Авлигагүй орон гэж үгүй. Харин авлигатай тэмцэж чадсан, чадаагүй гэх хоёрхон л сонголтын алийг нь сонгосноос хамаарч тухайн орны хөгжил ямар байна вэ гэдэг нь харагдаж байна.

34 жилийн өмнө Монгол Улстай яг ижил түвшинд, магадгүй манайхаас ч буурай байсан орнууд өнөөдөр Азидаа, Европдоо “зүрхний судас” нь болчихсон, ядуу буурай орноос хөгжиж буй орны замаа даван туулчихсан байгаа юм.

Тэд авлигатай тэмцэх замаа сонгож чадсанаар улсаа хөгжүүлж чадсан байна. Мөн сансар судлалд хөрөнгө оруулж, шинэ пуужин турших, атомын цахилгаан станц барих, өөр гараг дээр амьдрал судлахад анхаарч байхад өнөөдөр бид жалганы наадам, сумын ой, соёолонгийн тоос, бөхийн хөлсөнд хүрэх гэж зүтгэдэг хэвээрээ л.

Өнгөрсөн 30 жилд авлига, албан тушаалын наймаа, ханцуй доторх бооцоо л цэцэглэснээс шударга ёс хагдарч унасан. Монгол Улсын хөгжлийг хойш татсан хамгийн том хорт хавдар нь энэ болчихсон байна.

БНСУ-д 1962 онд Пак Жон Хы авлигатайгаа тэмцэж эхэлсэн байдаг. Хэдийгээр цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг авсан, цэргийн дэглэм тогтоосон гэдэг ч авлигачдаа авлаж чадсан нь өнөөдрийн Солонгосын хөгжлийн суурь болсон юм.

2022 онд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар авлигатай тэмцэх тэмцлээ эхлүүлсэн. Ялангуяа эрх барьж байгаа намын хувьд төрийн өндөр албан тушаалаас эхлээд мөнгөний уут бүрд МАН-ынхан сууж байхад авлигатай тэмцэж эхэлсэн нь өөртөө дуудсан гал байв.

1962 онд Пак Жон Хы БНСУ-д цэргийн эргэлт хийж, төрийн эрхийг авах үед тус улс ядуурлаараа Азид хоёрт ордог байсан юм.

Монголынх шиг байгалийн баялаг, мөнгө аль аль нь солонгосчуудад бүү хэл БНСУ-д байгаагүй ч авлигатайгаа тэмцэж чадсаны дүнд өнөөдөр дэлхийн тэргүүлэх гүрэн болж чадсан.

Түүнийг засгийн эрхэнд гарахад байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц байсангүй. Солонгосын дайнд гурван сай иргэн нь амь үрэгдэж, зам гүүр, барилга байгууламж сүйдэж, эдийн засаг уналтад орсон байж.

Хүн ам нь өлсгөлөнд нэрвэгдэж, цалин, орлогогүй иргэд дийлэнх нь байсан юм. БНСУ уулархаг бүс нутаг тул газар тариалан эрхлэх боломж тааруу тул ХАА-н салбар хөгжих боломжгүй, өндөр мэдлэгтэй инженер, мэргэшсэн боловсон хүчингүй, хүн амын дийлэнх нь бичиг үсэггүй, мэргэжил, боловсролгүй байсан гэдэг.

Өнөөгийн бидний амьдралын дүр зураг 60 жилийн өмнөх Солонгост бүрэн утгаараа байсан гэдэгтэй санал нийлэхгүй хүн байхгүй байх.

Тиймээс Пак Жон Хы “Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гэсэн зарчмыг жхатуу чанга мөрдөж, Солонгосын авлигад автсан  хуучин хоёр ерөнхийлөгч, тэдний хүүхдүүдийг шоронд суулгаж, авлига авсан сайд, парламентын гишүүд болон хэдэн мянгаар хэмжигдэх төрийн албан хаагчдад хуулийн хариуцлага хүлээлгэсэн байдаг. Ингэж л авлигатайгаа тэмцэж чадсанаар улс нь улс шиг хөгжих боломжтой болсон юм.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар гурван жилийн нүүр үзэхдээ авлигатай тэмцэх ажлуудаа эхлүүлэв. Намын журмын нөхөд, анд найз нараасаа авлигатай тэмцэхгүй бол үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгож эхлүүлсэн байх. Өөрөө ч энэ тухай хэд хэдэн удаа онцолсон байна лээ.

Хэрэв авлига байгаагүй бол өнөөдрийн Улаанбаатар хот зөв төлөвлөлттэй, авто замын түгжрэлгүй, утаагүй, иргэд нь ажлын байртай, цалин орлоготой байх боломж байсан нь авлигачид бүгдийг нь хулгайлсан тул эмнэлэг дүүрэн өвдсөн иргэд нь эмийг хоол шиг идэж, авто зам дээрээ хонох нь холгүй түгжирч, ихашаа хатгах газаргүй ч авлигачид нь га га-гаар нь хашаалчихсан тэгш бус зарчим үйлчилж байна.

Тиймээс өнгөрөгч онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг УИХ-аар батлуулж, авлигачидтай тууштай тэмцэх суурь бүрэн тавигдаж эхлэв.

Мөн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаагүй болгосон юм. Хуулиа чангалж байж хулгайч нартайгаа тэмцэхгүй бол болохгүй гэдгийг Засгийн газар онцолж байлаа.

Авлигатай холбоотойгоор өнгөрөгч онд Хөгжлийн банкны сонсгол зохион байгуулж, өөрсдийн талд ашигтай шийдвэр гаргуулж ирсэн аж ахуйн нэгж, иргэдийг ил болгон шударга ёсны тэмцэл гарааны зурхайгаас хөдөлснийг харуулсан.

Хөгжлийн банкны хулгайд МАН, АН-ын эрх мэдэл бүхий хүмүүс холбогдсон нь баримтаар нотлогдож, даван шатны шүүх хурал нь товлогдож байна.

Ард түмнийг дүн өвлөөр төв талбайдаа жагсахад хүргэсэн нүүрсний жагсаалын араас нүүрсний сонсгол зохион байгууллаа.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт танхимынх нь “гал тогоо”-г барьж  сайдаас нь эхлээд намынх нь журмын нөхдийн нүүрсэнд гар дүрсэн нотлох баримтуудыг Б.Энхбаяр сайдаар ахлуулсан шинжээчдийн баг ил болгож шуугиан тарьсан.

Сонгуулийн өмнө намаа хөмөрсөн тогоонд оруулахыг хүсдэг намын дарга гэж байхгүй. Тиймээс ийм эрсдэлтэй алхам хийхгүй байсан ч авлигатай тэмцэх шударга ёсны тэмцлээ танхим дотроосоо хийж байна хэмээн хүмүүс алга ташив.

Өөртэйгээ мөр зэрэгцэн Сүхбаатарын талбайд шударга ёсны тэмцэл хийж байсан “Шударга тав”-ын нэг болох УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайханы бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулахаар болж, намын журмын нөхөр ЭТТ-н захирал асан Б.Ганхуягийн хамт шалгахад нь улс төрийн зүгээс хаацайлж хамгаалсангүй.

Энэ нь алга ташуулахдаа бус авлигатай тэмцэж байгаа ажлын нэг хэсэг нь болж байгааг онцлох нь зөв байх.

Намынхантайгаа нам дотроо тэмцэнэ гэдэг амар биш. Засгийн газрыг огцруулах яриа газар авч, улс төрийн тойргоос гаргах нүүдлүүд ч хийгдэж байгаа талаар нэг биш удаа яриа дэгдсэн ч ухарсангүй.

Тэр Пак Жон Хы биш, Л.Оюун-Эрдэнэ. Гэхдээ улс орон бүрийн өмнө тулгамдсан асуудал авлига болж байгаа энэ үед ингэж тэмцэхгүй бол ирэх 30 ийм л байна. 30 жилийн дараа монголчууд адууныхаа шүдийг тоолж, сумынхаа ойг тэмдэглэж, дэлхийн хөгжлөөс дэндүү холдсон байх болно.

Р.ЖАРГАЛ

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу