Израиль Катар болон Египетийн зуучлагчдаар дамжуулан радикал ХАМАС хөдөлгөөнд барьцаалагдсан бүх хүнийг сулласан тохиолдолд Газын зурваст хоёр сарын хугацаанд байлдааны ажиллагаагаа зогсоохыг санал болгосон байна. Энэ тухай “Axios” интернэт порталд мэдээлжээ.

Израилийн албаны эх сурвалжийн мэдээлснээр, еврейн төрийн эрх баригчид барьцаалагдсан бүх хүнийг суллах олон үе шаттай хэлэлцээрийн нэг хэсэг болгон байлдааны ажиллагааг хоёр сар хүртэл хугацаагаар зогсоох саналыг Катар, Египетийн зуучлагчдаар дамжуулан ХАМАС-т уламжилжээ.

Израилийн талын мэдээлснээр, радикал хөдөлгөөнийхөн одоогоор 130 гаруй хүнийг барьцаалсан хэвээр байгаа аж.

Израилийн албаныхан “ХАМАС-аас хариу хүлээж байгаа боловч ойрын өдрүүдэд ахиц дэвшил гаргах боломжтой гэж өөдрөгөөр бодож байна” гэж онцолсон байна. Хэлэлцээрийн эхний үе шат радикал хөдөлгөөнд барьцаалагдаад байгаа 60-аас дээш насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд болон хүнд байдалд буй хүмүүсийг суллах явдал аж.

Дараагийн шатуудад цэргийн албан хаагчид, 60-аас доош насны эрчүүдийг суллах, барьцаалагдсан хүмүүсийн цогцсыг шилжүүлэн авахаар төлөвлөжээ. Хариуд нь Израиль шоронд хоригдож буй палестинчуудыг суллах ёстой юм.

Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху өнгөрсөн Ням гарагт Газын зурваст барьцаанд байгаа хүмүүсийг сулласны хариуд дайныг зогсоох ХАМАС бүлэглэлийнхний шаардлагыг хүлээж авахгүйгээ мэдэгдсэн.

Тэрбээр “Би энэ тал дээр цаг наргүй ажиллаж байна. Гэхдээ тодорхой хэлье, би ХАМАС-ын мангасуудын тавьж буй нөхцөлөөс шууд татгалзаж байна” гэсэн байна.

Б.Нетаньяхугийн хэлснээр, ХАМАС бүлэглэл барьцаалагдсан хүмүүсийг сулласны хариуд дайныг зогсоож, Палестины хоригдлуудыг суллаж, Израилийн цэргийг Газын зурвасаас татахыг шаарджээ.

Израилийн Ерөнхий сайд “Хэрэв бид үүнийг зөвшөөрвөл манай цэргүүд амь насаа хий дэмий золиосолсон хэрэг болно. Зөвшөөрсөн тохиолдолд бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах боломжгүй болно” гэж хэлсэн байна.

“Wall Street Journal” сэтгүүлд “АНУ, Египет, Катар улсууд барьцааны хүмүүсийг суллаж, Израилийн цэргүүдийг Газын зурвасаас гаргах асуудлаар ХАМАС-тай хийх хэлэлцээнд тус улсыг татан оролцуулах хүсэлтэй байна” гэж мэдээлсэн энэ үед Б.Нетаньяху дээрх мэдэгдлийг хийсэн юм.

Эх сурвалж: TASS, CNN, AXIOS
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу