Архангай аймгийн ИТХ-ын дарга хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар өнөөдөр (2023.01.19) тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгчид хэвлэлийн хурал хийлээ.

Тэрбээр хурлын үеэр Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Амаржаргал хэлэхдээ, “Архангай аймгийн Иргэдийн хурлын дарга Батсуурь овогтой Батжаргал яаж хууль зөрчиж , шударга бус үйлдлүүдийг удаа дараа хийж байгууллагын нэр хүндийг унагаж, чадамжгүй болгож, төлөөлөгч нарын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болгосныг та бүхэндээ мэдээлэхээр Архангай аймгаас ирээд байна.

 Аймгийн иргэдийн хурлын дарга гэдэг бол төрийн өндөр албан тушаалтан. Маш өндөр ёс суртахууны дор сахилга баттай ажиллах хариуцлагатай албан тушаал.

 Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох шударга, ёс, тэгш байдал эрх чөлөө үндэсний эв нэгдлийг хангах, ардчилсан эрх чөлөөг хамгаалах, хууль дээдлэх үндсэн зарчмууд дээр ажиллах атал хуулийг өөрийн эрх ашгийн төлөө ашиглаж өнөөдрийг хүртэл ашиглаж иржээ.

Тухайлбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 46.2 нийтийн хурал болон аймгийн иргэдийн хурлыг улиралд нэг удаа хуралдуулна гэж заасан байдаг. Гэтэл өөрт ашигтай бол хурлаа товлон зарладаг.

Мөн аймгийн иргэдийн хурлын дэргэд Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл гэж байдаг. Энэ салбар зөвлөл бол тодорхой төсөв хөрөнгөтэй байгууллага. Энэ төсөв хөрөнгө бол Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 36.1-д заасан торгуулийн орлогоос бүрддэг. Архангай аймгийн ард түмний тээврийн хэрэгслээ торгуулсан торгуулийн тодорхой хувиас аймгийн Иргэдийн хурлын дарга Батжаргал энэ зардлыг хууль бусаар зарцуулсан.

 Архангай иргэдийн махан зулгааж олсон мөнгийг мөн малын хулгай, гэр бүлийн хүчирхийлэл,хүүхдийн хүчирхийлэлд зарцуулах ёстой атал Архангай аймгийн Иргэдийн хурлын дарга Батсуурь овогтой Батжаргал хууль бусаар өөртөө зарцуулж байна” гэсэн юм.

Мөн хурлын төгсгөлд тус аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч Ц.Амаржаргал: “Ардчилсан нам энэ хүнээ битгий хамгаалаад байгаач ээ, ард иргэд харж байгаа. Дансаар нь орж гарсан мөнгө, газар, тендерийг хууль бусаар авсан талаарх мэдээллүүдийг АТГ-т өгөх болно” гэдгээ мэдэгдсэн юм.

О.ОЮУНДАРЬ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу