Монголд цахим орчин гэх өөр нэгэн “нийгэм” хэдийн бий болоод, түүндээ төөрч дууслаа. Хэдхэн сарын өмнө амиа алдсан онцгой байдлын алба хаагчийг “ард түмний баатар” хэмээн өргөмжилж, эмгэнэж байсан ч долоо хоногийн дараа таг чиг болсон. Тэгээд ар араас нь ундарч буй булаг шиг их асуудал, үйл явдал, үзэн ядалтыг гаргаж ирээд, сэвж өгсөн дөө.

Түүнийх нь салхи юуг ч, хаашаа ч эргүүлэх хүчтэй ажээ. Энэ бүхний арга эвийг олж, өөртөө ашигтайгаар эргүүлж байгаа ч хэсэг хүн тэр дунд бий. Олны танил гэгдэх “лайвчид” нь орилохдоо орилж, уйлахдаа уйлсаар нийгмийг утастай нь уяж орхидог. 

Бид цахим орчныг зөв хэрэглэж хэзээнээсээ л сураагүй байна. Яах вэ, өмөөрч хэлэхэд зарим ил тод мэдээллийг хүргэж, ядарсан нэгэндээ хандив босгож, өгөх ажлууд үр дүнтэй. Гэвч бодит байдалд хэзээ ч очиж нийлдэггүй хандлагаараа хэн нэгнийг “амьдаар нь дүүжилж” л сурсан байна.

Эргэн санахад бага насны хүүхдийн хүчирхийллийн хэрэг гарч, харамсалтайгаар амиа алдсан хэрэг тэнгэрт тулж, монголчуудыг уй гашуу, айдаст автуулсан. Гэтэл тэр үед яригдаж байсан өнөөх хяналтын камер, хүүхэд хамгааллын асуудлууд өнөөдөр усанд хаясан чулуу шиг л байна. Энэ талаар хуулийн төсөл өргөн барьсан ч хөрсөн дээр бууж, гарт баригдсан ажлыг хэн ч олж хараагүй.

Мөнөөх ногоон автобусны хэрэг, Ч.Өнөрцэцэгийн асуудал, түгжрэл, автобусны чиглэл гэх мэтээр орилох нь орилж, хошигнох нь хошигнож байтал дахиад л уй гашуу биднийг нөмөрлөө.

Өчигдөр өглөө хэн бүхэн чимээгүй, гэмшсэн, айсан нүдтэйгээр өглөөг угтав. Энэ удаад ч мөн адил бичээд л, хараад л өнгөрөх үү?

Яагаад онцгой байдлын дөрвөн алба хаагч дундаа нэг зориулалтын хувцастай байна вэ? Үүнийг шийдэхэд дуу хоолой л хэрэгтэй шүү дээ. Өмнөх ослууд, амиа алдсан гунигт хэргүүдэд тэр их уур бухимдал, харууслаа илэрхийлэхгүй байсан юм бэ, монголчууд аа. Хувцас хангалт 35-40 хувьтай гэдэг чинь хэн нэгэн хувцас зардаг хүүхний “лайв”-аас илүү чухал асуудал.

Бид хэдэн мянгуулаа нэг асуудлыг тэнгэрт тултал сэвчхээд, өөр газар чимээ гарахаар нөгөөхөө тоохгүй хаячихдаг муухай зантай улс юм. Үүнийхээ горыг хэзээ, хэдэн хүний амь зольж байж мэдрэх гээ вэ? Хангалттай олон амь тэнгэрт хальж, бидний унхиагүй байдлыг мэдрүүллээ. Одоо зогсоцгооё, ухаарцгаая. Бидэнд бодит нийгэм, түүнийгээ дагасан хэрэгцээ шаардлага бий. Бусдаар утасны цаадах үг өгүүлбэрт юу ч байхгүй.

Энэ сарын 29-ний өдөр ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхэлнэ. Гэтэл өчигдөр болсон ослын дараагаар л ухаан орж, “Даваа гарагт хичээл орлоо, энийгээ нураа” гээд дуугарч эхлэв. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчээр хэн нэгний амийг зольж байж л ойлгох, цочрох ард түмэн гэж үү. Өмнө нь уг асуудлыг хөндөж байсан ч дүрэм ёсоор хэдхэн хоноод мартацгааж байсан юм.

Үе үеийн хотын хариуцлагагүй дарга, удирдлагын зам талбайн төлөвлөлт, аюулгүй байдал, хангамж, эрсдэлийн тооцоо зэрэг нь тэнэг хүн харахад ч хангалтгүй.

50-100 метр байтугай 10 алхмын зайтай орон сууц шатахуун түгээх газар зэрэгцэн оршдог. Энх цагт цэрэгт явсан хөвгүүд нь гаднын нөлөөгүй амиа алддаг. Цас ороход зам талбай тэр чигтээ мөс болж, өдөржин осол аваар гардаг. Иргэд нь төв талбай дээрээ автобус хүлээж, хаашаа ямар автобусанд суухаа мэдэхгүй цаг гаруй хүлээдэг.

Тэр бүгдэд бид сэтгэгдэл хэсэгт “Данхан толгойтой, эргүү мал”, “Харамсалтай юм аа, айж байна” гэж бичихээс хэтрэхгүй. Дарга нарын хэвлэлийн хурлыг харж, хараал зүхлээ барсаар дараагийн асуудлыг өлгийдөж авах уу, эсвэл асуудлыг шийдэх хүртэл нь шаардан шахаж, дарга нарыг “юм” хийлгэх үү. Юм гэдгээр гарт баригдаж, нүдэнд харагдаад зогсохгүй амьдрах орчныг мэдэгдэхүйц өөрчлөхийг төлөөлүүллээ.

Амьдарч буй нийгмээсээ тасарчихсан өөр орчин бий болгож, түүндээ хэрэлдэж, уралдан амьдарсаар олон оныг элээсэн байна. Бид сэтгэл түгшилт, айдас, гомдол цөхрөлөөр дүүрэн ирээдүйг бий болгочхоод, орхиод явахад гайхах юмгүй болох шив.

А.БАЯР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу