Улсын дээд шүүх энэ сарын 24-ний Лхагва гаригт яруу найрагч Ц.Хулан нарт холбогдох хэргийг хэлэлцэх юм байна. Тодруулбал, Ц.Хулангийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 736 дугаар шийтгэх тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 1060 дугаар магадлалтай хэргийг Улсын дээд шүүх хаалттай хянан хэлэлцэх аж.

Сануулахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны долдугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/736 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ц.Хулан, түүний өмгөөлөгч Л.Өлзийхүү, шүүгдэгч Б.Отгонбаатар, түүний өмгөөлөгч Ц.Одмаа, Д.Дүгэржав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдөр хаалттай хянан хэлэлцсэн билээ.

Нийслэлийн прокурорын газраас Ц.Хулангийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Отгонбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Хуланг үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Отгонбаатарыг үргэлжилсэн үйлдлээр Монгол улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон.

Улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хуланд 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонбаатарт 8 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Хулангийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг 8 жил 1 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, шүүгдэгч Б.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу