Кино урлагийн салбарт өөрийн өнгө төрхийг бий болгож, бие даан уран бүтээл туурвиж яваа жүжигчин А.Бямбабаяртай “Бидний араншин” киноны нээлтийн үеэр ярилцлаа. 

-Шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авч байгаад баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-“Бидний араншин” УСК Монголын бүх кино театрт нээлтээ хийж байна. Уг кино маань анд найзын нөхөрлөлийг харуулсан. Нэгэнд нь асуудал тулгарвал арыг нь бат дааж буйг харуулсан.  Мөн киноныхоо нэрэндээ зохицож, бидний араншин ямар вэ гэдгийг амьдарч буй нөхцөл байдлаараа харуулахыг зорьсон кино юм.

-Урлагийн ертөнцөд хэрхэн хөл тавьж байв. Өөрийнхөө талаар бидэнд ярьж өгөхгүй юү?

-Намайг Анд-Очирын Бямбабаяр гэдэг. Айлын дунд хүү, нэг ах, нэг дүүтэй. Би 2015 онд СУИС-ийг жүжигчин, найруулагч мэргэжлээр төгссөн. Миний бага нас Яармагийн гэр хороололд  ах, дүү хоёртойгоо ус зөөж, түлээ хагалж, гудамжинд тоглож өнгөрсөн дөө.

Намайг бага байхад зурагт ховор, үзэх юм хомс байлаа. Нэг өдөр аав, ээж хоёр маань одоогийн “Шинэ үе” продакшн, Д.Сосорбарам гуайн тоглолтын дүрс бичлэг, гадаад, монгол кинотой таван төрлийн “CD”-тэй “VCD” авчирч байсан нь хүүхэд насны минь хамгийн тод дурсамжуудын нэг. Тэр дундаас хошин урлагийн бичлэгүүдэд эрэгтэй хүн эмэгтэй болж жүжиглээд, их сонирхолтой санагдаж байсан.

2011 онд оюутан болж орсноос хойш киноны ар талд, арын албанд туслах хийдэг байсан. Сургуулиа төгсөөд, зургийн дарга, талбайн зохион байгуулагч, найруулагчийн туслахаар ажилласан. Гурван жилийн өмнөөс кинонд тоглож, жүжиглэж эхэлсэн. Мэдээж шууд кинонд тоглоод од болно гэж байхгүй шүү дээ. Маш багаас эхэлсэн. Одоо намайг ганц, хоёр хүн таних хэмжээнд хүрчихээд л байж байна.

-Кино урлаг бол үзэгчдийг соён гэгээрүүлэх, гоо сайхны мэдрэмж өгөх хамгийн том соёлыг түгээгч. Та энэ удаад үзэгчдэд юуг ойлгуулахыг зорьсон бэ?

-Тус киногоороо хүн хичээвэл, зүтгэвэл болохгүй зүйл байхгүй гэдгийг ойлгуулахыг, урам зориг өгөхийг зорьсон. Киноны зохиолыг бичиж, найруулсан Амартүвшин ахаас асуувал том агуулгаар нь хэлж өгөх байх. Би гол дүрийн жүжигчнээр ажилласны хувьд болгож бүтээхийн төлөө зүтгэх ёстой гэдэг зарчмаар ажилласан.

-Кино зураг авалтын үеийн хүндрэлтэй болон хөгжилтэй дурсамжаасаа манай уншигчидтай хуваалцахгүй юу?

-Зураг авалт тэр чигтээ хүндрэлтэй байдаг. Ялангуяа энэхүү киноныхоо зураг авалтыг арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр яг хүйтний эрч чангарч байх үед хийсэн. Энэ үед гадаа зураг авалтын үеэр халуун юм уугаад, буцаж даараад л яваад байлаа. Хөгжилтэй зүйлс ч мөн тохиолдсон. Хүндрэлтэй зураг авалтын үеэр бид өөрсдөө маазарч, инээж байж л давахгүй бол стресстээд яваад байвал ажил урагшлахгүй.

-Монголчууд бидний араншин ямар байна вэ?

-Монголчуудын дийлэнх нь уужуу, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Муухай араншинтай хүн ховорхон байдаг гэж боддог. Ерөнхийдөө монголчууд дэм дэмэндээ амьдардаг ар түмэн юм шиг санагддаг. Жишээлбэл, саяхан өрх толгойлсон 4-5 хүүхэдтэй аавуудад хэрхэн тусалж байгааг харлаа. Ёстой л нөгөө “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусла” гэдэг үг санаанд бууж байна.

-Найз хүн, эрчүүдийн нөхөрлөл ямар байвал үнэ цэнтэй вэ?

-Миний хувьд нөхөрлөл гэдэг бол нэгэндээ итгэх итгэл, хариуцлагыг үүрч явдаг. Хүний анд найз байна гэдэг бол найзынхаа итгэж ярьсан зүйлийг бусдад ярих хэмжээний хүн чанаргүй байж болохгүй. Харин найздаа өөрт нь болохгүй байгаа зүйлийг нь хэлдэг байх хэрэгтэй. Мөн хамгийн сайн шүүмжлэгч байх ёстой. Үүний зэрэгцээ найздаа атаархалгүйгээр амжилттай байгаа, болж бүтэж байгаа зүйлд нь баяр хүргэн, сайхан харагдаж байвал магтах хэрэгтэй.

-“Монгол араншин” киног үзсэн хүн ямар зүйлийг ойлгоосой гэж хүсэж байна вэ?

-Үзэгчдэдээ хандаж хэлэхэд, та бүхэн “Бидний араншин” киног заавал ирж үзээрэй гэж хүсэж байна. Кино гэдэг зүйлээс хүн ямар нэгэн ухаарал, сэдэл авах ёстой гэж би хувьдаа боддог. Манай киног үзсэн хүн ямар нэг зүйл олж авна гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. Энэ киноноос нөхөрлөлийн үнэ цэн, амьдралын үнэ цэн, гэр бүлийн үнэ цэнийг ойлгох болно.

Л.ЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу