Уганда улсын нийслэл Кампала хотод болж буй “G77 plus China” дээд хэмжээний уулзалтын үеэр сэтгүүлчид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришээс Их Британийн эрх баригчдад хууль бус цагаачдыг Руанда руу албадан гаргахыг зөвшөөрсөн гэрээ, мөн Украины дүрвэгсдийг гадаадаас дайчлах боломжийн талаар тайлбар өгөхийг хүссэн байна.

Дэлхийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга “Бүх дүрвэгчид адил, тэгш хандах ёстой. Мөн бүх улс дүрвэгсдийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой” гэж тэр хэлээд, НҮБ Их Британийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Украины дүрвэгсэд мэдээж хамгаалагдах эрхтэй. Бүх дүрвэгч тэгш эрхтэй” гэж хэлжээ.

Украины Батлан ​​хамгаалахын сайд Рустем Умеров 2023 оны арванхоёрдугаар сард “Bild” сонинд өгсөн ярилцлагадаа “Киев 2024 онд гадаад руу дүрвэсэн украинчуудыг цэргийн албанд элсүүлэх бодолтой байна” гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, гадаадад гарсан 25-60 насны украинчууд сайн дураараа элсэх төвд ирэхгүй бол байдал бишдэх бололтой.

2022 оны хоёрдугаар сараас хойш Украинаас Германд 18-60 насны 221,571 эрэгтэй ирсэн гэж “Bild” тодотгожээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь цэргийнхэн түүнд 450-500 мянган хүн нэмж дайчлах санал тавьсан талаар мэдэгдсэн билээ. Түүний хэлснээр, ийм дайчилгаанд Украинд нэмэлт 500 тэрбум гривен (ойролцоогоор 13,4 тэрбум ам.доллар) шаардлагатай болох аж.

Украинд 2022 оны хоёрдугаар сараас хойш бүх нийтийн дайчилгаа зарлаж, удаа дараа сунгасан бол тус улсын эрх баригчид цэргийн насны эрчүүдийг алба хаахаас зайлсхийхгүй байлгахын тулд боломжтой бүхнийг хийж байгаа аж. Тодруулбал, тэдний гадаадад зорчихыг хориглож, төрийн байгууллага, гудамж талбай, хөл хөдөлгөөн ихтэй газарт зарлан дуудах хуудас өгч буй юм байна.

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээлснээр, эрчүүд байлдааны бүс рүү явахгүйн тулд хэдэн сарын турш гэртээ “бүгж”, дайчилгааны улмаас олон ч дуулиан дэгджээ.

Цэргийн комиссарууд зарлан дуудах хуудас өгөхдөө иргэдийн эсрэг хэрхэн хүч хэрэглэсэн, эрүүл мэндийн шалтгаанаар алба хаах боломжгүй хүмүүс Украины Зэвсэгт хүчинд хэрхэн орж ирсэн, орлогч, албан тушаалтнууд дайчилгаанаас хэрхэн зайлсхийж, хөвгүүдийг нь авч явсан тухай мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол гарч буй ажээ.

Эх сурвалж: TASS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу