УИХ-ын намрын ээлжит чуулган өнгөрөгч Лхагва гарагт өндөрлөсөн. УИХ-ын Тамгын газраас ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5-ны өдөр хуралдуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Энэ удаагийн ээлжит бус чуулганаар Баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэж магадгүй байна.

Учир нь УИХ-аас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараах, хувьцаагүй иргэдэд нөхөн олгох УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Тиймээс Баялгийн сангийн тухай хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлснээр иргэн бүрд 1072 хувьцааны ногдол ашиг тараах нөхцөл албажих учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн.

Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “…Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ.

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан билээ.

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг хангах ёстой юм.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу