Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн өмнөх автозамын уулзвар дээр 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө болсон осол, түүнээс үүдэлтэйгээр бий болсон дэлбэрэлт, гал түймэрт эрдэнэт хүмүүсийн амь нас эрсдэн, олон иргэн эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон харамсалтай үйл явдал болсон.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон нийслэлийн нутгийн захиргааны нийт байгууллагын нэрийн өмнөөс албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан алба хаагчид, тэдгээрийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлэв.

Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох хойшлуулшгүй арга хэмжээ авах ажлыг Нийслэлийн онцгой комисс, нийслэлийн нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласаар байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан 2024.01.25-ны өдөр хуралдахаар товлосон Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулах захирамж гаргажээ.

Тус хурлаар Улаанбаатар хотын хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах есөн журмыг батлах эсэхийг шийдэх байв. Тодруулбал, есөн журамд авто машины улсын дугаарын хязгаарлалт, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ, авто зогсоолын төлбөр, тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ зэрэг асуудал багтсан билээ.

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу