УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан (2024.01.11)-аар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Тодруулбал, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр Намжилдоржийн Энхбаяр, Жамсрандоржийн Дэлгэрсайхан, Нинжбатын Ууганбаатар, Амаржаргалын Энхбат, Равсалын Рэнцэнбазар, Лхагважавын Гангэрэл, Ланганы Отгонтуяа нарыг томилсон билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар нэр дэвшигчдэд хандаж үг хэлэхдээ Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд зөвхөн төсөв батлан хэлэлцүүлэх үеэр ажилладаг байх ёсгүй, бүх цаг үед судалгаа, шинжилгээнд тулгуурлан, хараат бусаар ажиллахыг захиж байв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл саяхан анхны хурлаа хийж, даргаараа эдийн засагч Н.Энхбаярыг сонгосон байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд туссан шинэчлэлийн дагуу төсвийн тогтвортой байдлыг хангах, санхүү төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, хариуцлагатай ажиллах зарчмуудыг хэрэгжүүлэх зорилгоор УИХ-аас орон тооны мэргэжлийн институц болох Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулсан.

Тус зөвлөлийн гишүүд эдийн засаг, төсөв мөнгөний бодлого, санхүүгийн чиглэлээр мэргэжлээрээ 15-25 жил ажилласан туршлагатай, магистр болон докторын зэрэг хамгаалсан, эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж эрхэлж байсан эдийн засагч, судлаач нар юм.

Зөвлөл тайлангаа сар улирлаар гаргаж, УИХ-ын Төсвийн байнгын хороонд танилцуулахын зэрэгцээ олон нийтэд мэдээлэх, хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэг хүлээж ажиллах билээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу