Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаарх 28-р чуулган энэ сарын 20-нд Швейцарын Женев хотноо болох гэж байна. Уг чуулганы үеэр  жүжигчин Д.Баттөмөрийн найруулсан “Трио” уран сайхны киног толилуулах юм.

Энэ талаар өнөөдөр /2023.03.17/ кино багийнхан хэвлэлийн хурал хийж, дараах мэдээллийг өгсөн юм. 

“Трио” уран сайхны киног олон улсын тавцанд гаргах байгаагийн нэг том зорилго нь дэлхий дахинд “Монгол, Монголизм” гэх доромж утгаар хэрэглэгддэг үгийг ашиглахыг болиулах НҮБ-ын тогтоол гаргуулах аж. 

Энэ талаар Монголын Дауны холбооны тэргүүн В.Ганзориг “Жил болгоны гуравдугаар сарын 21-ны өдрийг Дэлхийн Дауны өдөр болгон тэмдэглэдэг. Энэ нь учир шалтгаантай. Товч тайлбарлахад энгийн хүмүүсийг бодвол 21 дэх хромосом нь хоёр биш гурав байдаг. Иймээс 3, 21 гэдэг тоо энэ шинжийг агуулдаг юм. Яагаад илүү хромосом бий болдог нь одоог хүртэл тодорхой бус. Биологийн санамсаргүй алдаа ч гэж нэрлэдэг. Шинжлэх ухаан одоог хүртэл судалсаар л байдаг зүйл. Дауны синдром бол өвчин биш, хамж шинж. Оюун санааны хувьд хоцрогдолтой байдлыг нэрлэж ч болно. 

Ирэх долоо хоногт Женев дэх НҮБ-ын төв офиссд кино маань тавигдахаар боллоо. Хүний эрхийн зөвлөлийн 52-р хуралд 190 улс оролцож, хоёр сар гаруй хуралдаж байгаа том арга хэмжээ гэж болно. Энэ арга хэмжээнд Монгол улс анх удаа бие даасан хэлэлцүүлгийг өрнүүлж, “Трио” киногоо гаргах албан ёсны зөвшөөрлийг авсан.

Төв байранд бид киногоороо дамжуулан дэлхий дахинд урлагаар эерэг нөлөөллийг бий болгож чаддаг гэдгийг харуулах болно.  Энэ бол түүх бүтээж байгаа үйл явдал.

Учир нь гаднын оронд доромж утга буюу энгийн ярианы зүй бусаар ярилцахдаа “Монгол”, “Монголизм” гэх зэргээр нэгнийгээ хараадаг. Англи, Франц гэх мэт улс орнуудад ч түгээмэл жишээгээр үйл явдал өрнөж байсан. Бухимдсан өнгө аясаар ярилцах, нэгнийгээ ёжилж, муулахдаа хэлдэг.

Жишээ нь, Испани улсад “Монгол” гэдэг сэтгүүл байдаг. Бусдын тухай доромж утгаар бичсэн мэдээ нийтлэгддэг сэтгүүл байгаа юм. Тийм учраас цаашид зүй бус хэллэг, хэрэглээг халах зорилгыг бид өвөртөлж байгаа. Сүүлийн жишээ гэхэд “Формула 1”-ын Голланд нисгэгч микрофоноо хаалгүйгээр бусадтай доромж утгаар ярилцахдаа “Монголизм” гэж ашиглаж байсан. Бид ч тухайн үед арга хэмжээ авхуулсан. 

Өнгөрсөн жил Юнескогийн дарга манай улсын Засгийн газартай хэлэлцээр хийж, санамж бичигт гарын үсэг зурсан. “Монгол”, “Монголизм” гэх хэллэгийг хэрэглээнээс бүр мөсөн халах тал дээр хамтарч ажиллах талаар ярилцсан байдаг. НҮБ-д энэ доромж үгийг ашиглахыг хориглосон тогтоол байдаг гэж ярьдаг ч одоог хүртэл гарч ирээгүй байна. Бүх шатны архивыг шүүж үзсэн ч гарч ирж байгаагүй юм.  Хамгийн том зарчим маань энэ НҮБ-ын тусгай тогтоолыг гаргуулах. Энэ тийм ч хялбар бүтэх ажил биш хэдий ч бидний уран бүтээл энэ асуудалд хамгийн том хүч болох учиртай. Тийм учраас төлөвлөгөөт хурал бүрт бид оролцохоор тооцоолж байгаа” гэлээ.

Сануулахад, “Трио” УСК нь одоогийн байдлаар дараах шагналуудыг хүртээд байна. Үүнд:

  • 2022 оны Тайландын олон улсын кино наадмаас “Шилдэг кино” шагнал,
  • 2022 оны АНУ-ын Палм Спрингс даун синдромын олон улсын кино наадмаас “Шилдэг зураглаач” шагнал,
  • 2022 оны Улаанбаатар олон улсын кино наадмаас “Шилдэг продюсер” шагнал,
  • 2022 оны Варшавын олон улсын кино наадмаас “Үзэгчдийн нэрэмжит шилдэг кино” шагнал,
  • 2022 оны Таллины олон улсын кино наадмын “Фестивалийн шилдэг” кино шагнал,
  • 2022 оны Монтреалийн кино наадмаас “Шилдэг найруулагч” шагнал,
  • 2022 оны Евро-Азийн ард түмний холбооноос зохион байгуулдаг “Арт Юнайтэс” кино наадмаас “Шилдэг кино” шагнал

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу