Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл өчигдөр (2024.01.23) хуралдаж, мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд (ломбард)-ээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 4.5 хувиар тогтоожээ. Эл шийдвэр 2024 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх юм байна.

Тус хорооноос мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд гэдэг нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх буюу зөвхөн ломбард болохыг тодотгов.

Судалгааны ажил, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загварын төсөл, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг хэлэлцэж, дээрх шийдвэр гаргажээ.

УИХ-аас 2022 онд баталсан Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогыг тодорхойлох, зохицуулах, холбогдох төрийн байгууллагын үйл ажиллагааг уялдуулах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд орон тооны бус Мөнгөн зээлийн үйл ажиллагааны бодлогын зөвлөл байгуулсан билээ.

Тус зөвлөл мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдээс олгох зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох, зээлийн, барьцааны, батлан даалтын гэрээний ерөнхий загвар, зээлийн хүүгийн хэмжээг бодох, тооцох аргачлалыг батлах үүргийг хүлээжээ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу