НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар өнөөдөр (2024.01.23) мэдээлэл хийлээ. Тус намын зүгээс Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатарын гаргасан шийдвэрүүд иргэдийн амьдралд нийцэхгүй байгаа тул буцааж татахыг шаардаж байгаа аж.

Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “Өнгөрөгч амралтын өдрүүдээр нийтийн тээврийн чиглэлийг өөрчилсөн. Иргэдийн амьдралд дандаа гэнэтийн цочмог  шийдвэр тулгаж байна. Дандаа захиргаадалтын аргаар асуудлыг шийдэх гэж оролддог нь буруу. Ямар ч тооцоо судалгаа байхгүй, маш дутмаг шийдвэрүүд гаргаж байна. Иргэдэд мэдээлэл хүргэж байгаа зүйл ч алга. Нэг жишээ авахад, нийтийн тээврийн газарт сан байгуулна гэж байгаа нь зөв. Парк шинэчлэлт хийх болохоор л зээл авна, бонд босгоно гэдэг.

Гэтэл сан байгуулна гэдэг заалт нь дотроо ямар ч төлөвлөгөө, төсөөлөл байхгүй. Хэр хэмжээний хөрөнгө хуримтлуулж, хэрхэн зарцуулах гэх мэт санхүүгийн тооцоо байхгүй заалт оруулж ирсэн байгаа юм. Зөвхөн хуульчид биш, санхүүгийн мэргэжилтнүүд нийслэлд ажиллах ёстой. Мөн Улаанбаатар хотод олгогдсон 730 мянган автомашины дугаарыг хязгаарлана гэж ярьсан. Энэ мэтээр иргэдийн эрхийг зөрчсөн олон зүйл заалт байна.

Энэхүү шийдвэрээ татаж авах ёстой. Улсын дугаарыг үнэд оруулах нь эрсдэлийг нэмнэ, үүнийг дагаад авлига цэцэглэнэ. Цаашлаад хүнд суртал бий болно. Зарим нэг хүн нь өөртөө 50-60 улсын дугаар авчихсан явж байна гэсэн мэдээлэл ч ирсэн. 

Ийм ашиггүй, захиргаадалтын шинжтэй шийдвэрүүдээ татаж авахыг Хөдөлмөрийн Үндэсний намаас шаардаж байна. Түгжрэлийг бууруулах нэрийн дор төрийн эрх мэдэлтнүүдийн эрхийг улам нэмэгдүүлсэн шийдвэрээ татаж ав. Төрийн албаныхан цэнхэр дугаартай явж байна, үүнийгээ өөрсдөө хязгаарлалтдаа оруулдаггүй. Жирийн иргэдэд маш ноцтой хүндээр тусаж байгаа юм” гэв. 

Мөн үргэлжлүүлэн “Бид хэвлэлийн хурал дуусгаад “Да хүрээ” зах орж, иргэдтэй уулзана. Худалдаа эрхлэгчид, иргэд мэдэж байна уу гэдгийг асууна. Х.Нямбаатар өөрөө очихгүй бол бид очиж байдлыг асууна. Хуулиар бүх асуудлаа шийддэг бол өнөөдөр Монгол Улс ийм байхгүй байх байлаа. Ардчиллын суурь зарчмыг баримталж, иргэдтэйгээ зөвшилцдөг нийгмийг 30 жилийн өмнө бид сонгосон. Гэтэл одоо захиргаадалт эргэн сэргэх гэж байна” гэлээ.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу