Пакистан Иран дахь “Пакистаны эсрэг” террорист бүлэглэлийн зэвсэгт хүчний хуарангуудад пуужингаар цохилт өгсөн байна. Энэ тухай AFP агентлаг Пакистаны тагнуулын албаны нэрээ нууцалсан эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Эх сурвалж “Би зөвхөн Иранд байрлаж байгаа Пакистаны эсрэг зэвсэгт бүлэглэлийн эсрэг цохилт өгсөн гэдгийг л баталж чадна” гээд, “Пакистаны эрх баригчид удахгүй албан ёсны мэдэгдэл хийнэ” гэж нэмж хэлсэн байна.

Пакистаны Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, өглөө тус бүгд найрамдах улс терроризмын эсрэг “Marg Bar Sarmachar” ажиллагаа явуулж, үүний нэг хэсэг болох Ираны мужид байрлах “террористуудын нуугдсан газруудад” цохилт өгсөн байна.

Хэвлэлийн мэдээнд “Өнөө өглөө Пакистан улс Ираны Систан, Балучистан муж дахь террористуудын нуугдаж буй газруудад хэд хэдэн өндөр зохицуулалттай, цэргийн оновчтой цохилт өгч, хэд хэдэн алан хядагчийг устгасан” гэж тэмдэглэжээ.

Пакистаны тал өнгөрсөн Мягмар гарагт хөрш зэргэлдээх Ираны цохилтын улмаас хоёр хүүхэд амиа алдаж, гурван хүүхэд шархадсан талаар мэдэгджээ. Ираны албаныхан Пакистанд буй “Жайш аль-Адл” зэвсэгт бүлэглэлтэй холбоотой хоёр баазыг онилсон гэж мэдэгдсэн байна.

Гэвч Пакистан үүнийг няцааж, “Ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй хууль бус үйлдэл” гэж мэдэгдсэн байна. Пакистан Улс Ираны халдлагад өртсөн Ирак, Сирийн дараа орох гурав дахь орон юм.

 Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу