Г.Занданшатарын тэргүүлсэн парламент 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусган баталж, тоглоомын дүрмээ шинээр зохиосон.

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулийг шинэ тогтолцоогоор анх удаа явуулах гэж байгаа нь шинэ залуу улстөрчдөд гэлтгүй хуучин “архаг”-уудын зүрхэнд ч шар хус хуруулаад байна.

Төвийн бүс гэхэд Сэлэнгийнхэн Сэлэнгэдээ, Дарханынхан нь Дархандаа, Төв аймгийнхан нь Төв аймагтаа “жаалж” байсан бол уг гурван аймгийг нэгтгэснээр нэр дэвшихээр горилж байсан олон хүнийг хазаараа татахад хүргэлээ.

МАН-ынхан өнгөн дээрээ Л.Оюун-Эрдэнийн санаачилсан бүсчилсэн тойргийн сонгуулийг дэмжиж байгаа ч цаанаа айдастай байгаагаа нуухгүй байгаа юм. Сүүлийн найман жил засаглаж байгаа МАН-ынхан ч дотооддоо энэ замаар явахыг хүсэхгүй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар гэхэд Баянхонгор аймагтаа нэр хүнд тийм ч өндөр биш байгаа тул Чингэлтэй дүүргийг бараадан, судалгаа хийлгэж үзэхэд хүссэн хэмжээнд нь үр дүн гараагүй гэсэн яриа бий. Тиймээс жагсаалтад орох хүсэлтэй байсан ч хоёр парламент дамжин спикерийн алх барьж суугаа түүний хүсэлтийг хүлээж аваагүй тул арга буюу Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудыг бараадаж эхэлжээ.

Тэрбээр Архангай аймагт байгаа Баянхонгор аймгийн отрын малчдаа эргэх нэрээр тойргийн усалгаа хийж яваад ирсэн гэх. Их хурлын дарга нь ийм айдастай байхад бусад нь ямар байгааг ярих нь илүүц.

Тиймээс сонгуулийн бүсчилсэн тойргийг баталсан УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн нэр бүхий хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хандах бололтой. Эрх баригч МАН дотроос дэмжлэгтэйгээр УИХ-ын тогтоолын төслийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хандсанаар маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэц шийднэ.

Уг процесс цагаан сарын дараа эхлэх бөгөөд үр дүнд хүрэх байх гэдэг хүлээлт МАН-ын гишүүд, АН-ын Женко талынханд байгаа юм байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийг онилж эхлээд байгаа бололтой. Хэрэв Үндсэн хуулийн цэц Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл сонгууль 2020 оны хуулиараа явах юм гэнэ.

Ийм нөхцөл бүрдвээс бүсчилсэн тойрогт бүгдэд нь мөнгө тараахаар зэхэж яваа мөнгөтэй улстөрчдийн халаас бага сэгсрэгдэж, тойрогтоо “даам” гарсан улстөрчид аймагтаа дахин хаанчилж магадгүй юм. Аймагтаа танигдах гэж мөнгө цацаж явсан залуусын “утаарсан” улс төр дахин сэргэж эхэлнэ.

Ямартай ч МАН-ынхан дунд, цаашлаад АН-ынхан, тэр дундаа Х.Баттулгын гэгдэх бүлэглэлийнхэн Үндсэн хуулийн цэцэд хэн нэгнээр гомдол гаргуулснаар УИХ-ын тогтоолын төслийг “буцаалгах” бүрэн боломж байна гэж хараад байгаа юм байна. Бүсчилсэн хөгжил биш, жалганыхаа улс төрөөр амьдрах сонирхолтой хүмүүс хэн хэн байна вэ гэдэг нь удахгүй ил болох биз ээ.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу