Идэр есийн хүйтэн шувтрах өдрүүд ойртлоо. Их хотын утаа, түгжрэл, үр өгөөжгүй дараалсан олон шийдвэрээс залхаж, хэсэгхэн холдохоор Хэнтий аймгийн Биндэр сумыг зорьсон тэмдэглэлээ ийнхүү сийрүүллээ.

Хэрэг юунд вэ гэвэл хэзээний танил ахынхаа хамт нутгаар нь очиж, хэд гурван айлаар мэнд мэдэнгээ байгалийн сүр жавхааг бахдах юм. Хийх ажил, хүсэх зорилгогүй явлаа ч гэсэн байгалийн тансаг, агаарын цэнгэгт очоод ирэхээс яалаа гэж татгалзах билээ.

Нэгдүгээр сарын 19-ний үдээс хойш эх орныхоо зүүн зүгт жолоо заллаа. Өдөрхөн гайгүй байсан тэнгэр муудаад, баахан хялмаа хаяж, очин очтол шуурсан юм. Хамт яваа ахыг маань Э.Даваахүү гэнэ. Буудлагын спортын Олон улсын хэмжээний мастер тэрбээр саяхан “Парис-2024” олимпын наадмын эрхээ авсан билээ. Хол замд оройхон гарсандаа сэтгэл жаахан тиймхэн байсан ч аяны холд дуу хуур, яриа дэлгэрч уйдаа багатай байлаа.

Ахын тэмцээний сонин хачныг сонсож явахнээ Өмнөдэлгэр сумын зүг зам салж байлаа. Засмал замаас салаад, зам нэлээн эвгүйтэж, зоргоороо давхисан нэгнийг бол зуураад л авахаар юм. Бид нутгийн ахтай таарч, нэг зүг явахаа мэдэлцээд, ах хүүг урдаа оруулаад болгоомжтой зам хорооно.

Тасралтгүй шуурах цасан дунд орчны баримжаа байхгүй тул нутгийн хүн бараадаж яваадаа битүүхэн баярлаастай. Хааяа нэг урдаас машин тулж ирээд, зөрөх боломжгүй болж орхино. Энэ үед арай цас нимгэнтэй газар хүртэл аль нэг нь ухарч явсаар бид өндөр машинтайгаараа хажуугийн цасыг туулах шаардлага гарна. Энэ бүгдэд түүртэх бодол төрөхгүй бөгөөд хөдөө очоод, хийх ажлаа ярилцана.

Бидний очих айл Биндэр сумын “Төмстийн хөндий” гэх газар байх бөгөөд Балж голын эрэг дагуу. Тэнд өвлийн улиралд зарим нэг зөвшөөрөлтэй ан гөрөө хийх иргэд зочлохоос гадна өвлийн загасчлал хийхээр ч мэр сэр очдог аж.

Ах бидэн өөрсдийн сонирхол хоббигоо даган загасчлал сонирхож үзээд буцахаар болсон юм. Мөн миний нэгэн зорилго очсон айлынхаа л амар тайвныг мэдэрч, “юу ч бодохгүй байх”  байлаа.

Цас ихтэй замаар удаан явлаа. Ингэсээр үүрийн дөрвөн цагт айлдаа очив. Ноход хуцалдан давхиж ирснээ машинаас буумагц эрхэлж сүүлээ шарвагануулцгаана. Нам гүн шөнөөр гийчин ирснийг ажиж анзаарах нэгээхэн ч хөдөлгөөн өөр алга ажээ.

Хүйтэн жавар жинхэнэ мөн чанараа үзүүлэх мэт тачигнаж байлаа. Машинаас буумагц өмд хувцас нэвт сэнгэнэж, хайрч эхэлнэ. Айлд өгөхөөр зэхсэн зүйлсээ ууталж аваад, гэрт орлоо. Гэрэл асаалттай бөгөөд гэрийн эзэн Б.Батжаргал зүүнтэйнх орноос өндийж, дээлээ нөмөрсөөр угтлаа. Гэргий, хоёр хүүхдийн хамт баруун орон дээр хөнжилдөө хамгийн дулааныг мэдэрч буй мэт шигдэнэ. Бид цай цүү бололгүй газраар ор засан, өглөө эрт босохоо ярилцан хэвтлээ.

Гэрийн эзэн биднийг ирсэнд ихэд баярлаж байгаа нь илт бөгөөд “Өглөө болох юухан байх вэ. Миний орон дээр нэг нь хэвт. Ах нь галлачхаад, гарч үхрийн баасаа цэвэрлэлээ” гэх. Хүний бараа цөөхөн эл хуль хөдөө нутагт ийнхүү зочин гийчин ирсэнд магнай тэнийх нь мэдээж биз ээ. 

Даарсан бид хөнжилдөө шахалдан, дэрэн дээр толгой тавимагц, ажин түжингийн нарийхан чимээ алсарсаар, зүүдний оронд хүргэж өгөөд, таг болов. Харин удалгүй зуухны ам онголзох чимээгээр сэрсэн гэхээр нам унтаад, ийнхүү сэргэг босож буйг илтгэх биз.

Зуухан дээрх тогоотой цайны уур нарны гэрэлтэй сүлэлдэн эрээлжилнэ. Зүүн нутгийн айлууд ихэвчлэн ижил зуухтай байх юм. Зуухны ар талдаа талх барих хэсэгтэй бөгөөд бүгд л өглөөдөө шинэ талхтай байна гээ. Ажилсаг хүмүүс ч мөн дөө.

Хэсэгхэн зуур гэрийн эд хогшлыг ажиглаж суухуй гаднаас гэрийн эзэн орж ирлээ. Нүүр дүүрэн инээх тэрбээр уур цан савсуулан орж ирээд, биднээс мэнд асууна. Цөм сайхан амарсан хотынхон тухтай байгаагаа дуу нэгтэй тунхаглаад, өглөөний цайнд бэлдлээ.

Мойлтой тос, үхрийн нүдний чанамал, барьсан талх, сүүтэй цай тэргүүтнийг бидний урд тавилаа. Цонхоор урд уулын мод, наагуур нь бэлчих үхэр сүрэг харагдах бөгөөд бүгд тунгалаг цэнхэр тэнгэрийн дор амгалан байлаа.

Өдрийн хийх ажлаас мөсний загасчлал сонирхол татсан тул бид өрөм хэрэгсэл бэлдээд, Балжийн голын зүг хөдөллөө. Агаар цэвэр, цас цагаан ийм нутагт сая л нэг тэнүүн амьсгалж буй мэт санагдана.

Гэрийн эзэн Б.Батжаргал дандаа биш ч үе үе загасчлал хийхээр Балж голыг өгсөж, урууддаг ажээ. Тэрбээр “Үржлийн үе, ичээний үеэс бусад үед тодорхой хэмжээнд агнаж бололгүй яах вэ. “Улаан ном”-д орсон Зантгар, Тул зэргийг бол мэдээж болохгүй. Сонирхол хоббигоо дарах хэмжээнд загасчлаад буцах хэчнээн сайхан. Харин сүүлийн хоёр жилд загас барьдаг гэх хүмүүсийн цуваа тасрахаа байлаа” гэлээ.

Тэр ч ортой. Улаанбаатар хотын ойр орчим хаашаа ч гарсан голын эрэгт уургатай хүмүүстэй таарах л болно. Барьсан загас аа буцааж тавьдаг нь харин хэд л бол.

Мөн тэрбээр “Хэт элбэг загас жараахайгүй хэр нь утга учиргүй бүгд загасчин болох гээд байгааг зэмлэмээр л санагдах юм” хэмээгээд тамхиа асаалаа. Ахын хүүхэд бага ахуйд Онон, Балж голын загас элбэг байхаас гадна хэмжээгээр ч том байсан тухай ярьсаар зорьсон газраа ирлээ.

Бидний өмнө хэсэг хүмүүс ирээд явсан бололтой, дөрвөн цооног угтах нь тэр. Цоолсон хэсэгт ус нь овойж хөлджээ. Бодвол сууж байсан хэсэг нь бололтой, тамхины иш хаа сайгүй мөстэйгөө хөлдсөн харагдана. Ийм болохоор л нутгийн иргэд загасчдад дургүй байдаг байх даа.

Бид дээш, доош өгсөн, хэд хэдэн удаа цоолж үзлээ. Гар өрмөөр цоолох бөгөөд ир сайтай өрөм торох юмгүй цоолж орхино. Харин чулуу таарах төдийд ир нь мохож, дахин ашиглах боломжгүй болно. Энэ мэтийг ах нартай ярилцаж, нааш цааш явсаар хор жижиг зэвэг загас барьсан юм.

“Явсан хүний урам юм даа гэдэг шиг баян хангайн хишиг юм шүү дүү” гэцгээж, ах нар инээлдэнэ. Тэдэнд угтаа загас агнах биш, цэвэр агаарт моддын хаяанд чимээгүй сууж, аж амьдралаа ярилцах нь илүү санагдаж байгаа бололтой. Мөрийг нь гүйцэх гэж гүйж яваа надад харин энэ бүхнийг ажиглах хичээл мэт санагдана. Сайхан өдөр.

Нар тонгойж эхлэхэд бидний нэг өдрийн ажил дуусна. Багажаа хумьж бэлдээд, хогоо түүж, машиндаа хийгээд, хажуухны айлд бууж мордохоор болов. Голын эрэг шахам газарт ганц гэр байх агаад тооно нь гэрэлтэй, яндангаас нь утаа суунаглана.

Холоос харахад ч илч дулаан мэдрэгдэх ганц гэрт н.Алтангэрэл гэх хөгшин бий. Гадаа хашаандаа өвс нуруулдаж хураасныг нь харахад шаггүй ажилтай айл бололтой. Морио хашаанд оруулж тэжээл тавьж өгчээ. Гэрийнх нь ойролцоо өөр торох юмгүй, цэмцгэр байх юм. Жиндэж хөрсөн бид гэрт орвол н.Алтангэрэл гуай цай цүү болж, жигнүүрт бууз өрлөө.

Амар тайван, эрүүл орчинд аж төрөх нь жаргал гэхээс өөрөөр яаж хамаатуулж болох билээ дээ. Өвөөгийн яриаг сонсоход асуудал ярьж, тэгэх ингэх тухай санаа зовсон нэг ч өгүүлбэр унахгүй. Харин урд шөнө нутгийн хэд цуглаж, таван гар суусан сурагтай. Ажил төрлөө амжуулсан нутгийн хэд уйдахдаа ингэж цуглахаас өөр яах билээ.

Хамгийн хөгжилтэй, хөөрөөтэй байх цаг нь нар шингэсний дараа аж. Хижээл эр өчигдөр нэлээн одтой тоглосон бөгөөд ер нь энэ тоглоомдоо Төмстийн хөндийн “эр бар” юм уу даа. Ач хүү нь барагцаагаар 5 юм уу, 7 дугаар анги. Жижгэвтэр биетэй, нүдээрээ инээсэн хүү өвөөгийнхөө үгэнд орно гэж жигтэйхэн. Дуулгавартай, хурдан хөдөлж, алдвал зэмлүүлэх түүний хүүхэд насыг хайрлахгүй байхын аргагүй. Жинхэнэ монгол хүмүүжил энд харагдана.

Жижиг гэрийн халуунд бид хувцсаа нимгэлээд, цайны аагад баахан хөлс гарав. Дээр нь өвөөгийн бууз хачин сайхан амттайг яана. Жижиг зуухан дээр тогоо, данх, хоолны хувин зэргийг багтааж тавьсан бөгөөд бүгд жигд халж буцалж байх юм.

Гэрийн халуун ихэдсэнд хаалгаа түр нээвэл үүдэнд хэвтэх халтар нохой харагдана. Чимээ чагнан, хааяа нэг өндийхөөс өөр хөдөлгөөнгүй хөгшин нохойн харц амар тайван, үнэ цэн гэдгийг хэлэх шиг.

Ийнхүү нэг өдөр голын эрэг дагаж, энэ тэрийг ярилцан алхаж, үдэш нь өвөөгийнд хэсэг саатаад, анх буусан айлдаа ирлээ. Тэнгэрийн хаяа түрүүн тунгалаг цэнхэр байснаа одоо бол хар хөх болж юу юугүй цагаан гэгээ тасрах дөхжээ. Малын хашааны тэндээс ажлаа дуусгаад айлын том хүү Б. Сүлд мөс тэвэрсээр алхаж харагдана.

Эгэл жирийн нэгэн малчин айлын аз жаргал, утга учиртай амьдралынх нь зах зухаас үзэж харсан нэг өдөртөө сэтгүүлч би бээр сэтгэл дүүрэн байлаа. Гал дээр буцлах хоолныхоо дээр мантуу жигнээд, ард хүхээгэн дээр нь аарц буцалгана. Хоол сайтай, зан сайтай, сэтгэл сайтай ийм эгэл хүмүүс эх орны минь өнцөг булан бүрд бий.

Үдшийн 22.00 цаг. Гадна гарвал хаяанд хэвтэх нохой өндийж нэг хараад, буцаж хэвтэхээс өөр чимээ аниргүй, нам гүм. Шөнийн одод зулай дээрээс асгарах нь уу гэлтэй ил. Ийм тунгалаг тэнгэр, үй түмэн оддыг хотынхоо тэнгэрээс хараагүй удаж дээ.

Цээж дүүрэн нэг амьсгалаад, маргааш буцах тухай, цүнх богцоо бэлдэх тухай бодсоор буцаж орно. Харин шөнийн зүүдэндээ өдрийн барьсан загас дэгээнд орсон тэр мөчийн мэдрэмжийг дахин дахин зүүдлээд, аниргүйн дунд амсхийсэн юм.

Балж голын эрэг, Төмстийн хөндийгөөр зурвасхан ирээд буцсан өврийн дэвтрийнхээ тэмдэглэлийг хуваалцсаныг минь болгооно уу.

А.САЙХАНБАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу