Австри гаралтай, Холливудын нэрт жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварцнеггерийг өнгөрсөн Лхагва гарагт Мюнхений нисэх онгоцны буудалд хэсэг хугацаанд саатуулжээ.

Гаалийн ажилтнууд “The ​​Guardian” сонинд “Арнольд Шварцнеггер АНУ-аас Герман руу аялахдаа тансаг зэрэглэлийн бугуйн цагаа мэдүүлээгүй тул онгоцны буудалд хэдэн цагийн турш саатуулсан” гэж мэдээлсэн байна.

Бодибилдингийн тамирчин Пүрэв гарагт Австри улсын Китцбюхель хотод болсон Дэлхийн цаг уурын дээд хэмжээний уулзалтын хандивын оройн зоогийн үеэр захиалгаар хийлгэсэн “Piguet” цагаа дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөсөн байжээ.

Германы “Bild” сонинд “Шварцнеггер 35 мянган еврогийн татвар, торгууль төлөхийг зөвшөөрснөөр суллагдсан” гэж мэдээлсэн байна. Тус улсын эрх баригчид “Терминатор”-ын кредит картаас их хэмжээний бэлэн мөнгө авахын тулд хоёр өөр АТМ хайх шаардлагатай болжээ.

Шварцнеггерийг нисэхийн гааль дээр гурван цаг орчим хугацаанд саатуулсан бөгөөд тэрбээр “Bild” сэтгүүлд ийм асуудал тулгарсанд ихэд бухимдаж буйгаа илэрхийлсэн байна.

Мюнхен дэх Гаалийн ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч Томас Майстер Шварцнеггерийн эсрэг “татварын эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа” эхлүүлсэн талаар мэдэгджээ. Тэрбээр “Bild” сэтгүүлд “Импортын цаг учраас бүртгүүлэх ёстой байсан” гэж ярьсан байна.

Эх сурвалж: HUFFPOST
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу