Орчин цагийн зэвсэгт хүчин үүссэний 102 жилийн ой, Монгол цэргийн өдрийг угтан ард түмний эчнээ мэдэх “Эх орны хилээс” шүлгийг Монгол Улсын Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч найрагчийн товч намтрын хамт бэлтгэлээ.

Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төрж, Нялга сумын бага сургууль, Эрдэнэ сумын долоон жилийн дунд сургууль, Холбооны техникум, 1994-1998 онд Утга Зохиолын Дээд Сургуулийг Утга зохиолын ажилтан-сэтгүүлч мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгсжээ.

Яруу найрагч П.Бадарчийн хувьд 1971-1975 онуудад хилийн 0166 дугаар ангид ажиллаж, уран бүтээлээ хийж байсан юм. Ингэхдээ Бага дэслэгч цолтой Соёлын төвийн даргаар ажиллаж, хилчдэд урлаг, уран сайхнаар үйлчлэх үүргийг гүйцэтгэж иржээ.

Түүний “Нулимст борхон болжмор”, “Эх орны хилээс”, “Есөн эрдэнийн орон”, “Халх голын өглөө”, “Миний залуу нас дайны жилийн цэрэг явлаа”, “Дайны жилийн сувилагч” зэрэг эх орон, хил, хилчдийн тухай 30 гаруй шүлэг, найраглалыг ард түмэн андахгүй мэднэ. Мөн хил, хилчдэд зориулан туурвисан 30 гаруй бүтээлд нь тус байгууллагын тэргүүн дээд “Сүлдэт багана” шагналыг гардуулсан юм.

ЭХ ОРНЫ ХИЛЭЭС

Сүлдэт баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь бий.

Сая ардын итгэл багтсан Сүхийн их талбайгаас

Тэртээ хилийн багана хүртэл энхрий нутаг минь бий.

Эх орноо хамгаалсан хилийн дархан харуул

Эр цэргийн сэтгэлд эх орон нь багтнам.

Элэг буруу дайсан ширхэг чулуунд санаархвал

Эгэл бие чигээрээ чулуунд хувилах билээ.

Торойх баганын дэргэдэх ширхэг энэ чулуунаас

Тохой хүрэхгүй зайд дархан хилийн шугам

Торгоны нандин зах шиг сэмлэж болохгүй ариунаар

Тормойх түмэн мэлмий шиг намайг ширтэн байна.

Эр цэрэг дийлдээд ухарч гэмээнэ

Эхний нэг алхамд хилээн орхих болно.

Хайчны хурц ирээр торгоны зах огтчих шиг

Харь дайсны хутган хөл хилийг минь гишгэлнэ.

Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм.

Эх орноосоо алхам алдахаа жигшдэг юм.

Сүлдэт баганын дэргэдэх энэхэн ширхэг чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон нь байдаг юм.

Хилийн ширхэг чулуунаас эргэж нааш харвал

Хээр тал, ухаа толгод хээнцэр цэцэгс

Эзэн нь хайрлан гишгэмгүй эх орны минь

Эрдэнэ адил цогцос ээлжлэн байнам.

Эртний буурал дээдсийн нутгаа тэмцсэн зөрөг,

Энэ л хилийн тулд нөгцсөн дайчны булш,

Эрдэнийн номин дуулга шиг одот цэнхэр нуур,

Эргийн нь зэгсэнд ганганалдах амраг хоёр ангир,

Эхний айл, гүүн зэл, ингэ ботгоны гунганаан,

Эмээлт морь шилгээн баясах хусан уяа,

Ээлт үүдий нь сөхвөл зол бадрах голомт,

Ээж аавын буянт жаргалын цагаан өргөө

Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?

Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ?

Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм.

Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм.

Далайн цагаан тана шиг талын цагаан хот,

Тэнгэрийн гэрэлт од шиг түүний түмэн дэнлүү,

Мөчир дүүрэн шувуутай мянган цагаан хус,

Мөнгөн саранд болзсон янаг сайхан хос,

Уяхан хонгор ээжийн хувин дүүрэн сүү,

Ухаан төгс эцгийн хуйвт сунагар уурга,

Улаан бүчтэй дүүгийн номын хөөрхөн ширээ,

Уран бэрийн хатгасан цэцэгт цэнхэр алчуур,

Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?

Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ?

Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм.

Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм.

Торгон навчаа шаагиулсан ойн гоёхон төгөл,

Тохмон чөлөөнд нь сүжрэлдсэн зүр гур хоёр,

Тоосгүй долгион нь хөөцөлдсөн усны тунгалаг урсгал,

Тохой бэлий нь эмжин бэлчиж налайсан сүрэг,

Хаврын цэнхэр талд тариачны унагасан хөлс,

Халиун шаргал сортой ургацын их үер,

Халуун зуухаар амилсан үйлдвэр заводын нүргээн,

Хат нь гүйцсэн гангаар ажилчны урласан анжис,

Хаагуур ухарч би хаяад гарах юм бэ?

Дээгүүр нь дайсан гарч дэвслэх билээ?

Эр цэрэгт тэгэхээр ухрах газар байдаггүй юм.

Эх орныхоо алхам бүрд амины хайртай байдаг юм.

Сүлдэт баганын дэргэдэх энэхэн ширхэг чулуунаас

Сүхбаатарын талбай хүртэл эх орон минь байна.

Сая ардын итгэл багтсан Сүхбаатарын талбайгаас

Саяын ширхэг чулуу хүртэл энхрий орон минь байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу