Онцгой байдлын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар шуурхай мэдээлэл өглөө.

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин зам тээврийн ослын улмаас дэлбэрч, шатаж байна гэсэн дуудлага 24-ний 01.07 цагт НОБГ-т цагт иржээ.

Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 35, 63 дугаар анги болон Аврах ангийн алба хаагчид дөрвөн цагийн хугацаанд үүрэг гүйцэтгэж галын тархалтыг бүрэн зогсоосон байдаг. 

Энэхүү гэнэтийн үйл явдлын улмаас галын голомтод ажиллаж байсан онцгой байдлын гурван албан хаагч харамсалтайгаар амь насаа алдсан юм. Энэ талаар болон үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян: Дуудлагын дагуу Үндэсний аврах бригад, 11 анги салбар, 200 гаруй алба хаагч 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэдийг нүүлгэн шилжүүлэх, галын тархалтыг зогсоох, хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай зохион байгуулж ажиллалаа. 

“Глобал интэрнейшнл” сургууль, “Санни таун” хотхон, “Эдү аппартмент” хотхоны 207-р байр зэрэг галын тархалтад өртсөнийг унтраах арга хэмжээ авч, нийт 3 цаг 15 минут ажиллаж унтраасан. Энэ ажиллагаанд ЦЕГ, Эрүүл мэндийн газар, УСУГ, НЗДТГ, УБТЗ-ийн цэрэгжүүлсэн хамгаалалтын алба зэрэг байгууллагууд ОБЕГ-т дэмжлэг үзүүлж ажилласан. Мөн УОК газар дээр ажиллаж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллалаа. 

Мөн 30 иргэнийг Баянзүрх дүүргийн “Купр” зочид буудалд нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлыг хангасан бол Нийгмийн хамгааллын яамнаас холбогдох арга хэмжээ авч ажиллаж байна. 

Урьдчилсан байдлаар галын голомтод ажиллаж байсан онцгой байдлын 63-р ангийн гурван алба хаагч харамсалтайгаар амь насаа алдлаа. Алба хаагчдын ар гэр төрөл, төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

Эхний байдлаар галын шалтгааныг тогтооход газ тээвэрлэж байсан том оврын машин уулзвараар эргэх үедээ давхар эргэсэн дунд оврын жийп машинтай мөргөлдсөнөөс үүссэн байж болзошгүй байдалтай байна. Хэргийн газарт үзлэг шинжилгээг холбогдох байгууллагууд үргэлжлүүлэн хийж байна” хэмээн мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас амиа алдсан алба хаагчдыг хэн байсныг олж тогтоох зэрэг ажлуудыг хийж байгаа аж. 

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу