“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс олгоно” гэх мэдээлэл цахим орчинд тарсан.

Сангийн яамны эх сурвалж энэ талаар хэлэхдээ “Ирэх сарын 1-нээс ногдол ашиг олгоно гэдэг ташаа мэдээлэл. Засгийн газар Лхагва гаригт ээлжит хуралдаанаараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 2022 оны ногдол ашгийг олгох эсэх талаар хэлэлцэнэ” гэв.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Ганбат өмнө нь “Компанийн 2022 оны ногдол ашгийг иргэдэд цагаан сараас өмнө өгөхийг зорино. Нэг иргэнд 116,000 орчим төгрөг ногдоно. Өнөөдөр батлагдсан тогтоолоор Монгол Улсын иргэд компанийн нийт ашгийн 27.5 хувийг эзэмшихээр болж байна.

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг ёсчлохоор компани дотор бүртгэл хийгдэж, ТУЗ-д танилцуулна. ТУЗ хувьцаа эзэмшигчидтэй ярилцаж, шийд гаргана” гэж мэдээлсэн билээ.

Сануулахад, 2020 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нэгж хувьцааг 90 төгрөгөөр тооцож, 1072 ширхэг хувьцаатай иргэнд 96,480 төгрөг олгож байв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу