Атомын энерги судлаачдын олон улсын байгууллагаас жил бүр тохируулдаг “Мөхлийн өдөр” (Doomsday Clock 2024)-ийн цагийг 2024 онд түүхэн дэх хамгийн богино хугацаа буюу шөнө дундаас 90 секундын өмнө тохируулсан байна. Ийнхүү тохируулахад дэлхий дахинд идэвхтэй өрнөж буй дайн мөргөлдөөнүүд, уур амьсгалын өөрчлөлт, мөн хиймэл оюуны хурдацтай хөгжил голлох шалтгаанууд нөлөөлжээ.

“Мөхлийн өдөр”-ийн цагийг 1947 оноос тохируулж эхэлсэн байна. Дэлхийн 2-р дайн өндөрлөсөн ч улс орнууд анх удаа цөмийн зэвсэг гэдэг зүйлтэй танилцаж, дэлхий дахины түгшүүр арилаагүй үлдсэнээр барахгүй Коммунист, Капиталист ертөнцүүдийн таарамжгүй байдал улам бүр нэмэгдэж байсантай холбоотойгоор мөхлийн өдөр шөнө дундаас 7 минутын өмнө гэж тооцоолж байсан аж.

Энэ хугацаа түүхэнд анх удаа хамгийн богино буюу 90 секунд болж, шөнө дундад нэн ойртож ирсэн үе нь 2023 он юм байна. Мөхлийн тооцооллын хугацаа ийн ойртсон шалтгаан нь Орос-Украины дайн, цөмийн зэвсгийн аюул, мөн уур амьсгалын өөрчлөлт байжээ. Энэ хугацаа улам ойртох тусам дэлхий ертөнцөд цөмийн дайн болж, хүн төрөлхтөн мөхөл рүүгээ ойртох эрсдэл улам ойртдог гэж тодорхойлдог.

Атомын энерги судлаачдын олон улсын байгууллагын тэргүүн Рэйчел Бронсон “BBC” агентлагт өгсөн ярилцлагадаа “Дэлхийн томоохон гүрнүүд байнга хэрэглэх юм шиг цөмийн зэвсгээр хөөцөлдөж, хөгжүүлсээр байна. Одоо цөмийн зэвсгийн аюул нүүрлэх маш эрсдэлтэй цаг үе. Үүнийг дэлхийн удирдагчид бодолцож үзэлгүй, хариуцлагагүй хандаж байна” гэж шүүмжилжээ.

Дашрамд удрдахад, өнгөрсөн 2023 онд ОХУ цөмийн энергиэр ажилладаг 120 мянга орчим зэвсэгт хэрэгсэл, АНУ 100 мянга, БНХАУ 8000 гаруй, Франц улс 6000 орчим, Их Британи 4500 орчим, Пакистан, Энэтхэг зэрэг улс тус тус 3000 орчим, Израил улс 2000, Умард Солонгос 600 орчим цөмийн энергиэр ажилладаг зэвсэгт тоног төхөөрөмж бүтээсэн байна.

Эх сурвалж: MIRROR, CNN, BBC
Д.ТУЯА

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу