Төрийн соёрхолт математикч, “Оюутолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, доктор Ч.Алтаннар АНУ-ын Стэнфордын Их сургуульд ахлах судлаачаар ажиллахаар болсон байна.

Х Богдын аав тэрбээр АНУ-ын Флоридагийн Их Сургуульд математикийн шинжлэх ухааны нэг салбар болох оптимизацын чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. Түүнээс хойш АНУ, Их Британи болон Монгол Улсын боловсрол, шинжлэх ухааны байгууллагууд, тухайлбал МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхим, мөн Монголын Шинжлэх ухааны академийн Математик, тоон технологийн хүрээлэнд харъяалагдан ажиллахын хажуугаар олон улсын зарим мэргэжлийн сэтгүүлүүдэд дэд редакторын үүрэг гүйцэтгэж байсан аж.

Ч.Алтаннар дөрөвдүгээр ангиасаа эхлэн математик, физикийн олимпиадад тогтмол оролцжээ. Арван жилээ төгсөөд, МУИС-ийн Онолын математикийн ангид элсэн орсон бөгөөд ээж нь ШУТИС-ийн математикийн профессор байсан нь сонголтод нь нөлөөлжээ.

Тэрбээр нэгдүгээр курсээсээ математикийн суурь хичээлүүдийг Ц.Лхамсүрэн, Ц.Дашдорж зэрэг олон эрдэмтнээр заалган, математикт улам татагдан, цааш гүнзгийрүүлэн судлах болсон тухайгаа ярьсан байдаг.

Доктор Ч.Алтаннарын судалгааны гол чиглэл оновчлолын салбар. Оновчлолын онол гэдэг нь математикийн шинжлэх ухааны чиглэлүүд дотроос амьдралд хамгийн ойр, бусад салбарт өргөн хэрэглээтэй чиглэлүүдийн нэг юм байна. Энгийнээр хэлбэл, аливаа сонголтуудаас хамгийн оновчтойг нь сонгож олох процессыг судалдаг математикийн чиглэл ажээ. Байгаль болон нийгмийн бүх шинжлэх ухаанд, тухайлбал, санхүү бизнесийн салбарт өргөн хэрэгдэгддэг байна.

Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу