“Би хайруулын тавган дээр сууж байна” хэмээн өөрийгөө тодорхойлсон Дорноговийн гишүүн Борхүүгийн Дэлгэрсайхан ингэж хэлээд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Хот хариуцсан сайдаар томилогдож байлаа. Нийслэлийн тушаа болсон авто замын түгжрэлийг бууруул хэмээн сайдаар томилсон ч хотынхоо “түгжрэл” нь сайд өөрөө болж, ард түмнээ хилэгнүүлэв.

Автобусаар зорчдог иргэдээ “Автобусанд суулгаж сургана” хэмээн алдарт афоризмоо хэлж байсан удаатай. Тэрээр хэлсэн амандаа хүрч, ард түмнээ автобусаар зорчуулахын тулд чиглэлүүдийг өөрчилж, чилийсэн уур бухимдлыг өдөөгөөд авсан. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэдэг автобусны чиглэл өөрчилснөөр тодорхой болов. 

Хууль зүйн сайдаас Хотын дарга болж, буурь сэлгэсэн Х.Нямбаатар “Иргэдэд таалагдахгүй ч давс мэт шорвог шийдвэр гаргана” хэмээн амалж байсан удаатай. Хотын даргын давс мэт шорвог шийдвэр, Түгжрэлийн сайдын хайруулын тавагны үлгэр дүн өвлөөр ард түмнээ суух автобусгүй болгож, автобусны буудал дээр бүтэн цаг хүлээлгэн “залхаан цээрлүүлэв”.

Дорноговийн “хаан” гэгдэх Б.Дэлгэрсайханд Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал дэндүү томдож байна. Нийслэлд амьдарч буй 1.5 сая иргэнээ хайруулын тавган дээр хөлдөөх шийдвэр гаргаснаа өчигдөр орой цуцалж байна лээ. Иргэд тэдний туршилтын туулай биш. Тэр бол нэг аймгаас сонгогддог Их хурлын л гишүүн болохоос их хотын амьдралыг жолоодох сайд биш гэдгээ харууллаа.

Тэр цагдаа хийж үзсэн. Дорнын говь болон “Болд төмөр Ерөө гол” компанийн захирал байж төмрийн хүдрийг хил давуулан наймаалахаас өөрөөр төрийн бодлого шийдвэр гаргах анхан шатанд ажиллаж үзээгүй тул хал үзэж, халуун чулуу долоосон нийслэлийн иргэдийн дэргэд жижигдэж байна. Тиймээс тойрог томссон сонгуулийн сурталчилгаагаа Дорноговь, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговьдоо л явуулж, “усалгаагаа” хийж баймаар юм. Гэхдээ энэ мэт иргэдээрээ наадаж суудаг эрээ цээргүй сайд нарын ажил урагшлахгүй бол асуудалгүй сольчихдог баймаар байна. Хөөгөөд явуулчихдаг баймаар байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдан, гурван жилийн ойн босгон дээрээ ирсэн энэ өдрүүдэд Засгийнхаа нэрийг хайруулын тавган дээр шарж суугаа “дэлхий даахгүй баян”-аа нийслэлээс холдуулж, иргэдээ тайвшруулмаар байх юм.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу