Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан он гарснаас хойш 180 мянга гаруй мал хорогдож, зудын нөхцөлд Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэр, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар өнөөдөр (2024.01.23) танилцуулж, мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Өвөлжилт бүх аймаг нутагт амаргүй байгаа тул өндөржүүлсэн бэлэн байдалд зарим аймгийг шилжүүлж байна. Нийт нутгийн 80 орчим хувь цасан бүрхүүлтэй, долоон аймгийн 28 сум төмөр зуд буюу шилэн зудтай байна. Үүнээс гадна 17 аймгийн 128 сум цагаан зудтай байна. Нэгдүгээр сарын 20-ны байдлаар 1-30 см цасан бүрхүүл тогтсон” хэмээн тодотгов. 
Засгийн газар, УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, дараах арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд:
1. Экспортыг зогсоох: Малын тэжээл, өвсний экспортыг 2024 оныг дуустал зогсоох шийдвэр өнгөрсөн оны 11 дүгээр сард гарсан. Үүний гол зорилго бол өвс, тэжээлийн хангалт, нийлүүлэлтийг дотооддоо тогтворжуулах, малчдын гар дээр очиж байгаа тэжээлийн үнийг хөөргөдлийг бууруулах юм.
2. Хөнгөлөлттэй үнээр олгох тэжээлийн тараалтыг цааш үргэлжлүүлэх: Улсын нөөцийн тэжээлээс өнөөдрийн байдлаар 9200 орчим тонн тэжээлийг малчдад 50 хувийн хөнгөлөлттэй олгож байна. Улсын нөөцөөс хөнгөлөлттэй олгож байгаа тэжээлийг нэг удаа олгоод зогсохгүй, цааш үргэлжлүүлж нөхөн бүрдүүлэлтээ хийснээр малчдадаа хүргэж өгөх ажлыг зохион байгуулж буй юм байна.

3. Тэжээлийн үйлдвэр: Улаанбаатар болон аймаг, орон нутагт тэжээл үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгжүүдтэй Засгийн газар, яамны зүгээс холбогдох албан тушаалтнуудад уулзалдаж, өнгөрсөн арванхоёрдугаар сараас зохион байгуулалтууд хийж эхэлжээ.

Энэ нь тэжээлийг үйлдвэрийн үнээр, дундын ямар нэгэн зуучлалгүй аймаг орон нутагт нь малчдад хүргэх. Аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдээсээ захиалга аваад УОК-ын 24 цагийн шуурхай штабт ирүүлсэн захиалгынх нь дагуу үйлдвэрүүдээс хямд үнээр малчдад хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлж буй юм байна.

Мөн гурил, тэжээлийн аж ахуйн нэгжүүдтэй бид уулзаж, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг аль болох нэмэгдүүлж, энэ цаг үед малчдадаа туслах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд нь дэмжих бодлог барьж байна. Тэжээлийн импортыг нээх зайлшгүй шаардлага үүссэн. Ялангуяа баруун аймгуудад тэжээл хүргэх зардал өндөр учраас боомтуудаар орж ирэх тэжээлийн импортыг нээж өгсөн. Үүний үр дүнд баруун аймагт харьцангуй тэжээлийн хангалт нэмэгдэж, үнэ тогтворжиж байгаа аж.

4. Махны экспорт: Малчдын гар дээр махны нөөц нэлээд хуримтлагдсан. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар нийт 49500 тонн махыг малчид гар дээрээ нөөцөлсөн байна. Үүнээс үүдэж махны үнэ хямд, борлуулалт хангалттай биш байгаа юм. Малын махыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна гэдэг саналуудыг ирүүлсэн учраас малчдын гар дээр байгаа мал, махыг худалдаж авах замаар малчдыг дэмжих арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.

Мөн тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд “Цаг тухай бүрд нь арга хэмжээ авч ажиллаж байгаа ч нөхцөл байдал амаргүй байгаа учраас долоо хоногт хоёр удаа өвөлжилтийн тухай мэдээллийг ил тод хүргэж байгаа.

Өнөөдрийн (2024.01.23) байдлаар улсын хэмжээнд 180 мянга орчим мал хорогдсон. Идэр ес дуусах болоогүй байна, цагаан сар, хаврын хавсарга гэх мэт цаг зуурдын эрсдэл өндөр байгаа учраас олон талт арга хэмжээг хэрэгжүүлж, малчид ард иргэдтэйгээ хамтарч ажиллаж, даван туулна” гэв. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу