Даваагаас Мягмар гарагт шилжих шөнө Алматы хотод болсон газар хөдлөлтийн улмаас найман хүн бэртэж гэмтсэн талаар тус хотын Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

Орон нутгийн цагаар ойролцоогоор шөнө дундын орчимд Алматы хотоос зүүн өмнө зүгт 264 километрийн зайд Казахстан, Киргизийн хил дээр 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Казахстаны хуучин нийслэл хотын оршин суугчид 5 баллын хүчтэй чичиргээ мэдэрч, учраа олохгүй гудамжинд гүйлдэж эхэлжээ.

Алматы хотын Эрүүл мэндийн газраас “Нэгдүгээр сарын 23-ны өдрийн 03:00 цагийн байдлаар тус хотод газар хөдлөлтийн улмаас найман хүн бэртэж гэмтсэн. Бүгдийг нь хотын эмнэлэгт яаралтай хүргэсэн. Гурван хүн орон сууцны хоёр, гуравдугаар давхраас үсэрч гэмтэж, бэртсэн хоёр хүнийг амбулаторийн эмчилгээнд явуулсан. Гурав дахь өвчтөний биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж байна” гэж мэдэгдэв.

Мөн тус хэлтсээс “Гэрээсээ гарч гүйж яваад дахин таван хүн бэртсэн байна. Эмнэлгийн тусламж үзүүлсний дараа амбулаторийн эмчилгээнд явуулсан” гэж нэмж хэлжээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу