Нийслэлд нийтийн тээвэр өчигдөр (2024.01.20)-өөс шинэчилсэн маршрутаар 74 чиглэлд үйлчилж эхэлсэн. Гэвч иргэд өнөөдөр (2024.01.20) ямар автобусанд суух учраа олохгүй, хотын дарга Х.Нямбаатарын “мангаруулсан” шийдвэрээс болж ихэд будилж, бухимдаж буйгаа илэрхийлж байна.

Нийтийн тээврийн жолооч нар нь ч будилжээ. Тэднээс иргэд хаагуур, хэрхэн явахаа асуух аж. Гэвч тэд “Бид ч өөрсдөө будилаад байна. Хотын дарга Х.Нямбаатараасаа асуу”  хэмээн хариулж байна.

Нийтийн тээврийн шинэчлэгдсэн 74 чиглэл:

Уртын чиглэлд: Улаанбаатар хотын төвөөс эхлэн Энхтайваны өргөн чөлөө, Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөнөөс Наадамчдын зам, Их тойруугийн гудамж, Нарны зам, Хүннүгийн гудамжаар нийт зургаан чиглэлд 375 автобус зорчих юм.

Тойрог чиглэлд: Дээрх уртын зургаан чиглэлийг холбосон найман тойрог чиглэл байх бөгөөд энд  92 автобус үйлчилнэ.

Богино эргэлтийн чиглэлд: Дээрх чиглэлүүдээс бусад гудамж, замуудаар үйлчлэх богино 40 эргэлтийн чиглэлд 494 автобус үйлчилгээнд гарахаар төлөвлөн, өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-ноос шинэ 74 чиглэлд нийт 1075 автобус зорчиж эхэлжээ.

Эдгээр төлөвлөлт нь:

  • Зорчилтын давхцалыг арилгах,
  • Чиглэлүүдийг хоорондоо огтлолцуулах,
  • Цаг алдаж хүлээлгэж байсан уртын чиглэлүүдийг богино эргэлтэд оруулах,
  • Иргэдийг хүлээлгэхгүй хурдан, шуурхай зорчуулах зорилготой аж.

Богино эргэлтийг хэрэгжүүлснээр 11-13 км цаг байсан нийтийн тээврийн автобусны ашиглалтын хурд 18-20 км цаг болж, 25 орчим хувиар нэмэгдэхээр тооцжээ.

Түүнчлэн чиглэлийн эргэлтийн хугацаа дунджаар 100 минут байгааг 70 минут болгон багасгахаар төлөвлөсөн байна. Зорчигчдын дамжин суух давтамж нэмэгдэх хэдий ч зорчиход зарцуулах хугацааг 10-30 хувиар буурах тооцоо гаргасан байна.

Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргал өөрчилж буй маршрут, чиглэлүүдийн зураглалыг 225 буудлын самбар дээр шинэчилж хэвлэмэл байдлаар гаргаад байгаа талаар мэдээлсэн билээ.

Нийтийн тээврийн шинэчилсэн, уртын зургаан чиглэл:

М1 чиглэл: баруунаас зүүн тийш, Таван шар-Офицеруудын ордон хүртэлх чиглэлд 75 автобус, ойролцоогоор 2-3 минутын давтамжтайгаар зорчино. Эдгээр автобус өөр чиглэлд явахгүй. Эхний автобус ирэхэд араас нь дараагийн автобус 1-2 минут, цаад тал нь 3 минутын давтамжтайгаар зорчигчдоо хүлээж авна.

М2 чиглэл: хойд чиглэл болох “Зунжин” худалдааны төвөөс урагш явсаар Сүхбаатарын талбайн зогсоол дээр очно. Улаанбаатарын төв талбайн автобусны зогсоолд баруун талаар тойрч Соёлын төв өргөөний хажуугаар явсаар зогсоол дээр хүмүүсээ буулгаж, баруун талын гарцаар гараад Төрийн ордон тойроод хойд чиглэлдээ буцаж эргэж явна.

М3 чиглэл: Нисэх-Сүхбаатарын талбайн урд талын болох Төв шуудангийн уулзвараар нэвтрээд 20 метр яваад баруун гар тийшээ эргэнэ. Энд автомашины зогсоол байгаа хэсэг дээр шинэ буудал төлөвлөж байна.

М4 чиглэл: Шар хад чиглэлийг III-IV хорооллын эцэстэй холбосон хойд тойруугаар явх юм. Мөн ялгаагүй М2 чиглэлтэй огтлолцоно.

M5 чиглэл: Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгээс Дотоод хэргийн их сургуулийн урдуур явсаар Чулуун овоогоор тойрч урагш Нарны зам руу орно. Улмаар “Гермес центр” ороод буцаж явна.

М6 чиглэл: “Шинэ 100 айл” буюу “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийшээ байгуулагдаж байгаа “Шинэ зуун айл” Монгол тэмүүлэл” 130 дугаар сургуулийн орчимд эцсийн буудлыг нь төлөвлөсөн. Энэ нь “Баянмонгол” хорооллын гудамжаар яваад Энхтайваны гүүрэн доогуур ороод ТЭЦ-3-ийн автобусны эцсийн буудал дээр очно.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу