Дэлхийн температур цельсийн 1.2 хэмээр нэмэгдэхэд хүн төрөлхтөн цаг уурын эрс тэс үзэгдлүүдэд нэрвэгдэх эрсдэл тулгараад буй. Энэ цаг үед дэлхийн улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах яаралтай арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж, температурын өсөлтийг цельсийн 1.5 хэмд тогтоон барих амлалтууд өгөөд байгаа билээ.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан төлөөлөгч Саймон Стил “Бид дэлхийн температурыг цельсийн 1.5 хэмд тогтоон барихад шаардлагатай түвшинд хорт хийн ялгарлыг бууруулж чадаагүй байна. Энэ зорилтод хүрэхийн тулд Засгийн газрууд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх төлөвлөгөөгөө шинэчилж, ирэх найман жилд хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж мэдэгдсэн юм.

Парисын уур амьсгалын хэлэлцээрээр тохиролцсон, дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд 2030 он гэхэд хорт хийн ялгарлыг 2010 оны түвшнээс 45 хувиар бууруулах шаардлагатай. Харин улс орнуудын одоогийн амлалтуудаас үзэхэд 2030 он гэхэд 10.6 хувиар л буурах тооцоо гарчээ.

“Иннова Минерал” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир “Уул уурхайн салбарын олон улсын чиг хандлага: Чухал ашигт малтмал-геополитик ба нийлүүлэлтийн сүлжээ” сэдвээр “Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл” (ТНЗ) нийгэмд үйлчлэх ТББ-аас “Оюутолгой” ХХК-тай хамтран зохион байгуулсан “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-т хамрагдагчдад сонирхолтой мэдээлэл өгсөн юм.

Улс орнууд дээрх зорилгын хүрээнд эрчим хүчний шилжилт хийх зайлшгүй шаардлагатай тулгарч буй.

Энгийн цахилгаан машин дотоод шаталтат хөдөлгүүртэй машинаас 6 дахин их ашигт малтмалын орц шаарддаг. Салхин цахилгаан станц байгалийн хийн цахилгаан станцаас 9 дахин их ашигт малтмал хэрэглэдэг байна.

Иймд эрчим хүний шилжилтийг хийхийн тулд уул уурхайн цаашдын хөгжлийн асуудлыг ярих нь чухал болж буй.

Байгаль орчны сайн сайхны төлөө, байгаль орчинд хор хөнөөл багатай байлгахын тулд хийж буй шилжилт учраас түүнд буй түүхий эд ч мөн адил байх ёстой. Өөрөөр хэлбэл, тогтвортой хөгжлийн концепцэд нийцсэн байх ёстой.

Энэ асуудал дөнгөж яригдаж эхэлсэн 2014-2017 оны үед хамгийн эхний шилжилт явагдсан байна. Цахилгаан автомашин гэх мэт олон сайхан зүйлийн төлөө явж байгаа мөртлөө цаад талын процесс нь огт тогтвортой биш байж. Жишээлбэл, Африкийн Конгод кобальт маш их хэмжээгээр олборлосон. Конго Улс засаглал маш султай, Монгол Улстай харьцуулахад бүр сул, хүүхдийн хөдөлмөр эрхлэлт ихтэй аж.

Гар аргаар олборлолт хийх түгээмлийн зэрэгцээ компаниудын борлуулж байгаа бүтээгдэхүүнд нийлүүлээд явуулчихдаг. Энэ нь том зургаар харвал маш хортой юм. Мөн бидний гар утасны чухал орц цагаан тугалгыг Малайз, Индонез ихээр олборлодог. Үүний тулд маш их ширэнгэ “хяддаг” бөгөөд дээр нь хууль бус олборлолт ихтэй аж. Маш их эсэргүүцэл, шаардлагын дүнд “Apple” зэрэг дэлхийн хэмжээний компаниуд цагаан тугалга авахаа бараг больсон байна.

Газрын ховор элемент хүн төрөлхтөний анхаарлыг татсаар ирсэн. Дийлэнхийг нь Хятад улс олборлодог. Үүний зэрэгцээ Малайз, Мяньмар, Вьетнам тодорхой хэмжээгээр олборлодог байна. Мяньмар цэргийн засаглалтай. Засаглалд байгаа эрхмүүд нь маш баян чинээлэг, газрын ховор элементийн наймаа эрхэлдэг байна. Улсад бүртгэлгүйгээр Хятад руу наймаалцдаг. Энэ мэтээс үүдэн уул уурхайн салбар хариуцлагатай, тогтвортой байх ёстой гэсэн асуудал эрхгүй хөндөгддөг.

“ДЭЛХИЙ ДЭЭР БОРЛУУЛАГДДАГ ГУРВАН АВТОМАШИН ТУТМЫН ХОЁР НЬ ХЯТАДАД ЗАРАГДДАГ”

Дэлхийн дулаарлыг 1.5 хэмд тогтоон барих зорилтод хүрэхийн тулд авто салбарын асуудал хөндөгдөх нь зүйн хэрэг. Ихэнх улс орон дотоод шаталтат хөдөлгүүрээс татгалзах зорилт тавьсан. Үүний зэрэгцээ үйлдвэрлэгч компаниуд, тухайлбал Wolkswagen 2030 он гэхэд гаргаж буй нийт машины 50 хувийг цахилгаан автомашинаар солихоо зарласан зэрэг зорилтууд хэрэгжиж буй.

Үүнд хамгийн их садаа болж байгаа нь уул уурхайн салбар. Учир нь тус салбар нэлээд их хэмжээний түүхий эдээр хангах шаардлагатай болдог. Гэвч уул уурхайн салбарын хүчин чадлыг нэмнэ гэдэг хамгийн хүнд ажил. Ойрын жишээ гэвэл, “Оюутолгой” компани бүрэн хүчин чадалдаа хүрэхийн тулд маш олон жил “дуншиж” буйг дурдаж болох юм.

Дэлхий дээр өнөөдөр ойролцоогоор 1.4 тэрбум автомашин бий бөгөөд 2050 он гэхэд 700 сая цахилгаан автомашин болгон бууруулна гэсэн зорилттой. Магадгүй 2050 он гэхэд 2 тэрбум автомашин байлаа гэхэд гаргаж буй нийт машины 50 хувь цахилгаан автомашин болно гээд зарлачихсан. Үүний зэрэгцээ устөрөгчөөр явдаг машин, дээрээс нь технологийн шийдлүүд явах нь мэдээж.

Энэ салбар эрчим хүчний шилжилтэд бэлэн үү? Өнөөдрийн байдлаар цахилгаан автомашины борлуулалт Хятадад илүүтэй хөгжсөн байна. Тус улсын BYD цахилгаан автомашин хамгийн өндөр борлуулалттайгаараа тэргүүлж, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын борлуулалт нь “Тesla”-гийнхаас давжээ.

Бүтэн жилийн борлуулалтыг нь аваад үзвэл, “Тесла” 1.8 сая цахилгаан автомашин борлуулсан бол BYD 1.6 сая цахилгаан автомашин, 1.5 сая орчим хабрид автомашин борлуулсан байна. “Toyota”-гийн хабрид автомашины жилийн борлуулалт 2.6 сая байдаг гээд бодвол BYD энэ төрлийн автомашины борлуулалтаараа түүнд дөхөж очиж байна гэсэн үг. Өнгөрсөн жил “Tesla”, “BYD”-гийн борлуулсан автомашины зөрүү 400 сая байсан бол энэ жил 200 сая болно гэсэн таамаг бий аж. Энэ нь “BYD” нь “Tesla”-г нийт үйдвэрлэлээр гүйцэхэд ойрхон байна гэсэн үг билээ.

Дэлхийн автомашины хамгийн өндөр борлуулалттай есөн загварыг аваад үзвэл, хоёр нь “Tesla”, гурав нь “BYD” байна. Тиймээс энэ хоёр компани зах зээлийн 50-иас дээш хувийг шууд эзэлж байгаа ажээ. Дээрх жагсаалтын гурав, дөрөв, тавдугаарт байгаа автомашинуудын борлуулалтын тоо жилд 400 мянгаас хэтэрдэггүй нь “Tesla”, “BYD”-гийн хүчин чадалд хүрэхгүй байгаагийн илэрхийлэл. АНУ-д ойрын хэдэн жилдээ “Tesla”-г гүйцэх үйлдвэрлэгч гарч ирэхгүй бололтой. Европын хувьд “Volkeswagen” тэргүүлж, араас нь “Volvo” бичигдэж буй.

Хятад улс энэ салбарт хамгийн түрүүлж орж ирсэн учраас технологи, ноу-хау-гаараа ч “урд” алхаж, давамгайлж байгаа ажээ.

ДАВСАН ДЭЭР СУУРИЛСАН БАТАРЕЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРЧИМТЭЙ ӨСӨЖ БАЙНА

Автомашины батерей буюу зай хураагуур хамгийн чухал хэсэг. Дэлхийн автомашины зай хураагуурын нийт зах зээлийн 77 хувийг 2023 оны байдлаар Хятадын компаниуд үйлдвэрлэжээ. 2027 оны төсөөллөөр дэлхийн зай хураагуурын үйлдвэрлэл 7 дахин өссөн ч Хятадын компаниуд 70 хувийг нь үйлдвэрлэнэ гэсэн тооцоолол гарчээ.

Урд хөршийн компаниуд Европт үйлдвэрүүдээ байгуулж байгаа бөгөөд Унгар, Чех зэрэг улсууд “Манайд үйлдвэрлэлээ байгуулаач ээ” гэсэн хүсэлтүүд гарган, өрсөлдөж буй юм байна. Эндээс Хятадын технологи дор хаяж 5 жилийн урд яваа нь харагдаж буй.

Дэлхийн улсууд шинээр технологиуд хөгжүүлж буйтай адил Хятад ч хөгжүүлж байна. Жишээлбэл, натри буюу давсан дээр суурилсан батарейн үйлдвэрлэл технологийн хувьд нэлээн өсөж, хятадууд анхны үйлдвэрүүдийг нь байгуулжээ.

Дэлхийн зай хураагуурын 10 том нийлүүлэгчийг 2022 оны байдлаар авч үзвэл, бүгд Азийн компаниуд байна. Тодруулбал, “Samsung”, “LG”, LGS (БНСУ), “Panasonic” (Япон), бусад нь Хятадынх. “Tesla”-гийн гол ханган нийлүүлэгч нь “Panasonic” ажээ.

Батарейны хувьд утсанд хэрэглэдэг никель кадми, никель кобальт, никель кобальт маргаництай батарей зэрэг нь төрөл төрлийн химийн найрлагатай. Жижиг байх тусмаа нягт байх ёстой. Автомашины хувьд олон цэнэглэгдэх, олон хэрэглэгдэх, нурахгүй, хямд байх ёстой.

“Panasonic”-ийн хувьд никель кобальт, маргаництай батарейн технологиороо цойлж байжээ. Хятадууд сүүлийн жилүүдэд никель, төмөр, фосфориттой батарейг маш сайн хөгжүүлсэн байна.

Хятадын удирдагч агсан Дин Сяо Пин барууны үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах шийдвэр гаргаж, хамгийн эхэнд ажил хэрэг болсон нь газрын тосны хайгуул аж. Тус улсад энэ чиглэлийн үйлдвэрлэл дээр хэдэн зуун мянган хүн нас бардаг, аюул осолгүй ажиллагаа хангалтгүй, 1980-аад оны эхэн үед хайгуулын ажил нь хүний олноор зоддог л байдалтай байжээ. Тэр үед хятадууд Америкаас цохилууртай платформууд авчирч тавьсан байна.

Мөн арван машин авчирсан бол есийг нь хэрэглээд, нэгийг нь задалж үзэж, технологийг нь шилжүүлж авах арга зам эрэлхийлж байж. Түүнээс хойш буюу 30 жилийн дараа одоо америкчууд Хятадаас технологийг нь авах замаар хамтарсан үйлдвэрүүд байгуулж байгаа аж. Эндээс Хятадын үйлдвэрлэл хэр хурдан өссөн бэ гэдэг нь харагдаж буй юм.

Батарей үйлдвэрлэгч дэлхийн нэг номер “Catl” компани арван жилийн өмнө байгуулагджээ. Гол хувьцаа эзэмшигч нь “Али Баба”-гийн Жак Матай хөрөнгөөрөө эн тэнцдэг байна. Энэ компанийн амжилтад хүрсэн шалтгаан нь нэгд, Хятадад цахилгаан машиныг хөгжүүлье гэсэн шийдвэр гарсантай холбоотой ажээ.

Хоёрт, хятадууд түүнд зориулан санхүүжилт өгч эхэлсэн. Жилийн таван тэрбум орчим ам.долларыг энэ төрлийн үйлдвэрлэлд зарцуулжээ. Эхэн үедээ 30-50 компани санхүүжилт авч байсан аж. Үндсэндээ Хятадын төр энэ салбарыг босгоход асар их анхаарал хандуулсан байна.

Гуравдугаарт, хамгийн гол нь технологи шилжүүлэлтийн асуудал байжээ. Японы “TDK” компанийн технологийг шилжүүлэн авчирч, улам сайн боловсруулалт хийсний дүнд өнөөдөр энэ салбарт тэргүүлж буй аж.

Хятадын батарейны үйлдвэрүүд хөгжсөн учраас хятадууд дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй уул уурхайн төсөл, хөтөлбөрүүдэд томоохон хөрөнгө оруулалт хийсэн байна.

МОНГОЛ УЛС ХАНГАН НИЙЛҮҮЛЭХ НАЙРСАГ СҮЛЖЭЭ ҮҮСГЭХ ХЭРЭГТЭЙ

Монгол Улсын уул уурхайн салбарт өмнө нь геополитик түүхэндээ ингэж хүчтэй нөлөөлж байгаагүй билээ. Гол шалтгаан нь Америк, Хятадын худалдааны дайн юм. Ерөнхийдөө хэн нь илүү хүчтэй вэ гэсэн хоёр улсын хоорондын мөнхийн, нэг нэгнээсээ “давуу барьц” авах гэсэн өрсөлдөөн.

Хятад үе үе газрын ховор элементийн экспортоо хаадаг. Үүнээс үүдэн үнэ нь өсөж, бусад нь сандралддаг байсан. Энэ жилийн хувьд Хятад улс зөвхөн газрын ховор элемент бус, Germanium зэрэг дээр жилийн эхэнд хаалт хийсэн. Жилийн хоёрдугаар хагаст балт чулуун дээр хаалт хийсэн. Энэ хаалтын давтамж улам ихсэж, хүрээ нь улам тэлэх хандлагатай байгаа аж.

Монгол Улс ханган нийлүүлэлтийн өрсөлдөөнд хоцорч яваа нь бодлого алдагдсан, салбарын чадавхи суларсантай холбоотой. Иймд ханган нийлүүлэх найрсаг сүлжээ үүсгэх хэрэгтэйг салбарынхан хэлж буй юм.

Монголын уул уурхайн салбарын уламжлалт бүтээгдэхүүнүүд зэс, жонш. Хайгуулыг хөгжүүлсэнээр уул уурхайн салбарын ирээдүйг тодорхойлж болох бүтээгдэхүүнүүд нь никель, лити, газрын ховор элемент, гянтболд, бал чулуу, цайр юм.

Азийн нүүрсний зах зээлийн чиг хандлагын тухайд өгүүлэхэд, 2024-2026 онд өсөлттэй (Sinopec 2025), БНХАУ-ын нийт хүн амын хандлага, бүс нутгийн эдийн засгийн өсөлт, тогтвортой хөгжлийн зорилгоо ойлгох, эрчим хүчний бие даасан байдал, шинэ технологийн шилжилт, өөрчлөлтийн асуудлыг нухацтай ойлгож, бодлого шийдвэртээ тусгах хэрэгтэй ажээ.

Салбарын мэргэжилтнүүд, шинжээчид дэлхийн хэмжээнд 2040 он гэхэд чухал ашигт малтмалын хэрэгцээ өнөөдрөөс дөрөв дахин нэмэгдэх төлөвтэй байгаа тул критикал минералын ирээдүйд оролцоотой байх үүднээс улс оронд шаардлагатай нийлүүлэлтийн сүлжээг баталгаатай байлгах нь чухал” гэж үзэж байна.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу