Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Боомтын сэргэлтийг тэргүүлэх чиглэлд авч үзэн, экспорт импортыг зохистойгоор нэмэгдүүлэх, хөрш орны хил залгаа боомтын Хөгжлийн ерөнхий төлөвлөлттэй уялдуулан тодотгоход анхааран ажиллаж буй.

Монгол Улсын нийт 39 боомтын 27 нь авто замын, зургаа нь төмөр замын, зургаа нь агаарынх. Үүнээс 25 боомт идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улс ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор хиллэдэг. Боомтуудын дэд бүтцийг хөгжүүлж, хүчин чадлыг нь нэмэгдүүлснээр 2024 онд Монгол Улсын нийт экспортыг 14 тэрбум ам.долларт хүргэх бол 2025-2028 онд 17 тэрбум, 2029-2030 онд 20 тэрбум ам.долларт хүргэх тус тус зорилттой юм.

Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелэн, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрснийг онцолсон билээ.

Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгын мэдээлснээр, өнөөгийн өсөлтийг хадгалж чадвалл 2030 оны экспортын зорилт наашлах боломжтой. Одоо улсын нийт экспортын 85.3 хувь Гашуунсухайт, Замын-Үүд, Шивээхүрэн боомтуудад төвлөрч байгаа бол импортын ачааллын бараг 90 хувь Сүхбаатар, Замын-Үүд, Гашуунсухайт боомтод ногдож буй юм.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өнгөрсөн 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг зургаан боомтод бүтээн байгуулалтын томоохон ажил гүйцэтгэсэн нь эдийн засагт ногоон гэрэл асаасан юм.

Монгол Улс 2023 оныг 70 сая тонн нүүрс экспортолсон түүхэн амжилтаар үдсэн. Нүүрсний экспортын 92 хувийг авто замын хилийн боомтоор, 8 хувийг төмөр замын боомтоор экспортолсон байна. Тухайлбал, Гашуунсухайт автозамын боомтоор 36,5 сая тонн, Шивээхүрэн боомтоор 19 сая тонн, Ханги боомтоор 5 сая тонн нүүрс тус тус экспортолжээ.

Цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үетэй харьцуулахад экспорт 80 хувиар өссөн дүнтэй гарсан. Энэ нь Монгол Улсын гадаад худалдаа, экспортын хувьд түүхэн амжилт юм.

Шивээхүрэн боомтын чингэлэг тээврийн терминал ашиглалтад оров

“Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох бүтээн байгуулалт өнгөрсөн 2023 оны тавдугаар сард эхэлсэн. Шивээхүрэн Монгол Улсын нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт билээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр, Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбох нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор”-ын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буйгаараа стратегийн онцгой ач холбогдолтой юм.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Монгол Улсын Шивээхүрэн боомтыг БНХАУ-ын Сэхэ боомттой төмөр замаар холбох бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтдаа эхлүүлсэн нь эдийн засагт чухал хувь нэмэр оруулах талаар онцолж байв.

Засгийн газрын 2023 оны тавдугаар сарын 17-ны өдрийн 186-р тогтоолоор Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан нарийн царигийн төмөр замын суурь бүтэц барих болон суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Нарийнсухайтын төмөр зам” ХХК-д олгосон билээ.

Гашуунсухайт нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ажиллаж эхлэв

Гашуунсухайт боомтод жилд 10 сая тн нүүрс шилжүүлэн ачих хүчин чадалтай чингэлэг тээврийн терминал ашиглалтад орсон. Мөн тус боомтод жолоочгүй автомат удирдлага бүхий AGV тээврийг нэвтрүүлж, өдөрт 320 гаруй чингэлэг ачааг экспортод гаргаж эхэлсэн билээ.

Гашуунсухайт боомтын хилээр нэвтэрч буй нүүрс экспортын хэмжээг өдөрт 200 мянган тонн, сард 5 сая тоннд хүргэн нэмэгдүүлэх, ингэхдээ өдөртөө 1500-гаас доошгүй нүүрс тээврийн автомашиныг нэвтрүүлэх шаардлага бий. Тиймээс хилийн боомтын нэвтрэлтийг сайжруулах, автомат удирдлагатай нүүрс тээврийн хэрэгсэл болох AGV үйл ажиллагааг 24 цагаар явуулах шаардлагатай тулгарчээ.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт-БНХАУ-ын Ганц мод боомтын чиглэлд зорчигч тээвэр дахин нээгдсэн. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр туршилтын тээвэр хийгдэж, Хятад талд нээлтийн үйл ажиллагаа болж, өдгөө зорчигч тээврийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.

Дашрамд дурдахад, цар тахлын үед уул уурхайн гурван компани Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминалыг ашиглалтад оруулсан билээ.

Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт эхлэв

“Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Ханги-Мандлын 226.9 км төмөр зам найман сар буюу бүтээн байгуулалт өрнөсөн зун, намрын хоёрхон улиралд дуусав. Тус төмөр зам Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн нэг юм.

Ханги-Мандалын боомтыг төмөр замаар холбож, шинэ гарц нээснээр Монгол Улсын импорт, экспортын бараа, бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар тус тус нэмэгдэх боломжтой юм.

Ийнхүү Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэлт хийж, экспортыг нэмэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэхээр ЗТХЯ, “Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Монголиан транс ложистик” ХХК хамтран зохион байгуулж буй Тавантолгой-Цагаанцав чиглэлийн төмөр замаар Ханги-Мандал боомтоор экспортын тээвэрлэлт амжилттай эхэлсэн билээ.

Бичигт боомтыг өргөтгөх ажил эхлэв

Сүхбаатар аймгийн Бичигт боомт далайд гарах хамгийн дөт зам. Тус боомт Замын-Үүдийн ачааллыг хуваалцах боломжтой бөгөөд 2023 онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр боомтын өргөтгөлийн ажлыг эхлүүлсэн.

Боомтод шинэ цогцолбор байгуулж эхэлсэн бөгөөд хуучин боомтоос 1.4 километрт байрлаж буй. Нийт 14 га талбайд бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Хилийн шалган нэвтрүүлэх хэсгээс эхлээд бусад төрийн байгууллагуудын байр, зорчигч болон ачаа тээврийн зам талбай бүгд шинээр хийж, 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Боомтын захиргааны үндэсний хорооноос шинэ цогцолборыг ашиглалтад оруулснаар Зүүн хатавчийн боомтын түвшинд хүргэж, жишиг боомт болгоно гэж мэдээлсэн юм.

Замын-Үүд боомтыг өргөтгөж, зорчигч болон ачааны терминалыг шинэчлэв

Замын-Үүд-Эрээний авто замын боомтын ачаа тээврийн хэсгийг өнгөрсөн 2023 онд 24 цагийн горимд шилжүүлсэн.

Монгол Улсын сайд, Боомтын Сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга ярихдаа, “БНХАУ-ын талтай хэлэлцээр хийсний үр дүнд Монгол Улсад анх удаа Замын-Үүд автозамын боомтын ачаа тээврийн хэсгийн урсгалыг 12 дугаар сарын 16-31-нийг хүртэл 24 цагийн горимд шилжүүлж байна.

Туршилтын хугацаа амжилттай үргэлжилбэл ачаа тээврийн хэсэг цаашид 24 цагаар үйл ажиллагаагаа явуулах юм. Түүнчлэн Хятадын 315 боомтоос тасралтгүй үйл ажиллагаатай хоёр дахь боомт нь Эрээн болно” хэмээн онцолж байв.

Замын-Үүд хилийн боомт 24 цагийн горимд шилжсэнээр тээвэрчдийн цагийг хэмнэхээс гадна буудал, хоол, тээврийн хэрэгслийн хоногийн хураамж гэх мэт олон зардал буурчээ. Цаашлаад бараа бүтээгдэхүүний үнэ буурах боломж бүрдэхийг албаныхан хэлж буй юм.

Тээвэрчдийн мэдээлснээр, Замын-Үүдээс Эрээн рүү гарах том оврын автомашины дараалал багасах ач холбогдолтой. “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн гол ажлын нэг бол Замын-Үүд боомтыг өргөтгөж, зорчигч болон ачааны терминалыг шинэчилсэн явдал юм.

Алтанбулаг боомтын томоохон бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэв

Одоогоос 21 жилийн өмнө байгуулсан, 24 цагийн үйл ажиллагаатай Алтанбулаг боомтоор 2019 онд өдөрт 500-700 автомашин, 5000-7000 хүн дамжин өнгөрдөг байсан бол 2023 оны байдлаар тус боомтоор өдөрт 1300-1500 хүн, 500-700 автомашин нэвтэрч байв.

Шинэ  сэргэлтийн бодлого”-ын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Алтанбулаг боомтыг олон улсын жигшигт нийцүүлэн өргөтгөн шинэчилж, хүчин чадлыг нэмэгдүүлэв. Үүний үр дүнд өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоо дөрөв дахин нэмэгдэж зорчигч, тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэн, ая тухтай үйлчлүүлэх боломжтой болжээ.

Алтанбулаг боомтын тухайд зорчигч тээврийн 19, ачаа тээврийн 18, дэд бүтцийн 5 барилга, иж бүрэн инженерийн шугам сүлжээ, 6000 м.кв ногоон байгууламж байгуулах ажил үргэлжилж байна. Түүнчлэн тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам, 7000 м.кв авто зогсоол, 30000 м.кв зам талбай барих, хяналтын тоног төхөөрөмжийг нийлүүлжээ.

Боршоо боомтыг өргөтгөн шинэчлэв

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “RIBS” хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төслийн хүрээнд “Боршоо боомт”-ыг өргөтгөн шинэчилж, энэ хүрээнд нийт 4680 м2 талбайг шинээр барилгажуулан ашиглалтад оруулав.

Тус боомтын өргөтгөл ашиглалтад орсноор, өдөрт нэвтрэх зорчигчийн тоо 4.8 дахин, ачаа тээврийн хэрэгслийн тоо 3 дахин, суудлын машины тоо 6.7 дахин хүчин чадал нь нэмэгджээ.

Дашрамд дурдахад, Монгол Улс нэгдэн орсон Олон улсын хуурай боомтын конвенцын хүрээнд Замын-Үүд, Улаанбаатар, Алтанбулаг, Цагааннуур, Ховд, Чойбалсан, Сайншанд, Бичигт гэсэн цэгүүдэд хуурай боомт байгуулж, экспорт импортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхээр Дэлхийн банк, НҮБ-ын Ази Номхон Далайн Эдийн Засаг Нийгмийн Комисстой хамтран судалгаа, ТЭЗҮ боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Энэ бүхний үр дүнд эдийн засаг тэлж, экспортын хэмжээ нэмэгдэн, импортын тээвэрлэлт хурдасч, тээврийн болон бараа бүтээгдэхүүний үнэ хямдран, аялал жуулчлал хөгжих бодит үр дүнгүүд гарчээ.

Засгийн газраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэсэн билээ.

Экспортын төмөр замуудын тухайд

Засгийн газраас Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн 478 км, Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн 25.8 км, Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км, Цагаандэл-Уул хилийн боомт хүртэлх 270 км, Норовлин-Баян-Уул-Ульхан чиглэлийн 124 км, Чойбалсан хотыг Хавиргын боомттой холбох 124.5 км зам барихаар ажиллаж байна.

Мөн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 277.3 км, Алтай-Бургастай чиглэлийн 320 км, Нөмрөг сумыг-Арцсуурь чиглэлийн хилийн боомтыг холбох 159.5 км, Хатгал-Ханх чиглэлийн 180 км, Баянхошуу хилийн боомт чиглэлийн 198.2 км, Сүмбэр хилийн боомт хүртэлх 152.06 км, Бага-Илэнх хилийн боомт хүртэлх 131.27 км, Тэс хилийн боомт хүртэлх 220 км, Өлгий-Даян чиглэлийн 185 км, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны авто зам 987.5 км холбох ажлыг хийх юм.

Д.ЭРДЭНЭТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу