Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо 2022 оны аравдугаар сарын 15-нд байгуулагдсан билээ. 

Эл хороо нотлох баримтуудыг шинжлэн судлах хүрээнд гурван үе шаттай сонсголыг Төрийн ордонд зохион байгуулж, өнөөдөр дуусаж байна. 

Сонсголын төгсөлд түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр үг хэллээ.

Тэрбээр “Эхний шатны сонсгол 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд болж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 77 зээлийн 3,3 их наяд төгрөгтэй холбоотой асуудлыг хэлэлцсэн байна.

Хоёр дахь сонсгол хоёрдугаар сарын 6-8-ны өдрүүдэд болж, 355 зээлийн 2.9 их наяд төгрөгийн зээлийг хэлэлцсэн.

Гурав дахь шатны сонсгол гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд болж, 2,542 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлтэй холбоотой асуудлыг хэлэлцлээ. Мөн сүүлийн 10 жилийн хугацаанд хийгдсэн мөнгөн удирдлагын асуудлыг 3,600 гаруй гэрээнд дүн шинжилгээ хийх замаар хэлэлцэн танилцууллаа. 

Сонсголын эхний шатанд 166, хоёр дахь шатанд 67, гурав дахь шатанд 123 гээд нийт 356 хүн хүрэлцэн ирж, гэрчээр оролцсон байна. 

Нээлттэй сонсголын хүрээнд 672 хүнийг гэрчээр дуудсан ч 356 буюу 53 хувь нь иржээ.

Сонсгол ийнхүү өндөрлөж байгаатай холбоотойгоор УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд заасанчлан дөрөвдүгээр сарын 15-ны дотор түр хороо санал дүгнэлтээ боловсруулж, УИХ-д танилцуулна. Ингэж танилцуулснаар татан буугдах юм. 

Гуравдугаар сараас есдүгээр сар хүртэл тасралтгүй ажилласан хяналт шалгалтын ажлын үр дүнг бид сонссон. Түр хорооны анхны дарга  гишүүд, шинжээч, хяналт шалгалт, дата анализ хийсэн бүх хүнд, Хөгжлийн Банкны одоогийн удирдлагуудад талархал илэрхийлье.

Төсөв хөрөнгийн хувьд тасралтгүй хангаж, манлайлал үзүүлсэн УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газар, Түр хорооны ажлын албаныханд баярлалаа.

Хөгжлийн банканд юу болж өнгөрснийг гурван саяулаа гурван сарын турш улс төржүүлэхгүй, цензур, шахалтгүйгээр үзлээ. Тийм учраас иргэдийн саналыг гуравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд УИХ-ын d-Parliament платформоор дамжуулан авна. Яг энэ мөчөөс эхлээд санал авах цонх нээгдэнэ. Иргэдээс ирсэн саналыг УИХ-д оруулах дүгнэлтэд тусгах болно.

Ингээд “Сайн төрийн дээр хууль ноёлж байг” хэмээх Б.Чимид багшийнхаа үгээр сонсголоо өндөрлүүлье, баярлалаа” гэлээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу