Манай Улсын нутаг дэвсгэрийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон ба 2022 оны байдлаар 362 гол горхи, нуур тойром, булаг шанд ширгэсэн гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улсын хүн ам, Улс орны эдийн засгийг баталгаатай, хүрэлцээтэй усаар найдвартай хангаж, байгалийн үнэт баялаг болох усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглахад талуудын оролцоог хангах, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг гуравдугаар сарын 24-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Уг чуулган төрийн болон төрийн бус байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, сав газрын захиргаад, усны салбарын мэргэжлийн байгууллага, их дээд сургууль, эрдэмтэн, судлаачид, оюутан, сурагчдын төлөөлөл, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөрийн төлөөллүүд хамтран ажиллах, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой 800 гаруй төлөөлөл уг оролцох аж.

Чуулганыг угтаж 2023 оны гуравдугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд гадаргын болон газрын доорх усны нөөц, түүний тулгамдсан асуудлууд, усны салбарын эрх зүйн орчны хүрээнд салбар хуралдааныг зохион байгуулах юм. Салбар хуралдаанд төрийн болон төрийн бус байгууллага, ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллага, олон улсын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч нар оролцох юм байна.

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу