Спорт холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр (2024.01.19) нээлтээ хийв. Өсвөр, залуучууд, насанд хүрэгчид гэсэн ангиллаар болж буй тус тэмцээн спортын таван ордонд 20 төрлөөр болж байна. Нэгдсэн УАШТ-д 3000 гаруй тамирчин 384 багц медалийн төлөө өрсөлдөх бөгөөд зохион байгуулалтад сайн дурынхан оролцсон 150 гаруй хүн ажиллаж буй юм.

Энэ жил шинээр буудлага, бадминтон, снукер бильярдын төрөл нэмэгдсэн. Олимпын төрлийн найман спорт нэгдсэн УАШТ-д багтжээ. Өмнө нь зөвхөн “Степп Арена”-д зохион байгуулдаг байсан бол энэ жилээс таван өөр зааланд хийж буйгаараа онцлог. Зохион байгууагчид Азийн наадмыг эх орондоо зохион байгуулах амбицтай байгаагаа илэрхийлж буй юм.

Арав хоногийн турш үргэлжлэх тэмцээний хажуугаар спорттой холбоотой кино үзвэр, тамирчдыг хөгжүүлэх допинг, авлига, хар тамхи, спорт дахь дарамт, хүчирхийлэл гэх мэт олон төрлийн сургалт зохион байгуулахаар бэлдсэн зэрэг тамирчид руу чиглэсэн олон ажил зохиохоор төлөвлөжээ.

Энэ жил олимп болох учраас олимпын хөтөлбөрт багтдаг спортын төрлүүд нэгдсэн байна. Үүнээс гадна холбоодыг дэмжих хөтөлбөр зарлажээ. Энэ хүрээнд үндсэн 15 төрлийн спорт холбоо тус бүр 15 сая төгрөгийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд уг санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах зориулалттай аж.

Холбоодын нэгдсэн УАШТ туялзуур сэлмээр эхэллээ

Монголын спортын корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулж буй нэгдсэн УАШТ туялзуур сэлмээр эхлэв. 17 хүртэлх насны өсвөрийн УАШТ-ийг хүнд сэлмийн төрлөөр зохиож буй бөгөөд таван клубын 70 орчим тамирчин оролцож байгаа аж.

Монгол Улсад туялзуур сэлмийн спорт хөгжөөд 15 жил өнгөрчээ. Энэ хооронд Монголын сэлэмчид тив, дэлхийн аварга болон Азийн наадамд чамлахааргүй амжилт гаргасан билээ. Тухайдбал, 2022 онд өсвөр, залуучуудын Азийн аваргаас манай тамирчин хүрэл медаль хүртэж байв.

Түүнчлэн өнгөрсөн онд олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль авсан. Өнөөдрийн байдлаар туялзуур сэлмээр тогтмол хичээллэдэг 500 гаруй хүн байдаг гэсэн тооцоо гарчээ. Эдгээр тамирчин орон нутгийн хоёр болон нийслэлийн дөрвөн клубт хуваагдан бэлтгэл сургуулиа хийсэн байна. 2024 онд Монголын сэлэмчид олон улсын 4-5 таван тэмцээнд оролцох юм.

Энэ жил олимпын эрхийн тэмцээн дөрөвдүгээр сард болох бөгөөд түүнээс өмнө гранпри ангиллын хоёр, дэлхийн цомын хоёр тэмцээнд бий. Тамирчид бэлтгэлээ базааж, энэ сарын сүүлчээр Катар, Барселона, Будапешт, Чиндүд тэмцээнд оролцсоны дараа АНЭУ-д болох олимпын эрхийн тэмцээнд өрсөлдөж, ирэх зургадугаар сард Азийн аваргад оролцох юм байна.

Энэхүү спортоор зургаагаас дээш насны хүүхэд хичээллэхэд тохиромжтой гэж үздэг. Уг спорт тухайн тамирчны оюун санаа болон бие бялдрыг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой.

Монголд туялзуур сэлэмний анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2010 онд зохион байгуулснаас хойш 14 жилийн турш УАШТ-ийг тасралтгүй явуулж, жилээс жилд тамирчдын ур чадвар мэдэгдэхүйц дээшилж байгаа ажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу