Улс төрчид ард түмэндээ хайраа дэвсэж, тэднийхээ үгийг сонсон, айл айлын хаалга татан инээмсэглэл сацруулан явна. Улстөрчид эрээ цээрээ алдан, ийнхүү элэг, сэтгэл дэвсэж явах болсон шалтгаан нь ирэх зургаадугаар сард УИХ-ын сонгууль болохтой холбоотой юм. Гэвчиг улстөрчид ард түмнийхээ дунд нэр хүнд нь асар их унасан. 1990 оноос хойш байж болох хамгийн доод хэмжээндээ хүртэл улстөрчдийн нэр хүнд шалдаа унаад байгаа юм.

Гэсэн ч унасан нэр хүндээ өсгөхөөр мөнгөтэй нь мөнгөө, шагналтай нь богц богц шагнал тээн, нутаг нутагтаа аяны дөрөө мулталж байна. Судалгааны MEC байгууллагаас 2024 оны нэгдүгээр сард иргэдийн дунд улс төрийн намыг дэмжиж байгаа эсэх талаарх судалгаа хийжээ. Сонгууль дөхсөн энэ үед улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл маш сул байгаа нь ирэх сонгууль үнэхээр адармаатай, эрх баригч МАН, сөрөг хүчин АН-ын хувьд амаргүй сонгууль болохоор харагдаж байгаа юм.

2016 оноос хойш тарсалтгүй эрх барьж байгаа МАН-ыг дэмжиж буй иргэдийн хувь буурсаар байна. 2023 оны 12 дугаар сард судалгаанд оролцогчдын 20 хувь нь дэмжиж байв. Энэ оны нэгдүгээр сард 19 хувь болж буурчээ. Сөрөг хүчин болох Ардчилсан намыг дэмжих иргэд 2023 оны 12 дугаар сарын судалгаагаар 13 хувь байсан бол 12 хувь болон буурсан байна.

Бусад намыг сонгох сонгогчдын хувь 15-аас 18 хувь болон нэмэгдэж байгаа нь анхаарал татаж буй юм. Монгол Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 38 нам байгааг мартаж болохгүй. Түүнчлэн аль ч намыг сонгохгүй гэх иргэд дийлэнх хувийг эзэлж байна.

Аль нэг нам сонгохгүй гэж судалгаанд санал өгсөн хүмүүс нь цагаан хуудсаар санал өгөх магадлал маш өндөр. Тиймээс ирэх сонгууль эрх баригч МАН-аас асар их мөнгө, зөв бодлого, зөв хүн шаардсан сонгууль болох нь гарцаагүй харагдана. Сонгуулийн санал хураалтад цагаан хуудас давамгайлбал сонгууль дахин явах эрсдэл үүсэх юм.

УИХ-ын сонгууль бүсчилсэн хэлбэрээр явагдаж, 78 гишүүн парламентаас, 48 гишүүн намын жагсаалтаар орж ирнэ. Төвийн бүс буюу Сэлэнгэ, Дархан, Төв аймаг 10 мандаттай. Энэ судалгаанаас үзэхэд, төвийн бүсээс МАН-ын хоёр нэр дэвшигч, Ардчилсан намын нэг нэр дэвшигч сонгогдох магадлалтай байна.

Увс, Ховд, Говь-Алтай, Завхан аймгийг нэгтгэсэн баруун бүсийн тойрог мөн 10 мандаттай. Энэ тойргоос ч мөн эрх баригч намын хоёр нэр дэвшигч УИХ-ын гишүүн болох магадлалтай байгааг харж болно.

Түүнчлэн намынхаа авсан саналын тооноос хамаарч УИХ-ын босго давах амьгүй албат буюу жагсаалтад багтах сонирхолтой МАН, АН-ынхан жагсаалтад багтагчид эхний 10-д багтаж байж улаан шугамын урд буух боломжтой.

MEC-ийн судалгаанд оролцогчдын хувийг харвал МАН-ын жагсаалтад багтах эхний есөн хүн, АН-ын жагсагчдын эхний зургаад багтсан хүмүүс намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болохоор байгаа нь улс төрийн намууд иргэдийн итгэлийг сэргээх, нэр хүндээ өсгөх зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Р.ЖАРГАЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу