Хятадын гарааны “Betavolt” компани цэнэглэх, засвар үйлчилгээ хийх шаардлагагүйгээр 50 жилийн турш цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой “BV100” цөмийн батарей танилцуулж, технологийн салбарт томоохон нээлт хийснээ зарлав.

Дэлхийн анхны жижигрүүлсэн атомын эрчим хүчний систем гэгдэж буй энэхүү шинэ технологи зоосноос ч жижиг (15x15x5 мм) хэмжээтэй модульд шахсан цөмийн 63 изотопыг ашигладаг байна. Уг батарей 100 микроваттын цахилгаан, 3 вольтын хүчдэл үйлдвэрлэх чадалтай, түүнчлэн -60°C-аас +120°C хүртэл хэмд ажиллах боломжтой, олон давхар хамгаалалттай тул галд өртөхгүй, дэлбэрэхгүй ажээ.

Цөмийн батарей нь никель-63 хэмээх тусгай төрлийн никельд суурилсан учир байгаль орчинд ээлтэй. Никель-63 нь задарсныхаа дараа хүрээлэн буй орчинд хор хөнөөл учруулдаггүй тогтвортой зэсийн изотоп болж хувирдаг байна.

Одоогоор уг батарейг туршиж байгаа бөгөөд туршилт дууссаны дараа ухаалаг гар утас, дрон зэрэг янз бүрийн төхөөрөмжүүдэд ашиглах зориулалттайгаар үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж буй аж. “BV100”-г мөн сансар, хиймэл оюун ухааны тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгсэл, бичил процессор зэрэгт ашиглахад тохиромжтой юм байна.

Энэхүү цэнэг хураагуурын технологийг сансрын хөлөг, усан доорх систем барихад ашигладаг ч халуун цөмийн батарейны үйлдвэрлэл өнөөг хүртэл хэтэрхий өндөр өртөгтэйд тооцогдсон хэвээр байгаа юм. Америк, Европын судалгааны хүрээлэнгүүд ч энэ чиглэлд ажиллаж байна.

“Betavolt” компани 1 ваттын хүчин чадалтай батарейг 2025 он гэхэд гаргахаар төлөвлөжээ. Шинэ бүтээл нь хиймэл оюун ухааны эрин үед Хятадад давуу тал олж авах боломжийг олгоно гэдэгт тус компани итгэлтэй байна.

Эх сурвалж: ECONOMIC TIMES, NEW SCIENCE
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу