“Хишиг” продакшн, “Update” энтертайнментийн жүжигчин, Монголын сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)-ны ордны хөтлөгч А.Анхтөгөлдөртэй ярилцлаа. Тэрбээр МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Бүх одод 2024” тоглолтын үеэр үзэгчдэд гэнэтийн бэлэг барьсан билээ. Тодруулбал, А.Анхтөгөлдөр бүжигчин охидтой хамтарч, эрч хүчтэй, нүүрний баясгалантайгаар бүжиглэж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй юм.

Тэрбээр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд төрж, өссөн бөгөөд нийслэлийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд суралцжээ. 2016 онд Соёл урлагийн их сургуулийг жүжигчний мэргэжлээр дүүргэсэн байна.

-Хүн бүрд л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхах байх. Энэ утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтлөв үү?

-Манай үеийнхэнд, хошин урлагийнхнаас үлгэр дуурайл авч, жүжигчин болох сэдэл төрсөн байх гэж боддог. Хошин урлагийн продакшнууд маш гоё уран бүтээл хийдэг байсан. Түүнийг нь үзэж өссөн болохоор жүжигчин болох замыг сонгосон. Жүжигчин мэргэжилтэй хүн бүх дүрд хувирч чаддаг нь гоё санагддаг байсан. Тиймээс би өөрийгөө хувирч чадна гэдэгт итгэж, жүжигчин мэргэжлийг сонгосон юм.

Оюутан байхдаа ихэвчлэн киноны арын албанд явдаг байв. Анх манай ангид 30 гаруй хүүхэд элсэн орж байсан бол төгсөхдөө 20 орчим болсон. Одоо ангийнхан маань ихэвчлэн дуу оруулагч, Драмын театр болон хөдөө орон нутгийн театруудад ажиллаж байна. Надтай хамтарч шүлэг уншдаг Э.Хонгорзул манай ангийн охин. 

-Э.Хонгорзул та хоёр ихэвчлэн хосуудад зориулсан шүлэг уншдаг. Та хоёрын чин сэтгэлээсээ уншиж буй нь магадгүй нэгнээ гомдоосон хосуудыг эвлэрүүлж байсан байх. Яагаад шүлэг уншъя гэж зорьсон бэ?

-Бид хоёр 2018 онд шүлэг уншиж эхэлсэн. Тэр үед шүлэг уншдаг хүн ховор. МУГЖ Г.Равдан, Төрийн соёрхолт Д.Сосорбарам гуай л уншдаг байсан. Тиймээс яагаад залуучууд шүлэг уншиж болохгүй гэж бодоод, уншсан шүлгээ цахим сүлжээнд байршуулсан юм.

Бид хоёроос гадна манай ангийн хоёр хүүхэд уншина. Ингээд анх дөрвүүлээ уншиж эхэлсэн. 2020 онд коронавирусийн цар тахал, хөл хориотой үед “Club house” хэмээх аппликейшн дэлгэрсэн. Хонгороо бид хоёр тус аппликейшнд өрөө нээж, шүлэг уншиж эхэлсэн. Тэгэхэд хүмүүс маш гоёор хүлээж авсан байдаг.

“Ойлгож ярилцахыг л хүсдэг шүү дээ” шүлгийг Заяа гэж бүсгүй бичиж өгсөн. Яг бие биетэйгээ харилцан ярилцаж байгаа юм шиг “хань нь тэгсэн учраас хоёулаа ярилцах ёстой” гэдэг утга агуулсан, маш гоё шүлэг байсан. Анх энэхүү шүлгээ нэг ая тавьж байгаад “Club house” дээр хоёр талаас уншдаг байлаа. Хүмүүс “Ямар гоё юм бэ” гэж маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан болохоор клипжүүлэх хэмжээнд хүрч, гаргасан.

Мөн “Хуримын амлалт” шүлгийг хамтдаа уншсан. Тус тусдаа бас шүлгээ уншина. Шүлэг маш гоё утга санаа агуулж, ухаарлыг уран үгээр илэрхийлсэн байдаг. Тийм учраас шүлгийг хэзээ ч орхиж болохгүй гэх үүднээс анх шүлэг уншиж эхэлсэн. 

Мэдээж залуу хосууддаа зориулж салалтгүй, хэрүүл маргаангүй байгаасай гэдэг утгаар уншдаг. Шүлгийг маань сонсоод эхнэр, нөхөртэйгөө эвлэрсэн хүн байдаг. Тиймээс хүнд хэрэгтэй л юм хийж байгаа гэж боддог. Залуучуудаас гоё сэтгэгдэл маш их ирдэг.

-Үргэлж ойлгодог сэтгэл хааяа ядардаг гэдэг. Монголд эрэгтэй нь ихэвчлэн буулт хийж, харилцаагаа авч үлдэхийг хичээдэг. Тэгэхээр эрэгтэй хүн сэтгэл зүйн хувьд амар амгаланг илүү эрхэмлэдэг юм болов уу? 

-Цахим сүлжээнд “Эрэгтэйчүүд гоншигонох эрхтэй” гээд яваад байгаа. Тэр талаар асууж байх шиг байна. Эрэгтэй хүн ажил, амьдрал, гэр бүлийнхээ тогтвортой байдлын дийлэнх хувийг үүрч, авч явдаг. “Айл тараахгүй гэж аав байдаг, Адуу тараахгүй гэж азарга тавьдаг” гэдэгчлэн эр хүн хаана ч гэр бүлээ, хамт олноо удирдаад явчих ухаантай байх хэрэгтэй. Хүлээцтэй, тайван, ямар нэгэн асуудал тулгарвал шийдэх чадвартай сэтгэл зүйтэй байх хэрэгтэй. Тэгэхгүй савсганаад энд, тэнд гүйгээд байвал ажил төрөл нь бүтэхгүй шүү дээ. 

-Жүжигчин мэргэжилтэй ч сагсан бөмбөгийн ордны хөтлөгч хийж байна. Энэ ажилд хэрхэн хөтлөгдөж оров?

-Багаасаа сагс тоглож, тоглолтууд үзэж өссөн болохоор сагсан бөмбөгт маш их дуртай. Би хэрвээ СУИС-д ороогүй бол жижигхэн лигт ч юм уу тоглож байх байсан гэж боддог юм. Оюутан байх хугацаандаа сонирхлоо дагаад, сагсаа байнга үздэг байсан. Хөтлөгч хийдэг болсноор мөрөөдлөө дагаж, сагсан бөмбөгийн ордны хөтлөгч хийгээд явж байна.

-Таны авьяас цаанаасаа ундраад л байдаг юм биш үү. Дуулна, бүжиглэнэ, шүлэг уншина, жүжиглэнэ гээд. Та багадаа ямар хүүхэд байв?

-Багадаа сахилгагүй, нийгмийн идэвх сайтай хүүхэд байсан. Бүх юманд ордог. Спорт, урлаг, тэмцээн, уралдаан гээд бүгдэд нь би байж л байдаг. Миний баримталж явдаг зарчим маань хэнтэй ч бай, хаана ч бай гоё уур амьсгал бүрдүүлэх юм. Найзуудтайгаа байхдаа үргэлж инээж, хөгжилтэй байдаг. Хааяа гарч, орох юм байна. Миний байгаа газар хэзээ ч хэрүүл маргаан, зодоон гардаггүй. Аль болох л найз нөхдийнхөө дунд инээд бэлэглэж, “гал”-ыг  нь асааж, халуун энерги бүрдүүлэхийг хичээдэг. Ер нь уурлаад л, сүржигнээд байхыг хүсдэггүй. 

Тийм болохоор МСБХ-ны Үндэсний дээд лигийн “Бүх одод 2024” тоглолтын үеэр ч гэсэн үзэгчдэд инээд бэлэглэе гэж бодож бүжиглэсэн. 

БҮЖГИЙГ ҮЗЭХ

-Нүүрний хувирлаа бас бүжиглэхийн хажуугаар их гоё гаргасан байна лээ?

-Манай нэг бүжигчин найз байдаг юм. Нүүрээрээ бүжиглэдэг. Нүүрнийх нь хувирал илүү тодорч, гоё харагддаг. Би тэгээд дан ганц биеэрээ хөдөлгөөн хийж бүжиглэхээс илүү нүүрний хувирал чухал юм байна гэж бодож байсан. Түүнийгээ ч үзүүлсэн. Заал дүүрэн үзэгчийн орилоон намайг улам бадрааж, сэтгэл тэр хэрээр хөдөлсөн. 

-СУИС-ийг төгссөнөөс хойш ямар ямар уран бүтээлд орж ажилласан бэ?

-2016 оноос хойш нэлээд хэдэн киноны туслах найруулагчаар ажилласан. “Хишиг” продакшны 10 жилийн ой энэ жил тохиож буй. Үүнээс 6-7 жилд нь ажилласан байна. Зохиолын дуучдын нэвтрүүлэг, контентын найруулагч, зураглаач, эвлүүлэгч, зургийн дарга гэх мэтчилэн ажлуудыг ээлжилж хийдэг байсан. Яг кино зураг авалт, студи тал дээр хийж үзээгүй зүйл байхгүй. Зураач хүртэл хийж байсан.

-Яаж энэ их ажлыг амжуулаад байна вэ?

-Одоо сүүлдээ бараг ядаргаанд орж байна (инээв). Коронавирусийн цар тахлын үеэр уурхайд ажилласан. Халдвар багасахаар нь буцаж ирээд, урлагийнхаа ажлуудыг хийсэн. Одоо хүртэл ордонд өдөр бүр тоглолттой байна. Тоглолтынхоо хажуугаар “Хишиг” продакшнаараа цагаан сарын контент хийж байгаа. Орой тоглолт дуусахаар очиж, зургандаа ороод, өглөө босож ороод, өдөр нь ордон дээрээ тоглолтоосоо өмнө амжиж ирдэг ийм циклээр ажиллаж байна.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Хүний мөрөөдөл хязгааргүй. Хүрч болох юу байна бүгдэд нь хүрэхийг зорьдог. Чиглэл чиглэлийн зөндөө олон мөрөөдөл байна. Би сагсан бөмбөгийн олон улсын тэмцээн хөтөлж үзэх юмсан гэж мөрөөддөг. Монголд болж буй сагсан бөмбөгийн 3×3 олон улсын тэмцээнүүдийг бага багаар хөтлөөд явж байгаа ч яг тэр улсад нь очиж хөтөлж, алдар нэрээ удаан хугацаанд мөнхлөхийг мөрөөддөг. Хөтлөгчийн хувьд мөрөөддөг мөрөөдөл минь энэ. Харин жүжигчин хүнийхээ хувьд түүхэн кинонд, сайхан намбалаг жанжны дүрд тоглохыг мөрөөддөг юм.

-Цаашдаа ямар зорилго өвөртөлж, юу хийхийг төлөвлөж байна вэ? 

-Цаашдаа хөтлөгчийнхөө ажлыг маш гоёор, тууштай үргэлжлүүлнэ гэж боддог. “Хишиг” продакшны хувьд ойрын гурван жилийн төлөвлөгөө гарган ажиллаж байна. Төлөвлөгөөнийхөө дагуу явж байгаа. 2024 он гарснаар эхнийхээ ажилд ороод явж байна. Ер нь төлөвлөж бодсон зүйл маш их байна. Түүнийгээ л бүтээхийг зорино доо.

-Хайр гэж таны бодлоор юу вэ?

-Хайрыг маш олноор тайлбарласан байдаг. Хайр бол миний хувьд бүх юм. Бид бүхэн гэр бүлийн хайр, аав ээжийн хайр, ах дүү, эмээ өвөө, найз нөхөд гээд хайран дунд амьдардаг. Бид нэг нэгэндээ итгэж, сайн санаж амьдарч байна.

-Баярлалаа, танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

ЯРИЛЦЛАГЫГ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:

Л.ХОНГОРЗУЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу