“Сайн уу амьдрал минь 2”, “Ихэр тавилан”, “Нийслэл хүүхэн 1, 2, “Би дурламаар байна” киногоороо олонд танигдаад буй авьяаслаг уран бүтээлч У.Минжинтэй ярилцлаа. Тэрбээр анхныхаа продюсерлож, тоглосон “Бидний араншин” киногоо 2024 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр өлгийдөн авсан билээ.

-Жүжигчин хүний аз жаргалын талаар яриагаа эхэлье. 

-Жүжигчин гэдэг нь мэргэжил шүү дээ. Тэгэхээр зөвхөн жүжигчин гэлтгүй бүх хүний аз жаргал нь үргэлж тусалж, дэмждэг гэр бүлийн үнэ цэнд оршдог юм болов уу гэж миний хувьд боддог. 

-Хүн бүрд л эхлэл бий. Магад бид хаанаас эхэлснээ мэдэж гэмээнэ цааш алхдаг байх. Энэ ч утгаар та яагаад жүжигчин мэргэжлийг сонгох болсон юм бэ. Хэн нэгэн хөтөлсөн болов уу?

-Манай удамд урлагийн хүн байдаггүй. Миний хувьд хийлч Ч.Дэлгэрцэцэг эгчийг зурагтаар хараад, хийлийн дугуйланд явах сонирхолтой болсон. Энэ үеэс аав, ээж минь намайг Хүүхдийн ордонд хийлийн дугуйланд явуулж байсан юм. Энэ үед би дунд ангийн сурагч байлаа. Хийлийн дугуйландаа жил хүрэхгүй хугацаанд явж байхад ээж, аав хоёр минь СУИС-ийн хийлийн багшийн хичээлд явуулсан. Энэ үеэс хойш хийлийнхээ хичээлд суухаар СУИС-д долоо хоногт 2-3 удаа очдог болсон. Очихоор энд ч дуулсан, тэнд ч жүжиглэсэн хүмүүс байдаг байсан. Сүүлд бодохнээ ах, эгч нар маань шалгалт, шүүлэгтээ л бэлдэж байсан юм билээ. Дуучид үндэсний хувцасаа өмссөн, дуурийнх нь костюм пиджак өмсчихсөн гоё харагддаг байлаа. Мөн жүжигчний ангийнхан хэзээ ч баймгүй, янз бүрийн дүрийн хувцас өмсчихсөн нь тод санагдаж байна. Тэгээд яагаад ч юм тийм байдал нь дотно санагдаж, 10 дугаар ангид орсоны дараа аав, ээждээ хэлсэн. Аав, ээж хоёр “Өөрөө чадна гэж бодож байвал хүсэл мөрөөдлийг чинь хорихгүй” гэж хэлсэн болохоор эргэлт буцалтгүйгээр жүжигчин болохоор шийдсэн. 

-Би багадаа даруухан хүүхэд байсан. Хичээлээ тараад найз нөхөдтэйгөө гадуур гардаггүй. Гурван дүүтэй айлын том болоод ч тэр үү шууд харьдаг байлаа.

-Хамгийн анх ямар уран бүтээлд оролцож байв?

-СУИС-ийн хоёрдугаар курст байхдаа дуулах хүсэл мөрөөдлөө дагаж “MAAZ” хамтлагт дуулж эхэлсэн. “Би дурламаар байна” дуу миний анхны уран бүтээл. Хамгийн анхны кино бол “Сайн уу амьдрал минь 2” УСК-нд тоглож байсан. 

-“Ихэр тавилан” кино залуусыг нэлээд байлдан дагуулсан кино болж чадсан. Кино зураг авалт хэр байв. Мэдээж сэтгэлд үлдсэн хэсгүүд байдаг биз дээ?

-Би драма кинонд дүр бүтээж үзэх юмсан гэж маш их боддог байсан. Тэр хүсэл мөрөөдлийг минь яг сонссон юм шиг Д.Хүрэлхүү, Ө.Мөнх-Эрдэнэ ах нар маань надад санал тавьсан. Бид хэд өмнө нь нэг контентод орчихсон байж байгаад тэрнийхээ постерийн зургийг авахуулах гээд цугласан байлаа. Тэр үед би зургаан сартай хөхүүл хүүхэдтэй байсан. Тийм болохоор драма кинонд тоглохыг хүссэн ч ээж хүнийхээ үүргийг ухамсарлаад зөвшөөрч чадахгүй байв. Хүүхдийг маань тэр үед мөөмийг нь идүүлэх гээд оруулж ирсэн. Тэгсэн Хүрлээ ах, Мөөжиг ах хоёр харчихаад танай хүү чинь яг чиний бага дүрд тоглохоор юм байна ш дээ. Хүүтэйгээ агаарт гарангаа нэг уран бүтээлд тоглоно гэдэг чинь нэг талаараа завшаан гэж хэлсэн. Нээрээ ч тийм юм уу ар гэртээ санаа зовохгүйгээр мөрөөдлийн кинондоо тоглоод, хүүгийнхээ тэр эгдүүтэй үеийг нь гоё уран бүтээл мөнхөлье гэж бодсон. Ингээд хүүтэйгээ 7-10 хоног Цонжинболдогт зураг авалтад орсон. Өдөр бүр надад маш шинэлэг санагдсан. Анхны гол дүр, ээж болоод удаагүй болохоор зөөлөн зантай дээрээ бүүр зөөлөн болчихдог юм билээ. Юм л бол уйлчих гээд. Текстээ уншиж байхдаа, сцендээ орж байхдаа яг л хүүхдээ айлд өгөх гэж байгаа юм шигээр мэдрээд явсан болохоор баярладаг. Тэр өдөр хоногууд үнэхээр нандин өнгөрсөн. 

-Хэзээнээс уран бүтээлийн карьераа том хүрээнд зураглаж эхэлсэн бэ? 

-Ер нь жүжигчин хүн болно гээд шийдчихсэн байна гэдэг чинь л том зорилго, мөрөөдөл өвөртөлж СУИС-д орсон байна гэсэн үг. Сургуулиа төгсчихөөд би аав, ээждээ ярьдаг байсан. “Би жүжигчинээр байнга явахгүй. Өөр чиглэлээр явах ч цаг нь арай болоогүй байна” гэж ярьдаг байсан. Миний анхны продюсерлож гаргасан “Бидний араншин” кино надад өөрийгөө үнэлэх үнэлэмж, үүнээс илүүг чадах юм байна гэсэн урам зоргийг өгч, зорилго мөрөөдлийг минь тэлж өглөө гэж бодож байна.

-“Бидний араншин” кинонд та ямар дүр бүтээв. Дүрийнхээ талаар ярихгүй юу?

-Бас л нэг ээж хүн. Өөрийнхөө энэ дүрээрээ амьдралынхаа төлөө, хүүхдийнхээ төлөө, эр нөхрийнхөө ард бат зогсож чадаж байгаа эхнэр хүнийг харуулахыг зорьсон. Киног үзсэн хүмүүс надтай адилхан бодоосой гэж хичээж, мэрийж энэ дүрдээ ажилласан. Ер нь хүн чниь ээж болохоороо маш эмзэг болчихдог юм байна. Уйланхай дээрээ бүүр уйланхай болсон. Иймэрхүү дүр дээр ажиллахад хүртэл дөхөм болдог юм билээ. Өмнө нь өөрийнхөө үзээгүй зүйлээ ээж болоод мэдрээд үзчихээр сэтгэлд хурдан буудаг болсон. 

-Таныг харахад эсрэг талын дүрд тохирохгүй зөөлөн хүн шиг санагддаг. Эсрэг дүр оногдвол тоглож чадна гэж боддог уу?

-СУИС-ийн МУАЖ, хүндэт профессор Ж.Лхамхүү багш ангийн минь багш. Багш маань намайг харектерний буюу эсрэг талын дүрийн жүжигчин болгож бэлтгэсэн. Диплом хамгаалатын дүр маань хүртэл эсрэг талын дүр. Багш “Хэрвээ чи Драмын театрт орвол Сэлэнгээтэй дүйцэхүйц мундаг харектерний жүжигчин болж чадна. Би тэрийг чинь мэддэг” гэж хэлдэг байсан. Тэгээд яагаад ч юм СУИС-ийг төгсөөд “X-Tuts” хэмээх мундаг хамт олны дунд орсон. Гэхдээ Драмын театрын тэр харектер хошин шог, кинонд үе үе  цухалздаг. Кинонд эсрэг талын дүр бүтээж үзэх юм сан гэсэн бодол байдаг. Яагаад ч хүнд хайрлагдсан дүр оногддог, түүндээ ч дуртай. Гэхдээ эсрэг талын дүр гэхээрээ л хайрлагдахгүй гэсэн үг биш. 

-Жүжигчин бүрт “нэг тийм дүр л бүтээгээд үзчих юм сан” гэсэн бодол байдаг. Өөрийн чинь хувьд ямар дүр бүтээж үзэхийг хүсдэг бол?

-Марвелийн киноны эмэгтэйчүүдийг харахаар би цаанаасаа огшоод байдаг. Буудаантай, зодоонтой кино үзэхээр ийм л дүрд тоглож үзэх юм сан гэж боддог. Бэлтгэлийн хувьд ийм кинонд тоглох бэлтгэл байхгүй л дээ. Магадгүй тийм кинонд тоглохын тулд бие бялдар, зэвсэгтэй харьцдаг бэлтгэлтэй байх хэрэгтэй. 

-Урлагийн салбарт ажиллахад сайхан зүйлээс илүү бэрхшээлтэй, авьяас, чадвар сорих нь их. Тиймдээ дундаас орхих нь ч байдаг. Танд энэ салбараас гараад өөр зүйл хийгээд амар амгалан амьдаръя гэсэн бодол төрж байв уу. Эсвэл хэсэг хугацаанд завсарласан ч юм уу?

-Мэдээж тийм бодол төрөлгүй яах вэ. Би хүүхдэд хайртай, багш болох хүсэл эрмэлзэлтэй байсан. Намайг 10 жилээ төгсөхөд ээж багш, нагац эгч эмч мэргэжлээр суралцаач гэж ятгаж байсан. Өвөөгөө эмнэлэгт хэвтэхэд нь би асарч, даралтыг нь үздэг байсан. Тиймдээ ч бас эмч болох сонирхол байлаа. Энэ гурван мэргэжилд сонирхолтой байж байгаад ганцхан СУИС-д шалгалт өгсөн. Гэр бүлийнхэн маань нөгөө хоёр сургуульдаа юу ч гэсэн шалгалт өгчих, оноогоо явуулчих гэж байсан ч би СУИС-д орно гэж зүтгэсээр орсон. Гэхдээ хажуугаар нь мөрөөдлөө биелүүлж Хүүхдийн ордонд драмын театрын дугуйланд багшилж байсан. Ингээд харахаар ямар ч мэргэжилд шантрах зүйл байдаг юм билээ. Урлагийн хүн зураг авалттай гээд нэг гэрээс гараад явбал хэзээ ирэх нь тодорхоогүй байдаг. Хүүхэдтэй болсны дараа “Урлагт золиос хэрэгтэй” гэж ах, эгч нарынхаа ярьдаг байсныг улам их ойлгосон. Тэгэхээр миний ард хүүхдийг минь баттай дааж байдаг эцэг эх, миний дөрвөн дүү намайг саадгүй ажлаа хийх бололцоог бүрдүүлдэг. Тийм болохоор нэгэнт урлагийн хүний хүүхэд болоод төрчихсөн учраас хаягдаж сурахаас өөр аргагүй гэж бодоод сэтгэл шулуудчихсан гэхэд болно.

Саяхан “Бидний араншин” кино нээлтээ хийлээ. Энэ үед хүүхэд маань аавынд байсан. Ээж маань “Танай томилолт аваад ирчихсэн хүүхэд чинь дажгүй байгаа шүү” гэж над руу залгасан. Тэгэхээр миний ар талыг бат даадаг хүмүүс байгаа болохоор надад шантрах зүйл төдийлөн байгаагүй. 

-Та жүжиглэхийн зэрэгцээ дуулдаг шүү дээ. “Maaz” хамтлагийн дуучин ,“The voice of Mongolia” шоуны оролцогч байх аа. Дуугаар уран бүтээл гаргах бодол бий юу?

-Би тийм мундаг дуулдаг эмэгтэй биш. Гэхдээ хүн ямар ч зүйл дээр өөрийгөө үнэлэх үнэлэмжтэй байх хэрэгтэй. Би өөрийгөө ямар ч дууг эвлэгхэн дуулчихдаг эмэгтэй гэж боддог. Тэр ч утгаараа “Maaz” хамтлагт дуулж, “The voice of Mongolia” шоунд оролцож үзсэн. Энэ жилээс хоёр, гурван дуу гаргаж үзье. Гаргасан дууг маань хүмүүс хэр хүлээж авах нь уу. Үнэхээр хүлээж аваад, дууг маань сонсоод байх юм бол цаашдаа дуучин мэргэжлээр ажиллаад үзье гэж бодож байгаа. Хүн зогсолтгүй хөдөлмөрлөж, өөрийгөө улам хөгжүүлж байх ёстой шүү дээ. Иймд дуу хөгжмийн ертөнцөд орох бодолтой байна.

-Олны танил болох сайхан байсан уу, олон хүн хараад байнга өөрийгөө хянаж явах нь хэцүү биш үү. Ер нь ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Урлагийн хүн болно гээд сонгочихсон хүн энийг бодож сонгодог байх гэж боддог. Нэг талаараа гоё хэр нь, нөгөө талаараа хэцүү зүйлүүд байдаг. Би ах, эгч нарыгаа бодвол олонд танигдаж эхлээгүй байгаа ч гэсэн өөрт мэдрэгддэг мэдрэмжээ өөртэй чинь хуваалцъя. Хүнд аз жаргалтай болон стресстэй байдал 50, 50 хувьтай байдаг байх. Тэрийгээ дэнслүүлэх нь зөв. Нийгэм стресстэй байгаагийн хэрээр сошиалд сэвэгдэж байгаа муу муухай зүйлд анхаарлаа хандуулдаг болчихсон байна. Миний талаар олон нийтийн сүлжээнд муухай сэтгэгдэл явахад би хүндээр хүлээж авдаггүй.

Хүнд сайн сайхан, муу муухай, жаргалтай, зовлонтой, гунигтай ямар ч зүйл тохиолдсон тэр бүгдийг дэнсэлж амьдрах хэрэгтэй. Урлагийн хүн олон түмний нүдэн дээр ил байдгийг хүмүүс сайн ойлгоосой л гэж боддог. Бидэнд тохиолдож буй сайхан, муухай асуудлууд энгийн амьдралтай нэг гэр бүлд тохиолдож л байдаг. Тийм болохоор бие биенийхээ муу муухай зүйлийг битгий шүүмжилж хараасай. Нэгнийхээ жаргалтай мөчүүдийг илүү мэдэрч, энэ энергээрээ өөрийнхөө эд эсийг сэргээгээсэй гэж боддог.

-Хувийн амьдралдаа ойрын хугацаанд өөрчлөлт хийх үү?

-Ойрын нэг, хоёр жилийн хугацаанд хувийн амьдралаа учиргүй өөрчлөх бодол алга. Нэг том буюу алхам кино хийчихлээ. Дахиад хэд хэдэн кино продюсерлох бодолтой байна. Гэхдээ ямар ч юманд ам гарч болохгүй. Магадгүй би зургаа, долоон сарын дараа хувийн амьдралдаа нэг алхам хийчихсэн ч байж мэднэ.

-Залуу уран бүтээлчийн хувьд амьдрал, уран бүтээлдээ ямар зарчим баримталдаг вэ?

-Би шударга, илэн далангүй байх дуртай. Зарчимч байхыг баримталдаг. Манай хоёр өвөө улс төрийн нийгмийн зүтгэлтэн байсан. Тэр хоёр хүний зан чанар надад байдаг. Дуртай дургүй, чадна чадахгүйгээ шуудхан л хэлчихдэг юм.

-Эмэгтэй хүн хүчирхэг байна гэдэг таны бодлоор ямар утгатай вэ. Ямар эмэгтэйг хүчирхэг эмэгтэй гэх вэ?

-Өөрийнхөө бодол санаанд бат зогсдог эмэгтэй хүчирхэг эмэгтэй гэнэ. Намайг фэйсбүүк, инстаграмаар дагадаг эмэгтэйчүүд зурвас явуулдаг. “Хүчирхэг эмэгтэй шүү. Би өөр шиг чинь ийм ээж байхыг хичээгээд би хааяа чадахгүй байна” гэдэг. Би зовлонгоо зовлон болгох дургүй. Зовлонгоо жаргал болгоод өөрийнхөө эд эсийг байнга сэргээдэг. Эргэн тойрныхоо хүмүүст гоё энерги цацруулахыг хүсдэг.

-Сүүлийн үед эмэгтэйчүүдийн эрх, эмэгтэйчүүдийн манлайлал гэж их ярьж байгаа ч эрчүүдийг орхигдуулаад байна. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?

-Юм л бол эрэгтэй хүний буруу, эмэгтэй хүний зөв байдаг болчихсон байна. Манай дүү нар ардчилсан нийгэмд амьдарч байна гэж ярьдаг. Би ч гэсэн ээж, аавтайгаа маазраад ярих үе бий. Бид тэгж ярих буруу юм шиг байна. Хэт ардчилал гээд улс төр шиг яриад эхлэхээрээ бид хүнээ алдаад байгаа юм шиг санагддаг. Тэгэхээр аль аль нь нэгнийгээ хүндлээд, хайрлавал хайрласан шиг хайрлаад, бие биетэйгээ хүний ёсоор шударга харьцвал эрх нь зөрчигдөхгүй байх.

-Жүжигчин мэргэжлээр төгссөн хүмүүсээс цөөн хэд нь л мэргэжлээрээ ажилладаг. Тиймээс жүжигчин болох гэсэн хүүхдүүдэд эцэг эх нь ирээдүйгүй, хэрэггүй гэж зөвлөх нь бий. Үнэхээр ажлын байр олддоггүй юу эсвэл хичээвэл болох л асуудал уу?

-Миний охин дүү ахлах ангийн сурагч. Жүжигчин болно гээд ЭЕШ-ынхаа хичээлүүдээ хүртэл сонгочихсон. Ээж, аав маань намайг эсгэрүүцээгүй байхад, би дүүгээ улаам цайм эсэргүүцээд байдаггүй ч, дурамчхан байдаг. Монгол Улсад урлагийн олон сургууль байдаг. Тэндээс жил бүр маш олон хүүхэд төгсөж байна. Эндээс хэд нь мэргэжлээрээ ажиллаж байгаа вэ гэдэг нь сонин. Тэгэхээр олон хүүхэд төгсөж байгаад, ажлын байр дулимаг байгаад буруу өгч болохгүй. Гэхдээ ажлын байр байгаа хэдий ч залуучууд бид цалин хангамж нь ч тийм, ийм гээд голдог. Яг өөрөө чадна гэж бодож байвал дайраад үзсэн нь  зөв. Манай аав, ээж намайг дэмжсэнтэй адилхан.

-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцахгүй юу?

-“Бидний араншин” гээд анхны киногоо продесорлолоо. Цаашдаа олон олон киног продесорлож сайн судалгаатай, чанартай кино гаргахыг хүсэж байна.

Тиймээс үзэгчдээсээ миний анхны продесорлосон киног үзээд нөхөрлөлийн үнэ цэн, гэр бүлийн үнэ цэн, аав ээжийн хайр, нийгэмд тулгамдаж буй асуудлыг энэхүү киногоор хөнгөн болоод аз жаргалтайгаар харуулсныг үзээд сэтгэгдлээ хэлээрэй. “Бидний араншин” киног үзээд улам бие биенээ хайрлах мэдрэмжийг аваад гарч ирээсэй гэж хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа. 

ВИДЕО ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ: 

Л.ХОНГОРЗУЛ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу