Чингэлтэй дүүргийн МАН-ын хороо өнөөдөр хуралдан дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг намын хорооны даргаараа сонгосон байна. УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан тус дүүргийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байгаад нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон тул намын хорооны даргын ажлаа УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарт шилжүүлээд байсан.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа “ногоон автобус”-ны гэх хэрэгт нэр холбогдон шалгагдаж байгаа юм. Тиймээс ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийн өмнө дүүргийн намын хороог ахалж орох хүнийг сонгох зайлшгүй шаардлага тулгараад байсан. Тэгвэл МАН-ын удирдлагуудын зүгээс Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэлийг дүүргийн намын хорооны даргаар сонгох улс төрийн чиглэл өгчээ.

Тэрээр өнөөдрөөс Чингэлтэй дүүргийн Засаг дарга, дүүргийн намын хорооны даргын албыг давхар хашиж эхлээд байгаа юм.

Э.ЭНХ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу