дэвшилтэт намын гурав дахь удаагаа Тайванийн арлыг засаглах хугацаа эхэлж байна гэсэн үг. Бүрэн эрхийн хугацаа нь энэ жилээр дуусгавар болж байгаа Ерөнхийлөгч Цай Ин Вэн өмнө нь дахин сонгогдож, нийт найман жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн албыг хашжээ.

Тэрбээр “Нэг Хятад” буюу Хятадын Тайванийг өөртөө нэгтгэх төлөвлөгөөг эсэргүүцэх бодлого баримталж байсан аж. Өнгөрсөн Бямба гарагт болсон сонгуулийн үр дүн гарсны дараа Тайванийн чухалчилж харилцдаг АНУ-ын төрийн департаментаас Тайваньд хандаж, ардчилсан тогтолцооныхоо үнэ цэнийг харуулсан сонгууль явуулсанд нь баяр хүргэсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэвлэлийнхэнд хандаж, энэ долоо хоногт албан бус төлөөлөгчөө Тайвань руу илгээнэ гэж мэдэгдээд, АНУ үүгээрээ Тайванийн тусгаар тогтнолыг дэмжиж байгаа гэсэн үг биш гэдгийг тодотгожээ. Хэдий АНУ-ын ерөнхийлөгч ийм залруулга мэдэгдэл гаргасан ч БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас АНУ-ын төрийн департаментын мэдэгдлийг хурцаар шүүмжилж, “АНУ Тайваньтай зөвхөн соёл, эдийн засгийн түвшинд харилцана гэсэн амлалтаа ноцтойгоор зөрчиж байна” гэж тодорхойлсон байна.

АНУ-аас гадна Их Британи, Европын Холбоо, Канад, Япон зэрэг улсууд Тайванийн эрх баригч намд баяр хүргэжээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Дэйвид Камерон Тайванийн ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг “Ардчиллын тод илэрхийлэл” гэж дүгнэсэн бол БНХАУ-аас Их Британид суугаа Элчин сайдын яамнаас Британийн талын гаргасан мэдэгдлийг ташаарал гэж эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Их Британийн засгийн газраас Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үг хэллэг, байр суурь илэрхийлэхгүй байхыг хүсчээ.

Японы Гадаад хэргийн сайд Ёко Камикава Тайванийг “нэн чухал түнш, анд нөхөр” гэсэн тодотголтойгоор баяр хүргэсэн нь мөн л Токио дахь Бээжингийн Элчин сайдын яамнаас эсэргүүцсэн мэдэгдэл гаргахад хүргэсэн байна. Бээжин “Ёко Камикавагийн мэдэгдэл урьд нь Тайванийг мөн л ойр дотно нөхөр, эдийн засаг, ажилчны солилцооны хувьд ойр харилцааг эрхэмлэдэг гэсэн байр суурь илэрхийлж байсныг баталгаажууллаа” гэж үзжээ.

БНХАУ-ын Засгийн газар Тайванийг тусгаар тогтносон улс гэж хүлээн зөвшөөрдөггүй, өөрийн нэг хэсэг гэж үздэг. Тиймдээ ч тусгаар тогтнолыг дэмждэг эрх баригч намаас нэр дэвшсэн Лай Чин Тэ ялалт байгуулсанд тийм ч таатай хандсангүй.

Эх сурвалж: CNA, VOA, TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу