Өнгөрсөн амралтын өдрүүдээр нийслэлийн нийтийн тээвэр шинэчилсэн маршрутаар иргэдэд үйлчилсэн. Гэвч иргэд өмнө нь ямар ч мэдээлэлгүй байсны улмаас будилж, ихэд бухимдаж буйгаа хүчтэй илэрхийлсэн. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт иргэдээс 6500 орчим санал, гомдол ирүүлжээ. Энэ дагуу нийтийн тээврийн өмнө нь явж байсан 71 чиглэлийг сэргээгээд буй юм.

Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Шинэ төлөвлөлт буюу нийт зорчилтын 65 хувийг бүрдүүлэх гол зургаан, холын 15, үндсэн 12, нийт 34 чиглэлийг мөн хэвээр үлдээж байна” гэж мэдэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж, нэгдүгээр сарын 22-ноос үйлчилж эхэлсэн.

Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээвэр, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ш.Оюумаа “Үндсэн гол магистрал замаар явж байгаа зургаан чиглэл, хот орчмын чиглэл, үндсэн чиглэл гээд дахин төлөвлөлтийн нийт 34 чиглэлийг хэвээр үлдээж байна. Хуучин зорчдог байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг хэвээр үлдээж, 450 автобусаар үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөлөө” гэж мэдэгдсэн билээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг өнөөдөр (2024.01.22) “Ойрын хугацаанд маршрут төлөвлөлттэй холбоотой алдаа дутагдлуудаа залруулан, автобусны буудлууд дээр байрлуулсан чиглэлийн мэдээллийг илүү ойлгомжтой байдлаар шинэчлэн, аппликейшний хөгжүүлэлтээ сайжруулах болно” гэв.

Нийтийн тээврийн менежментийг сайжруулах хүрээнд автобусны хүртээмжийг нэмэгдүүлэхээс гадна маршрутын давхцалыг арилгахаар олон жилийн турш дадал болсон чиглэлүүдийг өөрчилж байгаа тул иргэд ихээхэн бухимдав.

Хотын иргэд нийслэлийн удирдлагуудын гаргасан шийдвэрийг эрс эсэргүүцэж буйгаа мэдэгдэж, цахимаар үзэл бодлоо илэрхийлцгээсэн. Тухайлбал,

“Заавал өвлийн хамгийн хүйтэн өдрүүдээр энэ балай туршилтаа хийж, иргэдээ дааруулах хэрэг байсан уу? Та өөрөө бүх дүүргийн бүх автобусны буудлаар явж, нөхцөл байдлыг нүдээрээ хараач”,

“Ногооныг илрүүлсэн гэж биднээс өшөө аваагүй л юм бол чиглэлүүдээ хуучнаар нь тавиад, автобусны тоогоо нэмээд, шар аппликейшн асаагаад өг, бууж өгье. Плийз”,

“13-аас 3, 4 дүгээр хороолол орохын тулд Багшийн дээд хүртэл алхаад, Багшийн дээдээс автобусанд суугаад, 1 буудал яваад, 64 дээр бууж, дахин суугаад, сансрын колонк ороод, дахин дамжин сууж очдог нь яаж байгаа юм бэ” гэхчилэн үзэл бодлоо илэрхийлсээр байв. 

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Х сүлжээнд нийтийн тээврийн шинэчлэлтийн талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр “Хотын хамгийн захын цэгээс нөгөө талын захын цэг хүртэл төв замаараа дайрч явдаг сүлжээ төлөвлөлттэй “нийслэл хот” манайхаас өөр улсад байхгүй. Эсвэл Яармагаас шууд Тэнгис орох хүсэлтэй хувь хүнд зориулсан сүлжээ төлөвлөлт хийх бас боломжгүй.

28 чиглэлийн автобус төв зам дээрээ давхцаж түгжрэл үүсгэдэг явдлыг засах зорилгоор энэ ажлыг эхлүүлээд байна. Өнгөрсөн 10-аад жилийн хугацаанд нийслэлийн нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтийн ард авлига, хээл хахуул, ашиг сонирхол нуугдсаар ирсэн.

Юу гэвэл хамгийн ашигтай чиглэлүүдийг булаацалдаж аваад, тэр чиглэл дээрээ бүгд шахцалдан түгжирч, зөвхөн ашгийн төлөө ажилласаар ирсэн. Үүнд нь ч манай иргэд дасчихсан. Мэдээж энэ ажлыг хэрэгжүүлэхэд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнбугай ч дургүйцэх нь дамжиггүй.

Энэ амралтын өдрүүдээр дугаарын хязгаарлалт үйлчлээгүй тул 430 мянган автомашин хөдөлгөөнд оролцож эргээд л түгжирцгээлээ. Ажлын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилж эхлэхээр арай өөр дүр зураг харагдах болов уу.

Нийтийн тээврийн сүлжээ төлөвлөлтөд шинэчлэл хийхээр зорьсон нь олон нийтийг бухимдуулах гээгүй. Алдаа мадаг гаргасан бол тухай бүрд нь засаж залруулаад явах нь зүйтэй” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу