Инфляц 2024 онд эрэлтийн нөлөөгөөр өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байна. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт өнгөрсөн 2023 онд хүлээж байснаас өндөр байж, эдийн засгийн идэвхжлийг дэмжсэн. Гадаад эдийн засгийн орчинд эрсдэл, тодорхой бус байдал төдийлөн буураагүйн дээр Монгол Улсын худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашрах хүлээлттэй байгаа нь экспортын түүхий эдийн эрэлт болон үнэд сөргөөр нөлөөлж болзошгүй байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдал, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан 2023 оны 12 дугаар сард бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Энэхүү бодлогын шийдвэр гаргахад ашигласан суурь мэдээллийг Инфляцын тайланд тайлбарлан хүргэдэг.

2024 оны инфляцын төсөөлөл өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байна. Инфляц өмнөх төсөөлөлтэй нийцтэйгээр алгуур буурч, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.6 хувь, Улаанбаатар хотод 9.4 хувьд хүрсэн.

Төгрөгийн ханш тогтворжин, тээврийн зардал буурч, гадаад үнийн дарамт багассан нь инфляц буурахад голлон нөлөөлөв. Импортын бараа, бүтээгдэхүүний инфляц 2021 оны 6 сараас тасралтгүй саарч, тайлант сард 6.4 хувьд хүрч буурчээ.

Инфляц энэ онд төсвийн зардлын өсөлт, тэр дундаа цалин, тэтгэврийн хэмжээ үргэлжлэн нэмэгдэж, эрэлтийн шалтгаантай инфляцын дарамтыг нэмэгдүүлэхээр байна. Улмаар инфляцын буурах хурд удааширч, Төв банкны зорилтын дээд интервалд ирж тогтворжих хугацаа 2025 оны эхэн болж хойшилж буй аж.

Уул уурхайн үйлдвэрлэл эрчимжин, дотоод эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давсан. Нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээнд хүрч, уул уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний гурван улиралд 33 хувиар өссөн билээ. Үүнийг дагаад ачаа тээврийн орлого эрчимтэй нэмэгдсэнээс гадна өрхийн хэрэглээ үргэлжлэн сэргэж, худалдаа, үйлчилгээ, бүтээгдэхүүний цэвэр татварыг дэмжсэн.

Эрэлт талаас уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, эцсийн хэрэглээ өсөлтийг голлон тэтгэсэн байна. Хөдөлмөрийн захын хувьд ажилгүйдлийн түвшин түүхэн доод түвшинд хүрсэн бол ажил эрхлэлт, тэр дундаа уул уурхай, барилга, худалдаа тээврийн салбарт ажиллагсадын тоо тайлант улиралд өмнөх оны мөн үеэс нэмэгджээ.

Эдийн засгийн өсөлтийн цаашдын төлөв өмнөх төсөөллөөс сайжирчээ. Энэ нь улирлын гүйцэтгэл өндөр гарсан болон нүүрсний экспорт нэмэгдэхээр байгааг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнөхөөс сайжрууллаа. Цаашид уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдэх, төсвийн төлөв сулрах зэрэг нь дотоод эдийн засгийн идэвхжлийг тэтгэж, ирэх жилд эдийн засгийн өсөлт 6 орчим хувьд хадгалагдах төлөвтэй байна.

Харин 2025 оноос “Оюу толгой”-н үйлдвэрлэл эрчимжин, уул уурхайн салбарын өсөлт нэмэгдэх хэдий ч хөрөнгө оруулалт буурах, төсвийн төлөв чангарах нь уул уурхайн бус салбарт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлт саарах хүлээлттэй байна.

Гадаад эдийн засгийн орчны төлөв үргэлжлэн муудав. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах, БНХАУ-ын өсөлтийн төлөв удаашрах хандлага ирэх жилүүдэд үргэлжлэхээр байна. Түүнчлэн БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтаас шалтгаалан олон улсын зах зээлд металлын үнэ буурах эрсдэл нэмэгджээ.

Холбооны нөөцийн банк, Европын төв банк зэрэг дэлхийн томоохон төв банкууд 2023 оны аравдугаар сарын хурлаар бодлогын хүүгээ хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Дэлхийн ихэнх оронд инфляц саарах хандлага үргэлжилж байгаа ч төв банкуудын зорилтот түвшинд хүрч буураагүй.

Экспортын огцом өсөлтийг даган төлбөрийн тэнцэл энэ оны эхний 9 сард 791 сая ам.долларын ашигтай гарсан. Сүүлийн 16 жилийн турш алдагдалтай байсан урсгал данс эхний есөн сард 468 сая ам.долларын ашигтай гарахад нүүрсний экспорт эрчимжсэн, хэрэглээний бүтээгдэхүүний импортын өсөлт саарсан нь гол нөлөө үзүүлэв.

Санхүүгийн дансны хувьд Оюу толгойн далд уурхайн санхүүжилт санхүүгийн дансны орох урсгалыг голлон бүрдүүлсэн хэвээр байгаа юм.

Мөнгөний нийлүүлэлт болон зээлийн өсөлт эрчимжих хандлага үргэлжилж байна. M2 мөнгөний өсөлт 2023 оны аравдугаар сард 23.5 хувьд хүрч нэмэгдэхэд төлбөрийн тэнцэл ашигтай гарч, гадаад цэвэр актив нэмэгдсэн, зээлийн өсөлт сэргэж байгаа зэрэг нь нөлөөлжээ.

Хэрэглээний зориулалттай зээлийн өсөлт өнгөрсөн оны сүүлийн хагасаас эрчимжин, зээлийн өсөлтийг голлон бүрдүүлж байгаа ч бизнесийн зээлийн өсөлт бага хэвээр байна. Бодлогын хүү 2023 оны туршид 13 хувьд хадгалагдаж, банкуудын шинээр олгосон болон шинээр татсан хадгаламжийн хүү өөрчлөлт багатай байв.

Тээврийн зардал, гадаад үнэ, ханш зэрэг гадаад шалтгаантай үнийн дарамт багасаж байгаагийн зэрэгцээ инфляцыг зорилтот түвшинд тогтворжуулахад чиглэсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц алгуур буурсан. Гэхдээ инфляцын цаашдын төлөв төсвийн зардал, тэр дундаа цалин, тэтгэврийн өсөлтийн нөлөө, цаг агаарын нөхцөл байдал, түлш, шатахууны ханган нийлүүлэлт зэрэг хүчин зүйлсээс ихээхэн хамаарахаар байгааг Төв банкны инфляцийн тайланд дурджээ.

Монголбанк цаашид эдийн засгийн сэргэлт, инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогын дараагийн алхмуудыг тухай бүр авч хэрэгжүүлэх ажээ.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу